Засгийн газар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг арванхоёрдугаар сарын 1-н болгож, сунгасан. Тиймээс арилжааны банкууд дээрх хугацаанд хүртэл ажиллахгүй бөгөөд иргэдийг банкны үйлчилгээг гэрээсээ онлайнаар авахыг уриалж буй.
Хэдийгээр банк хоорондын төлбөр тооцоо хэвийн явагдаж байгаа ч цахим банк, цахим карт ашигладаггүй иргэдийн хувьд байрны мөнгө буюу ус, дулаан, интернэтийн хэрэглээний төлбөрөө хэрхэн төлөх вэ, компаниуд ажилчдынхаа цалин зэргийг шилжүүлэхэд тодорхойгүй байдал үүсээд байгаа юм.
Энэ талаар Монголбанкнаас лавлахад “Өнгөрсөн долоо хоногт Улсын Онцгой комисст арилжааны банкуудын зарим салбарууд халдвар хамгааллын дэглэм дор, цөөн хүн хүлээж авч, иргэдэд үйлчлэх шаардлагатай байна гэх хүсэлтийг хүргүүлсэн. Одоохондоо ямар нэгэн чиглэл ирээгүй байна. Гэхдээ иргэд байрны мөнгөө төлөх, байгууллагууд ажилчдынхаа цалинг тавихдаа банк орох шаардлагагүй. Энэ бүх асуудлыг цахимаар шийдэх боломжтой. Харин их дүнтэй гүйлгээ хийх тохиолдолд бүх банкуудын төв оффис ажиллаж байгаа ” гэлээ. Өөрөөр хэлбэл, цахимаар төлбөр тооцоо хийдэггүй иргэдийн хувьд цаг хугацаандаа багтаан байрны төлбөрөө төлж чадахгүйгээс болж, цахилгаан, интернэтээ таслуулах нөхцөл байдал үүсээд байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ