Гей Стокгольмд Болтыг ардаа орхив

Хуучирсан мэдээ: 2010.08.08-нд нийтлэгдсэн

Гей Стокгольмд Болтыг ардаа орхив

Шведийн Стокгольм хотноо баасан гаригийн орой IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Даймонд лигийн ээлжит цуврал тэмцээн олны анхаарлын төвд болж өнгөрлөө. Үргэлж олон нийтийн анхаарлыг татаж байдаг эрэгтэйчүүдийн 100 метрт өнөө цагийн шилдгүүд болох Усаин Болт, Тайсон Гей, Асафа Пауэлл нар өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байсан ч Пауэлл бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон учир Гей, Болт нарын хооронд гол өрсөлдөөн өрнөсөн юм.

Сүүлийн хоёр гаруй жилийн хугацаанд үргэлж Болтын ард хоцорч байсан АНУ-ын шилдэг спринтер Тайсон Гей энэ удаад олимп, дэлхийн аваргыг Шведийн уралдааны талбарт ардаа орхисон байна. 2007 онд дэлхийн аваргын алтан медаль энгэртээ зүүж байсан, 27 настай Гей гарааны эхнээс л манлайлж, 9,84 секундээр аваргалсан бол Болт 9,97 секундын амжилтаар хоёрдугаарт бариалжээ. Дэлхийн хамгийн хурдан хүн Болт 2009 оны дэлхийн аварга болон 2008 оны олимпиос гурав, гурван алтан медаль хүртэж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр хамгийн сүүлд мөн л Шведийн нийслэл хотноо 100 метрт нутаг нэгт Асафа Пауэллд ялагдаж байв.

Уралдааны дараа Болт BBC-д өгсөн ярилцлагадаа “Хэн ч ялагдаж болно. Хүн бүрт сайн бас муу өдрүүд тохиодог. Харин өнөөдөр миний хувьд тэр муу өдөр нь болж өнгөрлөө. Би илүү ажиллах шаардлагатай юм шиг байна. Гараагаа сайн эхлүүлсэн ч цаашдаа ямар ч хүчгүй болчихсон. Тайсон надаас илүү байлаа” гэжээ. Харин Гей “Сайхан байна. Үнэнийг хэлэхэд, би түүнийг 100 хувь бэлэн биш байсан гэж бодож байна. Бид хоёрын хэн хэн 100 хувь бэлэн, бас уралдааны шугам дээр Асафа хамт зогсч байх тэр мөчийг хүлээж байна” хэмээн ярьжээ.

Стокгольмд болсон Даймонд лигийн цуврал тэмцээний 100 метрт Тринидад ба Тобагогийн Ричард Томпсон 10,10 секундын амжилтаар гуравт, АНУ-ын Трелл Киммонс 10,11-ээр дөрөвт бариалсан бол Ямайкийн Марио Форсит тав /10,20/-д хурдалжээ.

Мөн энэ үдэш АНУ-ын Бершон Жэксон 47,65 секундын амжилтаар эрэгтэйчүүдийн 400 метрийн саадтай гүйлтийн төрөлд түрүүлсэн бол мөн АНУ-ын хөнгөн атлетикч Аллисон Феликс эмэгтэйчүүдийн 200 метрт түрүүлсэн байна.

Эрэгтэйчүүдийн 800 метрт Польшийн Марчин Левандовски, 5000 метрт Кенийн Марк Косгей Кипту нар түрүүлсэн бол эмэгтэйчүүдийн 400 метрт ОХУ-ын Татьяна Фирова мөн түүний нутаг нэгт Даря Клишина уртын харайлтад тус тус аваргалжээ.

Өнгөрсөн долоо хоногт Барселонд өндөрлөсөн Европын аварга шалгаруулах тэмцээний аваргуудаас мөн Хорватын Бланка Власич эмэгтэйчүүдийн өндрийн харайлтад, ОХУ-ын Светлана Феофанова эмэгтэйчүүдийн тулгуурт харайлтын төрөлд түрүүлсэн байна. Түүнчлэн олимп болон Европ тивийн аварга Андреас Торкилдсен зээрэнцэг түлхэлтийн төрөлд Финляндын Теро Питкамакид ялагдсан нь олныг алмайруулсан явдал болсон юм. Мөн Францын Тедди Тамго эрэгтэйчүүдийн гурвалсан харайлтын төрөлд домогт Филипс Идовуг эзгүйд түрүүлжээ.

Даймонд лиг нь Европ, Хятад, Ойрхи Дорнод болон АНУ-ын хотуудаар нийт 14 цуврал үргэлжлэх IAAF-ын өндөр зэрэглэлийн тэмцээн юм. Наймдугаар сард Даймонд лигийн дахин гурван цуврал Лондон, Цюрих болон Брусель хотноо болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж