БАЙР СУУРЬ: 60 мянган ААН-ийг барьж үлдэх нь төрийн үүрэг

Хуучирсан мэдээ: 2020.11.17-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: 60 мянган ААН-ийг барьж үлдэх нь төрийн үүрэг

БАЙР СУУРЬ: 60 мянган ААН-ийг барьж үлдэх нь төрийн үүрэг

Covid-19-ийн халдвар дотоодод гарснаар Засгийн газар тархалтыг хумихын тулд хатуу хөл хорионы дэглэмийг 14 хоногоор сунгасан нь эдийн засагт том хямрал дагуулж эхэллээ. Энэ хугацаанд аж үйлдвэрүүд сул зогсч, аж ахуйн нэгж, компаниуд их хэмжээний алдагдалд орж, цаашлаад төсвийн орлого тасалдахад хүрээд байна. ААН-үүд орлогогүй болсноор татвар төлөх боломжгүй. Татвар төлөхгүйд хүрвэл төсвийн орлого бүрдэхгүй гэсэн үг. Тийм учраас ирэх оны улсын төсөвт суулгасан хэрэггүй, үр ашиггүй зардлуудаа эргэж харах шаардлага бий болов.

Хөл хорионоос үүдэж компаниудын үйл ажиллагаа зогсож байгаа энэ үед ажилтнуудын цалингаас суутгадаг даатгалууд дотор ажилгүйдлийн даатгал зэрэг төрөл бүрийн даатгал ордог. Иймд Засгийн газар даатгалуудын сангийн онцгой үүргийг нь одоо л хэрэгжүүлэх цаг нь ирээд байна.

Covid-19 зөвхөн Монголд тархаагүй, дэлхийн олон улс орнуудад цар тахлын хэмжээнд хүрч, эдийн засагт нь асар их хохирол дагуулж буй. Тиймээс улс орнуудын төр засгаас хувийн хэвшил, иргэддээ зориулсан хүндрэлийг даван туулах эдийн засгийн цогц арга хэмжээнүүдийг авсан.

Тухайлбал, Японы Засгийн газраас жижиг дунд хэмжээний компаниудад хүүгүй зээл олгосон бол Итали бүх иргэдийнхээ ипотекийн төлбөрийг хойшлуулж, АНУ-ын хувьд ч вирусээс шалтгаалж үйл ажиллагаа нь хүчтэй доголдох компаниуддаа дэмжлэг үзүүлэх бодлогоо зарласан. Монгол Улсын хувьд аж ахуйн нэгжүүд, компаниудаа хамгаалах, дэмжиж туслах ямар ч арга хэмжээг одоогоор авсангүй.

МҮХАҮТ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хийсэн судалгаагаар иргэдийн 72 хувь нь хадгаламжгүй, 14 хувь нь сар хүртэл амьдрах мөнгөтэй гэж гарчээ. Хорио цээрийн дэглэм удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд эрсдэлийг бууруулахын тулд иргэдийг амьжиргааны суурь нөхцөлийг бүрдүүлэх тодорхой арга хэмжээг зохион байгуулах ёстойг МҮХАҮТ-аас үзэж буй. Өчигдөр танхим хуралдаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ илэрхийлсэн.

Хэрэв хүнд үед компаниудаа төр дэмжихгүй, 40-50 хувь үнэ цэнээ алдсан компаниуд дампуурахад буцаагаад босгоход бэрх байх нь тодорхой. Засгийн газрын зүгээс хүн амын эрүүл мэнд, амь насыг нэгдүгээрт тавьж, вирусийг тархаахгүй байхын эсрэг хязгаарлал, хорио тогтоож байгаа ч нөгөө талд татварын бодлогоор бизнес эрхлэгчдийг дэмжих цогц бодлого шаардлагатайг эдийн засагчид хэлж байна. Макро түвшинд төсвийг танах, мөнгөний бодлого талаас нь эдийн засгийг дэмжих нь зөв хослол гэж тэд үзэж байна.

Энэ талаарх эдийн засагчдийн байр суурийг хүргэе.

ЭДИЙН ЗАСАГЧ Ж.ДЭЛГЭРСАЙХАН: ИРГЭД, АЖИЛТАНД НЭГ УДААГИЙН ШУУД МӨНГӨН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Өнөөдрийг хүртэл Монгол Улс Covid-19 цар тахалтай амжилттай тэмцэж ирсэн. Үүнийг үгүйсгэх аргагүй. Мөн бид иргэдийн амьжиргааг хамгаалах, орлогын доройтол, ядуурлаас сэргийлэх тал дээр нийгмийн халамжийн чиглэлд боломжийн хэрээр ажилласан, энэ нь ч үр дүнгээ өгч байгаа. Харин аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалах тал дээр бид  хангалттай ажиллаж чадсангүй.

Өнөөг хүртэл манай бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй чадлаараа тэмцэж ирсэн. Одоо бүх нийтийн бэлэн байдал, хөл хорио тогтоосноор ААН-үүдийн хувьд үүний эсрэг зогсох боломж шууд хязгаарлагдаж байна. Одоо төр засгийн зүгээс боломжоороо дэмжих тэр цаг нь нь ирлээ гэж ойлгож байна. Тэгэхгүй бол бид ажлын байраа алдах, ажилгүйдэл ядуурал улам нэмэгдэж нийгмийн халамжийн зардал улам даах аргагүй болох сөрөг үр дагавартай тулгарах болно.  Хэдийгээр Монгол Улсын эдийн засаг санхүүгийн боломж бага ч одоо бид ААН-үүдийг хамгаалах чиглэлд гурван арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай.

Нэгдүгээрт, Хөл хорионы үеийн цалин хөлс олгох урсгал зардалд дэмжлэг үзүүлэх,

Хоёрдугаарт, Санхүүгийн үүрэг хариуцлагыг хойшлуулах,

Гуравт, Татварын дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг хүнд нөхцөл байдал дахь үүргийг төр хүлээн авах байдлаар хэрэгжүүлэх шаардлагатай.

Өндөр хөгжилтэй, санхүүгийн нөөц сайтай орнуудын хувьд хүүгүй, урт хугацааны зээл олгох, иргэд ажилтанд нэг удаагийн шууд мөнгөн дэмжлэг үзүүлэх зэрэг онцгой арга хэмжээ авч байсан туршлагыг харах нь зүйтэй. Нөгөө талд банк санхүүгийн байгууллагад зээл, төлбөрийг хойшлуулсан, хүндрэлийг даван туулах үүднээс иргэд хуримтлалаа зарцуулах зэрэг эх үүсвэрийн дутагдал үүсч болзошгүй байдлыг Засгийн, Монголбанкны зүгээс анхаарч, эх үүсвэрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Үүнд зарцуулах эх үүсвэрийг олон улсын байгууллагуудтай тохиролцох, хөнгөлттэй зээл авах байдлаар шийдвэрлэхийг хичээх нь зүйтэй юм.

ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: ТӨВБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГООР УЛС ОРНУУД БИЗНЕСҮҮДЭЭ ДАМПУУРАХААС НЬ ХАМГААЛДАГ

Covid-19 дэлхий даяар хөл хориог бий болгосон. Үүнээс болж компаниудын борлуулалт эрс буурсан. Борлуулалт буурахаар компаниудын ашиг буурна. Гэрэл цахилгаан, дулааны төлбөрөө арайхийн төлнө. Ажилтнуудын цалингаа арайхийн төлнө. Өөр мөнгө үлдэхгүй. Улс орнуудын төр засаг дээрх байдлыг маш сайн ойлгож Covid-19 гарч хөл хорио тогтоож эхлэнгүүт Төв банкууд нь бодлогын хүүгээ эрс буулгаж эхэлсэн. Эрс гэдэг нь нэг бол тэглэх эсвэл өмнөх байсан түвшингээс нь 80-90% бууруулсан. Төв банкны бодлогын хүүг дагаж эхлээд банкуудын хадгаламжийн хүү буурна. Хадгаламжийн хүү буурсны дараа зээлийн хүү буурна. Ингэж л Төв банкны мөнгөний бодлогоор улс орнууд бизнесүүдээ дампуурахаас нь хамгаалж зээлийн хүүгээ эрс буулгасан. Дахин санхүүжилт дээр нь дэмжлэг үзүүлсэн. Дэлхийн бүх улс орон яг энэ жороор ажилласан.

Гэтэл Монголд Монголбанк нь бодлогын хүүгээ буулгахгүй болохоор арилжааны банкууд нь хадгаламжийн хүүгээ буулгасангүй. Одоо хүртэл банкны хадгаламж 12-14 хувийн хүүтэй байна Одоо Монголд Covid-19-тэй холбоотойгоор хөл хорио тогтоолоо. 14 хоног нь цааш нэмэгдэж ч магад. Бизнесүүд таг зогслоо. Борлуулалт 0, гэтэл нөгөө талд нь тогтмол зардлуудаа төлнө. Цалингаа тавина. Дээр нь хамгийн том зардал болох зээл, зээлийн хүүгээ төлөх асуудал тавигдана. Банкны зээлийн хүү нь 24-26 хувь. Үнэхээр үүнийг бизнес эрхлэгчид дийлэхгүй. Бодлогын хүүгээ буулгахгүй байснаар ийм нөхцөл байдалд хүргэсэн. Төв банкны бодлогын хүүг тэглэдэггүй юмаа гэхэд эрс буулгах ёстой. Ядаж 3-4 хувь хүртэл нь буулгахаас өөр гарц үлдээгүй. Төв банк бодлогын хүүгээ буулгахад бусдыг нь зах зээл өөрөө хийчихнэ. Банкууд дагаад хадгаламжийн хүүгээ буулгана, үр дүнд нь зээлийн хүү эрс буурна. Ингэж байж л аж ахуйн нэгжүүд дампуурахгүй үлдэх боломжтой болно. Бизнесийн зээлийн хүүг ядаж жилийн 8-9 хувь болгох ёстой.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ЛХАГВАЖАВ: МОНГОЛБАНКААР ДАМЖУУЛЖ МӨНГӨ БОСГООД ХӨРӨНГИЙН КАМПИТАЛАА АВЧ ҮЛДЭХ ШААРДЛАГАТАЙ

Монгол Улсын 1 сая иргэн нийгмийн даатгал төлдөг. Хувийн хэвшилд 770 мянган хүн ажилладаг. 770 мянган хүн чинь ойролцоогоор 60 мянган аж ахуйн нэгжид бий. Энд татвар өгдөггүй компаниудыг оруулсангүй. Энэ хамт олныг барьж үлдэх нь төрийн үүрэг болоод байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон саармаг байх үед цалингаар нь дамжуулаад, даатгалыг нь санхүүжүүлээд, цалингийн 40-50 хувийг нь ойрын хугацаанд төрөөс өгөх ёстой. Сард 380 тэрбум төгрөг, зургаан сард 2 их наяд шаардагдана. Энэ 2 их наяд төгрөгийг босгоход маш амархан. Ирэх оны төсөв өнгөрөгч Баасан гаригт батлагдлаа. Арванхоёрдугаар сард багтаан төсвийн тодотгол хийж төсвийн хөрөнгө оруулалт нэртэй 1.5 их наяд төгрөгийг хөдөлмөрийн даатгал руу оруулах. Хоёрт, Засгийн газрын зардлыг хамгийн багадаа 20-30 хувиар танаж чадвал 2 их наяд төгрөг гарах боломжтой.

Хэрэв төсвөө танахгүй гэвэл өөр хувилбар нь Монголбанканд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 2021, 2022 онуудын нийгмийн даатгалыг барьцаалаад 2 их наяд төгрөгийн хүүгүй бонд авч болно. Өөрөөр хэлбэл, Монголбанкаар дамжуулж мөнгө босгоод хөрөнгийн кампиталдаа ашиглах  эрүүл сэтгэлгээ хэрэгтэй. Илүү уран гарц хэрэгтэй байна. Дэлхийд Covid-19 тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнхи улс орон эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан. Одоо хамгийн үнэ цэнэтэй зүйл болох  хөдөлмөрийн зах зээлээ авч үлдэх үүрэг нь төрийн өмнө ирээд байна.

Бид халдвартай зэрэгцэн амьдраад тавхан хонож байна. Гэтэл дэлхийн улс орнууд өнгөрсөн гуравдугаар сараас хойш коронавирусийн халдвартай зэрэгцэн амьдраад дасан зохицож байна. Тэдгээр улс орны эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн чиглэлд нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг бид маш хурдан хугацаанд судалж мэдээд өөрсдийнхөө аргыг олох нь чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж