Дональд Трамп өчигдөр /2020.11.15/ өглөө бичсэн жиргээндээ анх удаа Жо Байден сонгуульд ялсныг хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ нэг их удалгүй тэр болон түүний хуульч Руди Жулиани нар тус жиргээн дээрхийг эрс үгүйсгэн Трамп одоо ч өөрийгөө хууль ёсны дагуу удирдагч хэвээрээ бөгөөд Ардчилсан намынхан түүний эрх мэдлийг хүчээр булаан авахаар санаархаж байгаа хэмээн бодож байгааг мэдэгджээ.
Тэгэхдээ Жулиани “Ерөнхийлөгч Трамп жиргээн дээрээ эцэст нь нэг юм Байдены ялалтыг хүлээн зөвшөөрснөө бичсэн нь сонгуулиас хойш бүх хэвлэл мэдээлэл түүний ялалтыг тунхаглаж байгааг егөөдсөн ердөө хошигнол, наргиа төдий. Тэр жиргээн дээр буй зүйлс үнэнээс дэндүү хол” хэмээн ярьжээ.
Трамп эхлээд “Байден ялсан нь үнэн. Гэхдээ сонгууль будлиантай болсон. Тооллогын явцад нэг ч ажиглагч, шалгагчийг оруулаагүй. Тооллогыг радикал зүүний үзэлтэй хувийн Доминион компани хийж гүйцэтгэсэн. Тэдний муу технологи маш алдаатай ажилласан. Ялангуяа миний үнэмлэхүй ялалт байгуулсан Техас мужийг хүртэл буруу тодорхойлсон. Хэвлэл мэдээллүүд худал мэдээ цацаж, чимээгүй байж, үнэнийг нууж байна” хэмээн бичсэн байна.
Гэвч цаг орчмын дараа тэрбээр дахин “Байден зөвхөн худал мэдээ цацдаг хэвлэлийнхний хувьд л ялалт байгуулсан. Би өмнөх жиргээгээрээ юу ч батлах гээгүй. Надад явах зам, хийх зүйл их байна. Сонгууль будлиантай болсон!” хэмээн бичжээ.
Трамп, Жулиани нар сонгуулийн санал тоолдог машиныг Байдены ажилчид луйвардаж, өөрсдийн талд үр дүн гаргахаар болгон тохируулсан бөгөөд энэ нь үндэсний аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг хэмээн үзэж байгаа аж.
Трамп дахин твиттер дээрээ нэг цагийн зайтай “Сонгуулийн шөнө санал тоолох машинууд доголдсон нь маргаангүй Ардчилсан намынхны хийсэн ажил. Бид тэднийг үйлдэл дээр нь барьсан. Гэхдээ тэд өөр маш олон хотод энэ луйвраа баригдахгүйгээр хийж дөнгөсөн. Дээрээс нь бас шуудангаар санал хураасан нь хамгийн том онигоо байлаа”, “Сонгууль будлиантай болсон. БИД ЯЛАХ БОЛНО!” хэмээн хоёр ч удаа жиргэжээ.
Харин Жулиани “Өмнө нь тоотой хэдэн том хотод л саналын машиныг луйварддаг байсан бол энэ удаагийн сонгууль дээр тэд хаа сайгүй бүх хотод тооллогын машиныг луйвардсан байна. Хэд хэдэн хотын жишээн дээр бид үүнийг баталж чадна” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: DAILYMAIL