Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.15) Токио хотын Рёогокү кокүгикан ордонд явагдлаа.
Цар тахлын улмаас 5000 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрчээ. Энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд, озэки Шодай болон озэки Асанояама нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон.
Башёгийн найм дахь өдөр одоогоор ганц өндөр цолтой бөх болж үлдээд буй озэки Такакэйшо маэгаширагийн дөрөвт эрэмбэтэй Хокүтофүжиг давж, найман даваа нэг ч унаагүй башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Дайэйшотой учраа таарсан ч ялагдал хүлээн, долоон даваа нэг унаатай болов. Мөн Тамаваши Мөнх-Оргил Токүшорюүд өвдөг шороодон, таван даваа, гурван унаатай боллоо.
Харин Ичиножо Ичинноров, Хошорюү Бямбасүрэн нар хоорондоо тааран барилдаж, Хошорюү Бямбасүрэн давж, таван даваа, гурван унаатай болсон бол Ичиножо Ичинноров хоёр даваа, зургаан унаатай явж байна. Кирибаяама Лхагвасүрэнгийн хувьд Вакатакакагэд өвдөг шороодон нэг даваа, долоон унаатай явна.