Хөвсгөл аймагт найман настай охиныг өнгөрсөн гуравдугаар сард хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт 28 настай Н.Мөнх-Оргил холбогдсон. Түүнд эрүүгийн хуулийн 91.2, 126.3, 261 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс шалгаж дуусаад долдугаар сарын 2-ний өдөр нийслэлийн Прокурорт шилжүүлсэн юм. Уг хэргийг нийслэлийн Прокурорт хянах ажиллагаа нэг сар зургаа хоног үргэлжилж буй. Хуульд зааснаар тухайн хэргийг прокурорт хянах хугацаа 14 хоногоос нэг сар хүртэл үргэлжилдэг. Тэгвэл эл хуулийн заалтаар сэжигтэн Н.Мөнх-Оргилын гэм буруутай эсэхийг харъяаллын дагуу Хөвсгөл аймгийн шүүх тун удахгүй шүүх бололтой. Дашрамд дурдахад сэжигтэн Н.Мөнх-Оргил нь Баянгол дүүрэгт 9-14 насны гурван охиныг мөн хүчирхийлсэн болохыг нь мөрдөн байцаагчид хөдөлшгүй баримтаар нотолсон байна.
Н.Түвшин