"Korean Air", "Asiana Airlines" нэгдэж мега компани болно

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

"Korean Air", "Asiana Airlines" нэгдэж мега компани болно

"Korean Air", "Asiana Airlines" нэгдэж мега компани болно

Өмнөд Солонгосын хамгийн том агаарын тээврийн компани болох “Korean Air” нь өрсөлдөгч “Asiana Airlines”-ыг худалдаж авах болсноо Даваа гаригт /2020.11.16/ зарлажээ. Тус компани нь “Asiana Airlines”-ыг 1.8 их наяд вон буюу 1.6 тэрбум ам.доллараар худалдан авахаар болсон ба энэхүү хоёр компани нэгдсэнээр “Korean Air” дэлхийн 10 дахь том агаарын тээвэрлэгч компани болох юм. Одоогийн байдлаар “Korean Air” нь дэлхийд салбартаа 18-д жагсдаг бөгөөд нислэгийн чиглэл, техникийн парк, хүчин чадлаа өргөтгөснөөр "дэлхийн мега авиа компаниудтай өрсөлдөх чадварыг" олгох болно гэж үзэж байна.

Талууд 2021 оны хоёрдугаар хагас гэхэд бүх гэрээ хэлэлцээрийг эцэслэхээр тохиролцож байгаа бөгөөд “Korean Air” компани 2.5 их наяд воныг хувьцаа эзэмшигчдээсээ босгохоор болжээ. Үүнээс 1.8 их наядыг нь “Asiana Airlines”-ийн 63.9 хувийг худалдаж авахад зарцуулах бол үлдсэн мөнгийг тус компанийн хугацаагүй бондод зарцуулах аж.

Өмнөд Солонгосын Дэд бүтэц, зам тээврийн яамны Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн газар энэхүү наймааг “Цар тахлын үед хоёр авиа компанийн алдагдлыг хамгийн бага байлгах үүднээс, гарцаагүй байдалд гаргасан шийдвэр” хэмээн тайлбарлажээ.

“Korean Air” компанийн ТУЗ энэ хэлцэл нь “Covid-19 тахлын дараа улс орны нисэхийн салбарыг тогтворжуулж, бүтцийг өөрчлөн сайжруулж, үйл ажиллагааг оновчтой болгож, алдагдлыг бууруулахад тусална. Үйлчлүүлэгчдийн хувьд илүү өргөн сонголттой цагийн хуваарь, маршрутыг бид санал богохоос гадна дамжин нислэгүүдийг ч өргөтгөнө. Түүнчлэн аюулгүй байдлыг бүх талаар хангаж ажиллана” гэж мэдэгдсэн байна. Мөн нэн тэргүүний зорилт бол хоёр компани нэгдэх явцад ажилчдыг хохироохгүй байх явдал байх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

“Korean Airlines” энэ оны эхний хагаст 619.5 тэрбум воны цэвэр алдагдал хүлээсэн бол жилийн өмнө энэ тоо 482 тэрбум вон байжээ. Харин “Asiana Airlines”-ийн хувьд цэвэр алдагдал 2020 оны эхний хагаст 633.3 тэрбум вон байсан бол өмнөх оны мөн үед 378 тэрбум вон  байсан аж. Ийнхүү цар тахлын улмаас хямралд ороод буй салбараа аврахын тулд дээр шийдвэрийг гаргаж буйгаа талууд илэрхийлж байна.

Тус улсын агаарын тээврийн хоёр том компани нэгдэх сургаар Даваа гаригийн үдээс хойш “Korean Air”-ийн хувьцаа 23.2 хувиар өссөн бол “Asiana Airlines” компанийн хувьцаа өдөр тутмын дээд хязгаар болох 30 хувийг давжээ. Мөн “Korean Air”-ийн толгой компани болох “Hanjin” группын хувьцаа ч даруй 16 хувиар өссөн байна.

2019 оны байдлаар “ Korean Air” нь улсынхаа хэмжээнд нислэгийн бүх суудлын 23.4 хувийг эзэлж байсан бол “Asian Airlines” 16.9 хувийг, “Jeju Airlines” 11.2 хувийг, бусад компани үлдсэн хувийг эзэлж байжээ. Энэ тоо баримтаас харвал “Korean Air” болон “Asiana Airlines” компаниуд нэгдсэнээр Өмнөд Солонгост нисэх бүх суудлын 57.5 хувийг эзэлдэг энэ нэгдэл эзэмших юм. Түүнчлэн дотоодын зах зээлд эзлэх хувь 69.5 болох бол олон улсын зах зээлийн 49.5 хувийг энэхүү нэгдэл хариуцах болно.

Мөн үүнээс гадна “Korean Air” болон “Asiana Airlines”-ийн үндсэн бааз нь Сөүл Инчон (ICN) нисэх буудал юм. “Saber Market Intelligence”-ийн тоо баримтаас харахад уг нисэх буудал нь жилд 70 гаруй сая зорчигч хүлээн авснаас дэлхийн хамгийн их ачаалалтай нисэх буудлуудын 14-т жагссан байна.

Эх сурвалж: Korea herald, Asia Nikkei

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж