Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица “Монгол Улсад урт хугацааны турш нэгдүгээр үе шат буюу зөвхөн гадаад улсаас зөөвөрлөгдсөн Covid-19-ийн тохиолдлууд бүртгэгдэж байв. Харин арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн дотоодод хэд хэдэн голомтолсон халдвар илэрч, хоёрдугаар үе шат руу шилжээд байна” гэж мэдээлжээ.
Тэрбээр дотоодод батлагдсан тохиолдлын бүх хавьтлыг илрүүлж, тандахын тулд наанадаж дахин 14 хоног шаардлагатайг тодотгосон байна. Нөхцөл байдал хурдан өөрчлөгдөж байгаа энэ үед цар тахлын халдварыг хязгаарлахын тулд эрт илрүүлэг, шинжилгээ, тусгаарлалт гэх мэт шийдэмгий арга хэмжээ авах хэрэгтэй байгааг онцолжээ.
Мөн тэрбээр Засгийн газрын шийдвэрийг дагаж гэртээ байх, амны хаалтаа зүүх, гараа сайтар угаах зэргээр гэр бүл, анд нөхөд, ард түмнээ халдвараас хамгаалах нь иргэдээс өөрсдөөс нь шалтгаална гэж дурдсан байна.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Монгол Улс, монголчуудын эв нэгдлийг ДЭМБ-аас сайшааж, үнэлж ирсэн. Бид хамтдаа эв нэгдэлтэй байснаар энэ хүнд хэцүү цагийг давж чадна" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ