Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан. Гэвч гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу арваннэгдүгээр сарын 12-ны 6.00 цагаас 17-ны 6.00 цаг хүртэлх хугацаанд “МИАТ” ТӨХК-ийн бүх нислэгүүд хойшлогдоод буй.
Одоогийн байдлаар энэ сарын эхээр гурван тусгай үүргийн нислэгийг үйлдсэн бөгөөд долоон нислэг хойшлогдсон гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тэрбээр “Арваннэгдүгээр сард нийт 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1900 орчим иргэнээ гадаадаас татан авахаар төлөвлөж байсан. Цар тахлын нөхцөл байдлын улмаас одоогоор бүх тусгай үүргийн нислэг цуцлагдсан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэд “МИАТ” компанийн онгоцны билет захиалсан бол дараагийн тусгай үүргийн нислэг товлогдохоор шилжүүлж болно. Тухайн үед нь зохион байгуулалтыг асуудалгүй хийгээд явах болно. Жишээлбэл, Европоос ирэх 250 орчим иргэдээс 100 орчим нь билетээ захиалсан бол Токио руу хийх байсан нислэгийн хувьд Монголоос явах хүсэлтэй иргэн олон байсан. Мөн Сөүл хотоос эх орондоо ирэх хүсэлтэй 3000 орчим хүн бүртгүүлээд байна” гэв.
Бусад “МИАТ” ТӨХК-ийн нислэгтэй холбоотой асууж тодруулах зүйл байвал 09.00-18.00 цагийн хооронд 11-333-999 дугаараас лавлана уу.
Арваннэгдүгээр сард 1980 иргэнээ татан авахаар 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөөд байсан юм.
- Арваннэгдүгээр сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 6-нд Алматы-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 11-нд Токио-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 13-нд Сөүл-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 25-нд Токио-Улаанбаатар
- Арваннэгдүгээр сарын 27 Сөүл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ