АНУ-ын төрийн департаментын удирдлагууд Оросын цөмийн хөтөлбөрийн талаар анхааруулж, цөмийн цэнэгт хошуу бүхий дронууд нь цунами үүсгэж болзошгүй хэмээн мэдэгджээ.
Төрийн департаментын Олон улсын аюулгүй байдал хариуцсан нарийн бичгийн даргын туслах Кристофер Форд олон улсын хууль, цөмийн зэвсгийн талаар хийсэн цахим хуралдаан дээр дээрх сэдвийг хөндсөн байна.
Тэрбээр цахим хуралдааныг ажиглагчдад хандан “Энэ бол ОХУ-ын төрийн бодлогыг анхааралтай ажиглах ёстойн нэг том шалтгаан. Москва хэдий зөвхөн батлан хамгаалах зорилгоор цөмийн зэвсэг бүтээсэн хэмээдэг ч ямар нэг мөргөлдөөн үүсвэл хэрэглэхээс буцахгүй гэж бид үзэж байна. Тэд өмнө нь улсынх нь хилийг нэг л баллистик пуужин давбал бүх цөмийн пуужингаараа хариу барина хэмээн мэдээлж байсан” хэмээн хэлжээ.
Форд мөн ОХУ-ын сүүлийн үед хөгжүүлж буй Посейдон усан доорх жолоочгүй дроныг хэд хэдэн цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай хэмээн хэлсэн байна. Улмаар “Хэрвээ түүнийг АНУ-ын эсрэг ашиглавал далайн эрэг дагуух хотуудад цацраг идэвхит цунами үүсгэх аюултай” гэж анхааруулжээ.
Посейдон буюу Статус-6 дроныг 2018 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын болзошгүй халдлагын эсрэг ашиглах хэд хэдэн цөмийн зэвсгийн хамт танилцуулсан билээ.
Эх сурвалж: RT