“Нимгэн зөөлөн зүрхт”

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

“Нимгэн зөөлөн зүрхт”

No description available.

Арын эгнээний баруун гар талаас нэг дэх нь Д.Нацагдорж. Швед инженер Вальтер Крейсти-н дарсан зураг. Дашдоржийн Нацагдорж. Зохиолын цоморлиг номоос.

“Д.Нацагдорж ямар хүн байсныг дурсамж дуртгалаас олохгүй ээ. Харин зохиолыг нь уншаад байхаар тодроод ирнэ” гэж Их Нацагтай холбогдох хэд хэдэн баримтат кино бүтээсэн найруулагч Б.Бадрал хэлж билээ. Энэ жил найрагчийн ойг номыг нь эргүүлж, баримт сэлт шүүрдэн, төрсөн мэдрэмжээ өөртэйгээ ярьж, нам гүмхэн тэмдэглэх нь. Их Нацаг өөрөө ч нам гүмийг илүүтэй таашаах байсан байх. Таашаахаараа яах бол. Юуны өмнө өөрийнх нь зургаар чимэглэсэн бүрэн түүврүүд хэвлэгдсэнийг үзээд гайхаж, бас тэрүүхэндээ баярлах байсан. Ном руугаа эрүүгээ ялимгүй өргөн жишүүлдэсхийн харсанаа ичингүйрэн мушийгаад, үл мэдэг бөхийн талархлаа илэрхийлэх болов уу. Тэгээд төвөг удахгүй гэх маягтай хөнгөн гишгэлэн алхаж одно.

Зуун жилийн өмнө тэр 14 настай, Цэргийн яамнаа бичээчийн ажилтай, засаг төрийн ажилд гар бие оролцоод эхэлчихсэн явж. Хойтон жил нь шинэ засаг тогтоход Цэргийн яаманд түшмэлээражиллаж байгаад 1922 оноос суга дэвших зам нь шулууджээ. Д.Сүхбаатарын гарын түшмэл Д.Нацагдорж, С.Данзангийн баруун гар Ж.Баваасан хоёрыг ижил албан тушаалуудад сөөлжүүлэн томилж байсан нь шинэхэн засаг боловсон хүчний бодлогодоо анхаарч, бэлдэж байсных болов уу. Тэр жилүүдэд Д.Нацагдорж хариуцлагатай албан тушаалуудад “сайнаар зүтгэсний учир”, “чадахын учир” шатлан өгссөөр байж.

Харин 1925 онд тэрээр ажил албанаасаа чөлөө хүсэн, алс газар сурах замыг сонгожээ. Ингээд гучин нас хүртэлх сүүлийн арван жилээ бүтээх туурвихын зэрэгцээ гадаад улсад суралцахаар явах, дахин суралцахаар хөөцөлдөхөд зориулсан. Орос, Германд суралцсанаас гадна Япон улс руу явахын нь даваан дээр болиулж байж. Сурч мэдсэнээ ард олноо соён гэгээрүүлэхэд зориулах нь түүний богинохон хэрнээ дүүрэн амьдралын утга учир байв. Нацагдоржийн Герман улсад суралцаж байхдаа эрхлэн гаргаж байсан “Сурагчийн сэтгүүл”-д холбогдох баримтууд үүний нэгээхэн гэрч юм.

Герман ба Франц улсад суралцагч монгол сурагчдыг хариуцан ажиллаж байсан Ц.Ишдоржийн Ардын Гэгээрүүлэх яаманд ирүүлж зөвшөөрөл хүссэн албан захидал Үндэсний архивт бий. “Эдүгээ сурагч Нацагдоржоос бидний эндэх сурагчид нар өөрийн үндсэн эрх чөлөөний ба эрдэм боловсролын тухай урагш дэвших зүйлүүдийг монгол хэл дээрээ бичиж сар бүр хэвлэн сурагчдын сэтгүүл болгон гаргаж Монгол Улс ба жич бусад гадаад газарт бүхий монгол сурагчдад тараан явуулж байх болбаасуу бидний боловсролын явдал дор тус нэмэр болох болов уу хэмээх тул зохих газарт уламжлан зөвшөөрлийг авч өгмүү хэмээн тус сэтгүүлийн зорилго болгосон зүйлийг тусгай сэнхрүүлэн хүргэн ирсэн” хэмээн уг захидалд тэмдэглээд Д.Нацагдоржийн бичиж танилцуулсан “Сурагчийн сэтгүүл”-ийн зорилго, агуулга, бүтцийг тодорхойлсон төлөвлөгөөг хавсаргасан байдаг.

No description available.

No description available.

Сурагч сэтгүүлийн зорилго. Түүхэн баримтын архивын сан хөмрөг

Д.Нацагдорж “Сурагчийн сэтгүүл”-ийн нийтлэлийн бодлогыг “нэгдүгээрт, Монголын эрт эдүгээгийн байдал ба үндсэн эрх чөлөөг бадруулалтын тухай Монголын урагш давшин хөгжихийн явдал ба Монголын эрдэм боловсрол зэрэг дор тустай олон зүйлийн саналуудыг бичицгээх, хоёрдугаарт, гадаад олон улсын байдлаас ба тэдний улсад дор болж буй элдэв мэдээнүүд ялангуяа Герман улсын байдлаас мөн тэдний улсын боловсролын байдлаас манай Монгол дор хэрэгтэй тустай зүйлүүд юун буй зэргийг бичицгээх, гуравдугаарт, шинэ боловсрол шинжлэх ухааны ба элдэв машин цахилгаан мэтийн багаж хэрэгслийн аргууд хэрхэн нээгдсэн ба шинэ нээгдэж буй бас бус элдэв үзсэн харсан гайхамшигтай сонин зүйлүүдийг бичицгээх, дөрөвдүгээрт, яруу найруулга ба орчуулга, үлгэр зохиол буюу шүлэглэл дуун, өгүүлэл оньсого бас бус хөгжим аялгын зүйлүүдийг бичицгээх.  Тавдугаарт, биеийн тамирыг хэрхэн сайжруулах буй ба гимнастик бөмбөг өшиглөх ба цохих, цас ба мөсөн дор гулгах зэрэг зүйлүүд ба усчлах зэрэг хэрхэн үйлдэж буй ба санал мөн спортын зүйл хэрхэн дэлгэрч буй ба юу гарч буй зэргийг Германы сониноос авч бичицгээх. Ер нь Германы сонин дотор үзсэн онц сонин бага сага зүйлийг орчуулан бичицгээх” хэмээн тодорхойлж байв.

“Сурагчийн сэтгүүл”-ийн анхны дугаар 1928 оны есдүгээр сард Берлин хотноо хэвлэгджээ. Энэ дугаарт Д.Нацагдорж “Манай сэтгүүлийн зорилго” хэмээх тэргүүн үгүүллийг бичсэн. Мөн Элдэв-Очир гэдэг нууц нэрээр “Манай үе ба манай үүрэг”, “Цаг цаг цаг” хэмээх хоёр үгүүлэл бичиж нийтлүүлжээ. “Манай үе ба манай үүрэг” үгүүлэлд, 1921 оны хувьсгалаар Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо олон, улс орныхоо эзэн нь болж, эрдэм боловсролыг эзэмшиж буй нь чухамдаа “урьд тохиолдоогүй ба дахин тохиолдохгүй” хөгжлийн түүхэн шинэ үе хэмээн бахархан тэмдэглэжээ. Харин “Цаг, цаг, цаг” үгүүлэлд, “Европын аль чухал сайныг олж сураад, харъяат улс төр, ард түмэндээ тус хүргэсүгэй” гэх халуун эрмэлзэл дор “цаг бол алт” хэмээгээд, дагаж мөрдөх чухал чанарын тухай ухуулан бичжээ.

Удалгүй Германаас татагдан ирснээр сэтгүүлийн ажил зогссон. Ирсэн хойноо Герман руу буцан очиж сургуулиа төгсөх, болохгүй болохоор нь Орос улсад явж эмчлүүлэх зорилгоор өргөдөл бичиг уйгагүй үйлдэн, хөөцөлдөж байсныг архивын баримтуудаас харж болно.

Д.Нацагдорж шоронд орж, архи ууж, авгайгаасаа салж, мөнгө төгрөгөөр гачигдаж, охиноосоо хагацаж, бичсэн жүжгийнхээ нээлтэд ч орж чадахгүй гадуурхагдаж байв. Тиймээс уруу дорой, хүнд бэрх амьдарсан гэж олон судлаач халагласан нь бий. Гэвч зохиол бүтээлийнх нь өнгө, агуулгаас ургуулан бодож үзвэл тиймгүй. Харин ч өөдрөг, шинэ амьдралын хэв маягаар замнах болсонд бахархсан өнгө аяс давамгайлна. Тэрхүү цоо шинэ цаг үеийн түүчээ гэдгээ сэхээрэн, хичээн зүтгэж явахдааолон бэрх учрыг анзаарах ч завдалгүй өнгөрүүлсэн биз. Их Нацагийн шимтэн суралцаж, гайхан баясч, бүтээж, найрлаж, зураг дарж, шийнд тоглож, хөдөө явж, гангалж, дурлаж, дурлуулж, магтуулж, шагнуулж явсан нь зовсоноосоо хавьгүй урт. Баригдаж тавигдсан тэр л жилүүдэд гуниг уйтгараас илүү цог жавхаа, итгэл найдвар шингэсэн бүтээлүүдээ туурвисан юм.

…Хаврын сайхан нарнаас

Харанхуй гянданд орвой

Намрын сайхан салхин дор

Намайгаа гаргах болов уу (1932 он)

“Нацагдоржийн бичсэн мөр шад бүхнээс хүмүүнлэг чанар мэдрэгддэг. Өөрийнх нь хэлсэнээр “нимгэн зөөлөн зүрхтэйн” дээр наад цаадахыг ойлгодог, бусадтай эвтэй, хүмүүнлэг нэгэн байсан. Тэр амьдралыг өөрийнхөөрөө туулсан хүн гэж боддог” хэмээн Д.Нацагдорж судлаач Г.Дашням ярьсан.

Амар амгалан, баяр баясгаланг зүй зохистой эдлэхийг аз жаргал хэмээн үздэг монгол хүнийхээ хувьд “сайн, муу нийлж сав дүүрдэг” жам ёсыг даган, “Сайн гэж эрүүлийг хэлнэ Саруул гэж нартайг хэлнэ” гэх уужуу сэтгэлээр амьдралыг туулсан санагддаг. Эрхэмлэл нь тодорхой учир ардынхаа дунд бөөгийн дуудлага чагнангаа “Миний нутаг”-аа сэтгэж, царайлаг Хүрээ хүүхэн  нууцхан шүүрс алдахад Юндэн гөөгөөтэй нь хамт Үйлийн гуравт урвуулж суухдаа жаргаж явсан нь эргэлзээгүй. Яруу найраг бол түүнийхээр монгол ахуй амьдралын дунд өрнөх эгшиглэнт хөг билээ.

Д.Нацагдорж 114 жилийн тэртээ мэндлэн, гучхан насандаа 83 жилийн өмнө хорвоог орхисон ч өнөө хэр бид түүний хэлээр ярьж ирлээ. Номыг нь дэлгэн эргүүлэх бүртээ үүнийг ухаарнам. Б.Галсансүхийн постмодернизм хүртэл Нацагдоржийн сэтгэлгээ Монголын яруу найргийг тодорхойлж иржээ. Д.Нацагдорж бол монгол хүний зүрх сэтгэл. Хүн бүрийн дотор өөр өөрөөр оршдог түүний тухай санаан зоргоор бурна гэдэг хөөрүү, хөнгөн хүнээс л төрөх зориг биз ээ.

С.ЭНХЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж