Иргэд нөөцийн махны цэг цөөн байгаад бухимдав

Хуучирсан мэдээ: 2020.11.15-нд нийтлэгдсэн

Иргэд нөөцийн махны цэг цөөн байгаад бухимдав

Иргэд нөөцийн махны цэг цөөн байгаад бухимдав

Хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүднээс өнөөдөр /2020.11.15/-өөс эхлэн нийслэлийн 15 байршилд нөөцийн мах худалдаалж буй. Хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед иргэд нөөцийн маханд оочерлож, уртаас урт дараалал үүсгэжээ. Бид Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Скай” их дэлгүүрийн гадна талбайд хэрхэн нөөцийн махны худалдаалж буй талаар сурвалжиллаа.

Биднийг очиход өглөөний 09.00 цагаас эхлэн нөөцийн мах авахаар ирсэн иргэдэд дугаар тарааж, эхний 200 хүнд мах худалдахаар болжээ. Зарим амжиж ирж чадаагүй иргэд болон өөр дүүргийн оршин суугчид нөөцийн мах худалдан авч чадаагүй хэмээн бухимдаж, албаныханд санал гомдлоо хэлж байлаа.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хяналтын хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс долоон албан хаагч, тус дүүргийн Мал эмнэлгийн хэлтсээс нэг улсын байцаагч, дүүргийн Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсээс нэг мэргэжилтэн хяналт тавьж ажиллаж байсан юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн дөрвөн цэгт нөөцийн мах худалдаалж байгаагийн нэг нь энэ цэг. Үнийн хувьд нэг килограмм нь 6700 төгрөгийн үнэтэй. Нэг гулууз мах ойролцоогоор 20-23 кг хүрч, 150-170 мянган төгрөгийн үнээр иргэд худалдан авч байлаа.

Нэрээ нууцлахыг хүссэн иргэн “Сүхбаатар дүүрэгт нөөцийн мах худалдаалах хоёрхон цэг байна. Нэг цэг дээр нь өглөө очиход мах нь ирээгүй. Иргэд олноор оочерлосон байсан. Нөгөө цэг нь хаа байсан Бэлхэд гэж байна. Тэгээд би аргаа бараад “Хангай” хотхоноос наашаа алхаж ирлээ. Тэгээд ирсэн чинь нөөцийн мах нь дуусчихсан байх юм. Цаашид энэ цэгүүдийнхээ тоог нэмчихвэл иргэд ингэж олноор оочерлож, бөөгнөрөл үүсгэхгүй шүү дээ” хэмээн бухимдав.

Иргэн М.Элдэв-Очир “Би Баянзүрх дүүрэгт амьдардаг. Нөөцийн мах худалдаалж буй энэ цэг манай гэрээс гурван км-ийн зайтай. Би 11.00 цагийн орчимд машинтайгаа ирээд, оочерлож байна. Би одоо 73 дугаар авсан. Миний хувьд энд хоёр цаг хүлээж байна. Нөөцийн мах авахаар ирсэн иргэдийг тусгаарласан тууз татаж, хоорондын зайг сайн баримтлуулмаар байна” гэлээ.

“Нөөцийн мах худалдаалах цэгт нэг өдөрт гурван тонн мах зарах ёстой. Бид өнөөдөр эхний өдөр учраас таван тонн мах ачиж ирээд, худалдаж байна. Маргааш дахин нөөцийн мах ирнэ. Бид нөөцийн мах худалдаалах цэгүүдийн хуваарийг гаргаагүй. Иргэдийн санал хүсэлтийг цааш нь уламжилж өгье. Хэн хэнийгээ ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн бөөгнөрөл үүсэхээс сэргийлж, хүмүүст ирсэн дарааллаар нь дугаар олгож байна” Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Алтанзул иргэдэд тайлбарлаж байв.

“Скай” их дэлгүүрийн гадна талбайд өнөөдөр “Нүүдэлчин мах маркет” компани Налайх дүүргийн агуулахаасаа таван тонн хонины гулууз мах ачиж иржээ. Одоогийн байдлаар тонн гаруй нөөцийн мах худалдаалаад байна. Бид зориулалтын тээврийн хэрэгслээр мал эмнэлгийн шинжилгээтэй нөөцийн мах худалдан борлуулж байна гэдгийг ажилтан нь хэллээ.

“Би өдрийн 12.00 цагийн орчимд алхаж ирээд нөөцийн мах худалдан авч чадсангүй. Би өөрөө Сүхбаатар дүүргийн иргэн. Манай дүүрэгт нөөцийн махны хоёрхон цэг ажиллаж байна. Манайх арваннэгдүгээр хороололд амьдардаг. Тийм учраас гэртээ ойр цэг болох “Sky” их дэлгүүрийн гаднах талбайд ирсэн чинь 200 хүнд өгөөд, мах нь дуусчихсан байна. Уг нь дүүрэг харгалзахгүй нөөцийн мах худалдаална гэж байгаа ч цэгийн тоог нэмэх шаардлагатай юм байна. Тэгвэл хатуу хөл хориотой энэ үед иргэд бөөгнөрч, оочерлохгүй байх” гэж тус дүүргийн иргэн Л.Алимаа хэллээ.

Харин өглөө эртлэн нөөцийн маханд дугаарласан эмэгтэй “Өнөөдөр 09.00 цагт ирээд 50 дугаар авч, оочерлосон. Хонины мах нэг килограмм нь 6700 мянган төгрөгийн үнэтэй байна.Томоохон хүнсний захуудыг бодвол арай хямд үнэтэй юм. Өчигдөр Баянзүрх зах ороход мах олдохгүй, нөөцийн мах нь 9500 төгрөгийн үнэтэй байсан. Нэг хүнд нэг гулууз мах л худалдаалж байна” гэсэн юм.

   

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ТэнэглэлТэнэглэл
18
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж