
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбат өмгөөлөгч Б.Ганчимэгийг нэр төрд халдсан, гүтгэсэн гэх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд өгсөн юм. Эл хэргийг шүүх хурал энэ сарын 3-ны өдөр тус дүүргийн шүүхэд болох байсан ч Б.Ганчимэгийн өмгөөлөгч ирээгүй тул шүүх хурлын тов энэ сарын 11-ний өдрийг хүртэл хойшилсон. Өнгөрсөн хаврын турш хэвлэл мэдээллээр дуулиан тарьсан Б.Ганчимэг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Э.Амарбатыг өөрийг нь хүчирхийлсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргасан ч Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаах хэлтсээс уг хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон юм. Үүний дараа сэжигтнээр тооцогдож байсан Э.Амарбат нь эргээд нэр төрөө сэргээлгэхээр Б.Ганчимэгийг шүүхэд өгөөд байгаа билээ.
Н.Түвшин