Шинэ судалгааны үр дүнгээс харахад бага насандаа антибиотик хэрэглэсэн хүүхдүүдэд астма, экзем, ADHD, хүнсний харшил, хэт таргалалт тэргүүтэй онц хөнөөлтэй өвчин тусах эрсдэл өндөр болдог аж.
Mayo Clinic сэтгүүлд энэ сарын 15-нд хэвлэгдсэн тус судалгаанд хоёроос доош насандаа нэг болон түүнээс олон удаа антибиотик хэрэглэсэн тохиолдолд хүүхэд насандаа төдийгүй цаашдаа ч олон өвчин тусах эрсдэлтэй болдог хэмээн бичжээ.
Судалгааг Рочестер төслийнхөн 14500 гаруй хүүхэд хамруулан хийсэн бөгөөд хүүхэд насандаа хэдий чинээ их антибиотик хэрэглэнэ, ирээдүйд төдий чинээ илүү олон хавсарсан өвчин тээх эхлэл болдог хэмээн дүгнэсэн байна.
Судлаачид “Антибиотикийн хэт эрт хэрэглээ нь хүүхдүүдийн астма, элдэв харшил, атопик дерматит, целиакийн өвчин, хэт таргалалт, анхаарал төвлөрөхөө болих гиперактив эмгэг зэрэг өвчнөөр өвдөх эрсдэлийг эрс нэмдэг” хэмээн бичжээ.
Мөн хүүхдийн нас, хүйс, хэрэглэсэн эм бэлдмэл, тун, хичнээн тун хэрэглэсэн зэргээс нь шалтгаалж үүсэх эрсдэл нь өөр өөр байж болох аж. Тухайлбал, хоёр наснаасаа өмнө нэг, хоёр удаа антибиотик хэрэглэсэн охин хүүхэд астма болон целиакийн өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгддэг гэнэ. Түүнчлэн хоёроос олон удаа антибиотик хэрэглэсэн аль ч хүйсний хүүхэд хэд хэдэн өвчин зэрэг тусах, тэр дундаа охид ADHD, целиакийн өвчин тусах, хөвгүүд хэт таргалах эрсдэл нэмэгддэг байна.
Судалгааны багийн ахлах судлаач профессор Натан Лебрасер дээрх судалгаа нь шалтгааныг тогтоох зорилгогүй гэдгийг онцлоод “Эдгээр шинэ мэдээллүүд нь ирээдүйд хүүхдэд насных нь онцлогт тохируулан антибиотикийн хэрэглээг зөв зохицуулахад нэн чухал ач холбогдолтой” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ