"Дарханы 7 иргэний шинжилгээ үгүйсгэгдсэн"

Хуучирсан мэдээ: 2020.11.16-нд нийтлэгдсэн

"Дарханы 7 иргэний шинжилгээ үгүйсгэгдсэн"

"Дарханы 7 иргэний шинжилгээ үгүйсгэгдсэн"

НЭМЭЛТ: 15:10 ЦАГ

Улсын онцгой комиссын хуралдаанаар долоон асуудал хэлэлцжээ. Хуралдааны дараах мэдээлэлд хөл хорионы дэглэмийн үед Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг энэ сарын 18-нд гаргах шийдвэр гараагүй гэдгийг онцлов. Мөн нөөцийн махыг хүнсний дэлгүүрүүдээр борлуулж, махны борлуулалтыг нэмэгдүүлэхээр болжээ. Түүнчлэн нэг цонхоор өгөөгүй албан бус мэдээлэлд хатуу хяналт тавихыг хууль хүчний байгууллагуудад үүрэг болгосон байна.

НӨӨЦИЙН МАХНЫ ТҮГЭЭЛТ, ТУСГААРЛАХ БАЙРАНД ХЯНАЛТ ТАВИХ ШААРДЛАГА ГАРЧ БАЙНА

ОБЕГ-ын дарга Г.АРИУНБУЯН:

-Улсын онцгой комиссоос үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор өдөрт хоёр удаа мэдээлэл хийж байна. Цар тахлын тархалтыг шуурхай таслан зогсоох чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргасан. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан, хөл хорионы дэглэмийн үед дунд, доод шатанд хэрэгжилт хэр байгааг шалгаж байна. Зарим хүндрэл бэрхшээл гарч байгааг үгүйсгэхгүй. Нөөцийн махны түгээлт, тусгаарлах байранд хяналт тавих шаардлага гарч байна.

Өнөөдөр улсын хэмжээнд 41 байранд 1911 иргэн тусгаарлагдаж байна. Сүүлийн өдрүүдэд "Энхсаран" сувилалтай холбоотой асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Анх Сovid-19 дэгдэх үед тусгаарлах байрны зориулалттай ашиглах байруудыг сонгох үед нисэх буудлаас хамгийн ойр байрлалтай, үйлчилгээ хамгийн боломжийн гэдэг утгаар тус сувиллыг сонгосон. Сүүлийн хоёр сарын хугацаанд сувиллын үйл ажиллагаа доголдож, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдөхгүй байх зэрэг шүүмжлэл дагуулсан. Энэ сарын 11-нд цаашид тус сувилал үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн саналыг хүргүүлсэн. Нийт 81 иргэнийг "Дрийм", "Кентавр" зочид буудлуудад шилжүүлсэн. Үйлчилгээнд ажилласан алба хаагчдыг "Сүнжин гранд" зочид буудал руу шилжүүлж дууслаа.

"Энхсаран" сувиллаас халдвар голомтлон тархсан байж болзошгүй гэх асуудал байгаа тул сувилалд буй иргэдээс дахин шинжилгээ авна. Тус сувиллын үйл ажиллагааг бүрэн зогсооно. Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр иргэний Сovid-19-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан асуудлыг PCR шинжилгээгээр тогтооно.

"ЭНХСАРАН" СУВИЛЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООНО

-Дархан-Уул аймагт 4500 хүнээс шинжилгээ авахад 7 хүний хариу эерэг гарсан байна. Эерэг гарсан шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулахад сөрөг гарсан. Иймд томуу, томуу төст өвчин байхыг үгүйсгэхгүй. Шинжилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгнө.

СЭЛЭНГЭ, ЭНХСАРАН СУВИЛАЛ ШИГ ХАЛДВАРЫН ШИНЭ ГОЛОМТ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Улсын онцгой комиссын гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Тусгай зөвшөөрөл цуцалсан шалтгаан юу байв? Хүнсний үйлдвэрлэлийнхэн гомдол мэдээлэл гаргаж байна. Судалгаагүй ажил эхлүүлж, асуудал үүсгэхээр уг шийдвэрээ цуцалж байгаа юм уу?

-Засгийн газрын 178 дугаар тогтоолоор хүнсний бүтээгдэхүүний түгээлт, түлш цахилгаан дулаан хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах шаардлага бий болсон. Хатуу хөл хорионы дэглэмийн үед иргэд гэрээсээ гарахгүй байх шаардлага гарч байгаа. Бид бүхэн тусгай зөвшөөрлийг цөөн тоогоор хэвлүүлсэн атал хуурамчаар хэвлэсэн асуудал гарч байгаа тул цуцалж байна. Иймд цаашид энэ асуудлыг судална.

Биеийн байцаалт, ажлын үнэмлэхийг нь харж автомашинаар зорчуулна.

-Нөөцийн махны худалдааны байршлуудад иргэдийн бөөгнөрөл үүсч, хөл хорионы дэглэм зөрчигдөж байна?

-Нөөцийн махыг 237 хүнсний дэлгүүрээр борлуулна. Одоогоор хөл хорионд орсон үед махны хэрэглээ 4-5 дахин нэмэгдээд байна. Хий нөөцлөлт гарсан төдийгүй махны хэрэглээ ердийн үеийнхээс нэмэгдсэн.

-Тусгай үүргийн нислэгийг цуцлахаасаа өмнө гадаад дахь иргэддээ мэдээлж болоогүй юм уу?

-БНСУ дахь иргэдэд УОК-оос өмнө нь мэдээлэл өгсөн. Энэ сард төлөвлөсөн нислэгүүдийг зогсоож, ЭСЯ-даар дамжуулан мэдээлэл өгсөн. Иймд ямар нэгэн асуудал байхгүй болов уу.

"Энхсаран" сувиллаас нүүлгэн шилжүүлж байгаа иргэдийн гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан. Эдгээр иргэний 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дууссан ч бид дахин шинжилгээ авна. Шинжилгээний хариу сөрөг гарвал гэрийн тусгаарлалтад шилжүүлнэ.

-Хэнтий аймгаас гадна өөр аймгуудад хулгайн замаар иргэд очсон гэх мэдээлэл байна. Түргэвчилсэн оношлуурын хариуг хэн, хэзээ, хэрхэн мэдээлэх вэ? Мөн халдварын өөр голомт үүссэн үү?

-Халдварын шинэ голомт үүсээгүй. Сэлэнгэ болон "Энхсаран" сувилал шиг голомт үүсээгүй.

Түргэвчилсэн оношлуураар долоон хүний шинжилгээний хариу эерэг гарахад PCR шинжилгээгээр сөрөг гарсан. Томуу, томуу төст өвчний дэгдэлт байж болзошгүй. Орон нутгийн удирдлага лайв хийж байгаа нь зөрчил юм. Энэ асуудлыг цаашид анхаарна.

-Иргэдийн ачааг задлахгүй байна. Хөл хориог цаашид сунгавал аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орно. Үүнд анхаарал хандуулж байна уу?

-Эрүүл мэндийн яамнаас баталсан журмын дагуу ачааг халдваргүйжүүлсний дараа олгож байна. Тодорхой хугацаа шаардлагатай.

-Уул уурхайн салбарын ажилтнуудын асуудлыг хэрхэн зохицуулах вэ? Мөн энэ салбарт вакумжуулсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж болох уу? Уул уурхайн салбарын ажилтнуудад урамшуулал олгох уу?

-Орон нутагт ажиллаж буй иргэд орж, гарах боломжгүй. Аж ахуйн нэгж, иргэдэд тулгарч буй эдийн засагтай холбоотой асуудлыг судалж ажиллаж байна. Гэхдээ эцсийн шийдвэр гарсны дараа, энэ долоо хоногийн Лхагва гаригт Сангийн яамнаас мэдээлнэ.

-Орон нутагт гацсан иргэдийг нэгдсэн зохион байгуулалттай гаргана гэх мэдээллийг үгүйсгэлээ. Тэгэхээр ар гэрт нь үлдсэн харгалзах хүнгүй бага насны хүүхдүүдийн асуудал ч байна. Үүнд анхаарч байгаа юу?

-Улаанбаатарт орон нутгаас ирсэн 500-800 гаруй иргэн "түгжигдсэн". Эдгээр иргэн хурал зөвлөгөөнд оролцсон, эмчлүүлсэн, ахуйн чанартай зэрэг шалтгаанаар нийслэлд ирээд байсан.

Нэн түрүүнд ойрын буюу дам хавьталд тооцогдож буй иргэдийн шинжилгээний хариунд үндэслэн орон нутгийн иргэдийг нэгдсэн зохион байгуулалттай гаргах ажлыг судалж байна. Энэ долоо хоногийн сүүлчээр орон нутгийн иргэдийг зорчуулах асуудал яригдаж байна.

Замын бүтээн байгуулалтад оролцохоор ирсэн хятад иргэдийн тухай мэдээлэл өгөхгүй байна гэсэн яриа гарч байна. Covid-19-ийн тархалт нэмэгдэж байна. Эмч нарын нөөц бололцоо хэр байна вэ?

-БНХАУ-аас манай улсад ажиллах иргэдээс гурван удаагийн шинжилгээ авсан. Ямар нэгэн асуудал байхгүй.

-"Энхсаран" сувиллыг бүрэн хаасан гэсэн үг үү? Тус сувилалд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл байна. Үнэн үү?

-"Энхсаран" сувилалд хууль, тогтоомж зөрчигдсөн эсэх асуудлыг хууль хяналтынхан шалгаж байна.

-Хулгайн замд ямар хяналт шалгалт хийж байна вэ? "Энхсаран" сувилал шиг эрсдэлтэй тусгаарлах байрууд байна гэх мэдээлэл бий. Хяналт шалгалт хэр байна вэ?

-Хүнсний хангамжийн машинд хяналт тавин ажиллаж байна. Иргэн та бидний хариуцлагын асуудал юм. Үүнд халдвар авсан иргэнийг үзэн ядах биш, үүргийг нь ойлгуулах нь чухал. Цар тахал бол дайны үеийн сэтгэлзүй гэж дэлхий нийтээрээ ярьж байна. Ийм үед хүний эрхээс илүү үүргийг нь ойлгуулах л чухал байгаа юм.

-Тусгаарлах байранд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэм мөрдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?

-Тусгаарлах байрны үйлчилгээнд хяналт шалгалт хийсэн ажлын дүгнэлтээ ажлын хэсгийнхэн ойрын хугацаанд танилцуулна.

-Нийслэлд гацсан иргэдийг орон нутаг руу зохион байгуулалттай гаргана гэж УИХ-ын нэр бүхий гишүүд цахим хуудсаараа нийтлэн, иргэдийг төөрөгдүүлж байна. Худал мэдээлэл цацсан тохиолдол иргэдэд хариуцлага тооцохыг анхааруулж байгаа ч УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох уу?

-УИХ-ын гишүүдэд албан тоот илгээж байна. Энэ сарын 18-нд орон нутгийн иргэдийг нийслэлээс зохион байгуулалттай гаргана гэдэг нь худал юм. Бид бүхэн нэг, хоёрдугаар зэргийн хавьтал болсон иргэдээс шинжилгээ хийж дууссаны дараа энэ асуудлыг шийднэ.

-Улаанбаатар хотын агаарыг халдваргүйжүүлэх ажлыг яагаад хийхгүй байгаа юм бэ? Мөн иргэдэд олгож буй халамжийн мөнгийг хаанаас олгож байгаа вэ?

-Халдваргүйжүүлэх ажлыг шат дараалан зохион байгуулж байна. Хүйтний улиралд хөлдөх асуудал гарч байна. Халамжийн мөнгийг УОК-т цугласан хандивын мөнгөнөөс бус улсын төсвөөс гаргаж  байна.

-Сэлэнгэ аймаг  Covid-19 гарсан шалтгаан тодорхой болсон уу? Мөн түргэвчилсэн оношлуур хэр баталгаатай вэ? Жишээ нь, долоон хүний хариу эерэг гарсан байхад PCR шинжилгээний хариу сөрөг гарсан гэж байна шүү дээ?

-Сэлэнгэд халдварын тархалтын асуудлыг судалж байна. Хоёрдугаарт, түргэвчилсэн оношлуур зөвхөн Монголд алдаж байгаа юм биш. Цаг хугацаа хожихын тулд нийслэл, орон нутагт хоногт 5000 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Эдгээр шинжилгээний сорьцыг PCR баталгаажуулна. Одоогоор дэлхий дахинд хамгийн найдвартай нь PCR шинжилгээ байна.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс (УОК)-ын даргын шуурхай хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээллэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан болохыг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар хотод хөдөө, орон нутгаас ирээд хөл хорионд орсон иргэдийг энэ сарын 18-нд нэгдсэн журмаар хотоос гаргана гэсэн мэдээлэл ташаа болохыг сануулав.

Улсын онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
20
ХарамсалтайХарамсалтай
8
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж