МАН-ын дүрэмгүй тоглолт ба Ерөнхийлөгчийн амбиц

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

МАН-ын дүрэмгүй тоглолт ба Ерөнхийлөгчийн амбиц

МАН-ын дүрэмгүй тоглолт ба Ерөнхийлөгчийн амбиц

УОК өчигдөр /2020.11.16/-нд хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасныг хэвлэлийнхэнд мэдээлэхдээ УИХ-ын гишүүд нь УОК-ын өмнөөс эх сурвалж болж буруу мэдээлэл тараахгүй байхыг анхааруулав.  УОК-оос анхааруулга авсан УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Шадар сайд Я.Содбаатартай ярилцаж, санал солилцсон мэдээллээ иргэд хүргэсэн гэдгээ нүүр номдоо бичжээ. Цар тахлын үед баталгаагүй элдэв мэдээлэл тарааж, иргэдийг төөрөлдүүлэх, айдаст автуулахгүй байхыг УОК мэдээлэл хийх болгондоо хэвлэлийнхэн болоод ард иргэдэд байнга сануулж, хэрэвзээ худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээлгэхээ зарлах болсон. Харин УОК-ын дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хоёрын хэн нь худал мэдээлэл тараасан нь тодорхойгүй ч, жирийн иргэн  байсан бол тэднийг хууль, хяналтынхан Зөрчлийн хуулийн дагуу 500 мянган төгрөгөөр торгочихсон байгаа биз. Гээд, Монголд бүх хүн тэгш эрхтэй, дарга бүр илүү эрхтэй хойно.

 Тэгээд ч “лайк” цуглуулах зорилгогүй бол албан ёсны байгууллагаас өмнө мэдээллийг “шуурхай” хүргэх нь олон нийтэд ашиггүй. Тэр тусмаа, хэвлэл мэдээллийн ажилтан биш бол шүү дээ.

УОК-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хоёр хоногийн өмнө түргэн, шуурхай мэдээлэл нүүр номоороо түгээхдээ ташаа мэдээ тарааж, жолооч Д-гийн нэр хүндэд ноцтой халдсан. Сайд бичсэн постоо нүүр номоороо устгасан ч, нийгэм тэр чигтээ Д-г буруутгасан үйлдэлд мөн л хариуцлага хүлээлгүй өнгөрсөн юм.  Гэвч, Монголд даргад нэр хүнд гэж байдаг, иргэнд эсрэгээрээ нэр хүнд гэж байхгүй.

Хөл хорионд орсон Улаанбаатарт хувийн машинаар хөдөлгөөнд оролцохгүй гэсэн шийдвэрийг нийслэлийн Онцгой байдлын дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гаргасныг УОК-ын дарга Я.Содбаатар  огт мэдээгүй яваагаа мөн л хэвлэлийн бага хурлын үеэр  баталсан.

 Энэ бүхэн МАН-д, У.Хүрэлсүхийн засагт, УОК-т нэгдсэн зохион байгуулалт, багийн дүрэм гэж байхгүй болохыг харуулав.

Өнөөдөр МАН-ынхан ганцаарчилсан тоглолт хийдэг, тодордог, амбиц хөөдөг,  ашиг сонирхолдоо хөтлөгддөг цаг биш. Цар тахлын үед  бүү хэл жирийн цагт “дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олоход бэрх”.

Хэрэвзээ МАН-ынхан ганцаарчилсан тоглолт, багийн дүрэмгүй байвал эрсдэл нь илүү хортой бөгөөд аюултай байх болно.  Цар тахлыг тогтоон  дийлэхгүйгээс гадна, цаашдаа улс орны үндэсний аюулгүй байдалд ч аюул авчирч болзошгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ын үнэмлэхүй олонхид юу, юунаас илүү эв нэгдэл  чухал байна.

Учир нь, цар тахлаар далимдуулж онц байдал тогтоох Ерөнхийлөгчийн албин хүсэл одоо ч амь бөхтэй байгаа нь ҮАБЗ-ийн дарга онц байдал тогтоох санал гаргасан тухай телевизийн мэдээнээс уншигдаж байна.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусахад жил хүрэхгүй хугацаа үлдсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд туйлын хүсэл нь  цар тахлаар далимдуулж бүх эрх мэдлийг өөртөө авах ч байж мэднэ.  Тэрбээр  өнгөрсөн дөрөвдүгээр сард  гаргасан covid-19-тэй тэмцэх зургаан зүйл бүхий уриалгадаа,

-Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

-Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ  болохыг дурдаж байв.

 Ерөнхийлөгчийн онц байдал зарлах саналыг яагаад хүлээж авч болохгүй талаар хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Монгол Улс энэ цар тахлыг дотроо алдсан ч гэсэн Ковид-19-ийн эсрэг болон бусад хуулиараа тэмцлээ үргэлжлүүлэх хэрэгтэй, харин онц байдал зарлаж болохгүй. Учир нь, онц байдлын хуулиар covid-19-ийн эсрэг тусгайлсан арга хэмжээг хуульчлаагүй, хүний эрхийг эрүүл мэндтэй баланслах зохицуулалт байхгүй, цаашлаад ардчиллаас ухрах алхам болчих эрсдэлтэй. Ковидтой тэмцэж байна гэж онц байдал зарлах замаар хянах боломжгүйгээр эрх мэдлийг хэт төвлөрүүлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүйгээс хэтрүүлэн хүний эрхийг ихээр хязгаарлаж, зөрчиж ардчиллаас ухрах далим болгосон жишээнүүд бусад улсуудад бий” гэж тайлбарлажээ.

Товчхондоо, цар тахлаас болж онц байдал тогтоон, нэг хүнд төрийн эрх мэдлийг төвлөрүүлбэл, Монголын ардчилал, хүний эрх, эрх чөлөө дуусгавар болно. Хууль, шүүхийн эрх мэдлийг өдгөө өөр дээрээ төвлөрүүлж,  өөрөөсөө өөр үзэл бодолтнуудыг хэрэг тохоод шорон явуулж буй ҮАБЗ-ийн даргын хүслийг гүйцээвэл Монгол Улсад дарангуйлагчийн гарт шилжинэ. Монголчуудад хүний эрх гэж байхгүй болно.

Тиймээс цар тахлын энэ үед МАН-ынхан багийн дүрэмгүй тоглох нь Ерөнхийлөгчийн  тавьсан хавханд өөрсдөө гүйгээд орсонтой ялгаагүй юм. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж үг бий. Яг өнөөдрийн хувьд МАН-ын эв нэгдлээс Монголын ардчилал хамаарах болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж