АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигч олон мянган хүн нийслэл Вашингтон хотод жагссан байна. Жагсагчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, АНУ-ын төрийн далбааг барин “Сонгуулийг будлиантуулахаа зогсоо” хэмээн хашхирч байв. Хамгийн сүүлд Жоржиа мужийн үр дүн гарснаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден 306 төлөөлөгчийн санал аваад байгаа бол Дональд Трамп 232 санал авсан юм.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн тодорхой болсноос хойш нэг долоо хоногийн хугацаа өнгөрөөд буй энэ үед Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд хэд хэдэн мужийн санал тоолох ажиллагаа будлиантай болсон хэмээн зарга мэдүүлээд байгаа юм. Гэсэн ч түүнд энэ мэдэгдлээ батлах нотолгоо байхгүй байгаа билээ.
Жагсагчид Цагаан ордны ойролцоох “Freedom” плазагаас Дээд шүүхийн байр хүртэл гудамж талбайг дүүргэсэн байна. Трамп Виржиниа муж улс дахь гольфын талбай руугаа явах замдаа жагсагчдын хажуугаар өнгөрөхөд жагсаалд оролцож буй хүмүүс түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн, түүний сонгуулийн уриа болох “АНУ-ыг дахин агуу улс болгоё” гэх үгийг хэлэн хашгирч байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ