Дэлхий дээрх бүх Covid-19 үүсгэгч SARS-CoV2 вирусийг нийлүүлж үзвэл нэг цайны халбаганаас ч бага хэмжээтэй болох аж. Эрдэмтдийн үзэж байгаагаар, өдгөө дэлхий даяар 54 сая гаруй хүн цар тахлын халдвар авсан бөгөөд тэр бүх хүний биед тээгдэж буй SARS-CoV2 вирусийг шүүж аван нийлүүлбэл 8 мл болох юм байна.
Математикч Мэтт Паркер хэд хэдэн аргаар тооцоолж үзэн дээрх хэмжээг тогтоосон бөгөөд вирус бүх хүнд халдварлалаа ч дээд тал нь нэг хундаганд багтахаар хэмжээтэй болно хэмээжээ. Тэрбээр “Өдгөө дэлхийд үүсч буй бүх гамшиг, асуудал үнэндээ нэг л цайны халбаганд багтаж байна. Вирусийн ширхэг бол маш жижигхэн. Үнэндээ вирус бол эсийг эвдэх зорилготой код төдий зүйл юм” хэмээн ярьжээ.
Эрдэмтдийн тогтоосноор SARS-CoV2 вирусийн ширхэг хүний эснээс сая дахин жижиг аж. Паркер мөн дээрх хэмжээг гаргахын тулд дэлхий дээр одоо буй нийт цар тахлын вирусийн ширхэгийн тоог боджээ. Ингэхдээ тэрбээр өдөрт нийт 300 мянга орчим хүн шинээр халдвар авч байгаа бөгөөд 14 хоногийн турш тээж буй хэмээн тооцож, нийт Covid-19 өвчний вирусийн ширхэгийг 3.3 тунамал (3300 000 000 000 000) орчим хэмээн тогтоожээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ