НЭМЭЛТ: 16.30
"ЭДИЙН ЗАСГИЙН ЧИГЛЭЛЭЭР АВАХ АРГА ХЭМЖЭЭГ СУДЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ГАРСАН"
Засгийн газрын хуралдааны талаар Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаныхан мэдээлэл хийлээ.
Шадар сайд Я.СОДБААТАР:
-Дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа хамгийн зөв арга хэмжээ бол хатуу хөл хорионы дэглэм. Тиймээс 14 хоногийн хатуу хөл хорионы дэглэмийг сунгасан. Хорио цээрийн дэглэмийн шатлалыг бууруулснаар цар тахал тархах, дахин нэмэгдсэн жишээ олон бий. Бид ДЭМБ болон энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хамтран ажиллаж байгаа.
ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Одоогийн байдлаар Улаанбаатарт 9, Сэлэнгэ аймагт гурван батлагдсан тохиолдол байна. 255 орчим ойрын хавьтал, дам хавьтал нь 5300 орчим байна. Холбогдох албаныхан 4200 орчим буюу 89 орчим хувь болзошгүй тохиолдлуудыг илрүүлсэн. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж, бүх иргэд хөдөлгөөн багатай байж, болзошгүй хавьтлыг дэлгэрүүлэхгүйн тулд 14 хоног сунгахаас өөр гарцгүй байгаа юм. Мягмар гаригт зөвхөн нэг голомт, Сэлэнгэ аймагт хоёр дахь голомт үүссэн учраас цаашид шинэ голомт үүсгэхгүй, эрсдэлийг нэмэгдүүлэхгүйн тулд бидний хамтын ажиллагаанаас хамаарна. Улсын хэмжээнд 10500 орчим төрийн албан хаагчид өдөр, шөнөгүй голомтыг барих гэж ажиллаж байна. Энэ хүмүүс бүгд ар гэртэй, хоёр ээлжээр явуулах боломж байхгүй учраас энэ хүмүүсийн ажиллах орчинд хөндлөнгөөс битгий саад учруулаарай. Олон улс орны туршлагаас харахад төр, иргэд хамтран ажиллаж байж халдварыг даван туулж байна. Ерөнхий сайдаас үүрэг өгсний дагуу аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд гарах эрсдэл зэрэг эдийн засагт гарч болох эрсдэл, гарах үр дагаварыг тооцож, судлах ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тиймээс цаашид шат дараатай ямар арга хэмжээ авах талаар Лхагва гаригт тодорхой шийдвэр гаргана гэж бодож байна.
Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Улаанбаатарт нөөцийн мах худалдах цэгүүд гарч, худалдаа эхэлсэн. Махны нөөц хангалттай байгаа учраас иргэд өөрсдөө хомсдол үүсэх нь гэж сандрахгүйгээр, зөв дэглэмээ бариад худалдан авалтаа хийгээд явмаар байна. Халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж, иргэний үүргээ биелүүлж, хайртай хүмүүсээ хамгаалах ухамсартай байх хэрэгтэй байна.
"ӨНӨӨДРИЙН 2 ТОХИОЛДОЛ ЭХНИЙ ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРСАН Ч ДАВТАН ШИНЖИЛГЭЭ ЭЕРЭГ ГАРСАН"
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.
-Арилжааны банкуудын зээлийн асуудлаар тодорхой саналууд яригдаж байгаа вэ
-Засгийн газрын хуралдаанаар боломжит нөхцөл ямар байгаа, цаашид аж ахуй нэгжүүдээ дэмжих ямар арга хэмжээ авах талаар ирэх Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар оруулахаар болсон. Иргэдийн зээл, татвар гээд олон асуудал байгаа ч эрүүл мэнд амь насны асуудлыг тэргүүнд нь тавьж, шийдвэрээ гаргаж байгаа. Төсөв мөнгө,нийгэм эдийн засаг зэрэг олон асуудлыг судалж байна. Энэ өвчин амьтнаас, хатуу биеийн гадаргуу зэрэг олон зүйлээр халдварлаж байгаа учраас халдвар авсан хүмүүсийн хувийн нууц, нэр хүндэд огт халдаж болохгүй. Монголчууд нэгдэж байж аюулт өвчнийг дарж авна. Агаар дуслын замаар дамжиж байгаа учраас иргэд зөвөөр ухаарч, тодорхой иргэн, аж ахуй нэгжийн эрхэнд халдахгүй байхыг хүсч байна.
-Сэлэнгэ аймгийн 74 настай эмэгтэйг эрүүл мэндийн байгууллагад халуураад очсон тохиолдол гарсан. Тэгэхээр халуурсан шинж тэмдэгтэй хүн хэр олон байгаа вэ?
-Сэлэнгэ аймгийн тохиолдол эмнэлгийн газраар явсан нь үнэн. Тухайн эрүүл мэндийн байгууллагад уулзсан, гадуур уулзсан бүх хүмүүсийг олж, тусгаарласан. Энэ хүний ойрын хавьтал 174 хүнийг олж, шинжилгээ хийсэн. Хоёр дахь хавьтлын хүмүүсийг мөн олж тогтоож, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Сэлэнгэ аймгийн халдварын голомтод нэг ч халдвар илрээгүй.
Сүүлийн хоёр тохиолдол ТЭСО компанийн борлуулагч, менежер гэсэн. Хавьтагч нарыг тогтоосон уу?
-Сүүлийн хоёр тохиолдол эхний тохиолдлын ойрын хавьтал байсан бөгөөд эхний шинжилгээгээр халдвар илрээгүй байсан. Сүүлийн хоёр тохиолдлын ойрын 91, дам хавьтлын 1300 хүнийг илрүүлсэн. Ойрын хавьтлуудын анхны шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Батлагдсан тохиолдлуудтай холбоотой үргэлжлүүлсэн тандалтуудыг хийж байна. Нууц үеийн хугацаа 14 хоног учраас ажиглалтад, илрүүлэлтийн ажил үргэлжилж байна.
-Орон нутгаас ирсэн олон иргэд бий. Энэ хүмүүсээс шинжилгээ аваад буцааж болох уу?
-Улаанбаатарт ирээд гэрлүүгээ явах гэсэн хүмүүс олон байна. Зөвхөн зохион байгуулалттайгаар буюу хурал, олон нийтийн арга хэмжээнд орохоор ирсэн 500 гаруй хүмүүс Улаанбаатарт ирсэн байна. Мөн хувийн шалтгаанаар ирсэн хүмүүс гацсан байна. Одоогоор иргэд энэ асуудал дээр хүлээцтэй хандаж, ойрын болон дам хавьтлыг бүрэн гүйцэд тогтоож дуусаагүй байгаа. Халдвар авсан 12 хүмүүсийн ойрын хавьтал 255 хүн, дам хавьтлын 5000 орчим хүмүүс байгааг олж тогтоосон. Гэхдээ халдварын нууц үе 14 хоног учраас эхний шинжилгээ сөрөг гарсан гээд хөдөө орон нутаг руу явуулах боломжгүй байна. Хавьтлуудыг бүрэн тогтоосон бол орон нутгийн иргэдийг гаргах чиглэлээр тодорхой санал гаргахаар ажиллаж байна. Бодит нөхцөлийг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө уужуу хандаасай гэж хүсч байна.
-Хөл хорио тогтоож байна гэчээд нөөцийн махны борлуулалт дээр алдаа гарч байна. Энэ асуудлыг арай өөр аргаар зохион байгуулж болохгүй юу?
-Улаанбаатарт хотын жирийн үеийн махны хэрэглээ 110-130 орчим тонн байдаг ч 350-470 тонн мах нийлүүлэгдсэн. Иргэдийн махны хомсдол үүсгэхгүйн тулд 17 цэг дээр нөөцийн мах борлуулж байгаа ч цаашид нэмэх шаардлага байгааг судалж байна. Нөөцийн мах хангалттай байгаа учраас иргэд ухамсартай байж, дэглэмээ зөв сахих шаардлагатай байна. Хорионы хугацаанд махны хомсдол үүсэхгүй шүү. Энэ жил бид 20 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөж байгаа.
-Эмч мэрэгжилтнүүд өөрсдөө халдвар авч байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хэрхэн бэлтгэж байна вэ?
-ХӨСҮТ-д 7 эмч, сувилагч халдвар авсан тохиолдол бий. Бид өнгөрсөн хугацаанд халдвар хамгааллын үед ажиллах сургалт, хувцасаа тайлахаас эхлээд бүх шатны эмч, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулсан. Сургалт явуулсан ч халдвар хамгааллын дэглэм алдагдах тохиолдол гарлаа гэж бид үзэж байна. Эмч, эмнэлгийн ажилтнууд удаан хугацаанд ажилласан учраас дархлаа суларсан зэрэг олон шалтгаан байгааг бид судалж, шалтгаануудыг арилгах чиглэлээр ажиллаж байна. Цаашид хяналт, сэрэмжээ сайжруулахаар ажиллаж байна. Тусгаарлах байруудад ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж байгаа талаар хяналт, шинжилгээ хийж байна. Ямар нэг алдаа, дутагдал байвал бид арилгах чиглэлээр ажиллана. Халдвар хамгааллын дэглэм шалгах хяналт шалгалт хийж байгаа учраас тусгаарлалтаас гарах иргэдийг нэг, хоёр хоног гаргахгүй байх тохиолдол үүсч байна. Мөн бид түргэвчилсэн тест болон ПСР шинжилгээгээр баталгаажуулж байгаа. Өчигдөр гэхэд 900 хүнд шинжилгээ хийхэд түргэвчилсэн тестеер эерэг гарсан ч ПСР шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдол үүссэн. Тиймээс бид бүх шинжилгээг баталгаажуулж, шинжилгээ авах цэгийг нэмж, 17 болгохоор ажиллаж байна.
-Энхсаран сувилал дээр халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Тусгаарлалтын дэглэм сахих чиглэлээр ямар арга хэмжээ авч байна вэ?
-Энхсаран сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан, иргэдийн хариуцлага байдал бас тогтоогдсон. Нэг өрөөнд нэг иргэн гэсэн зарчмыг шалгаж, халдвар хамгааллын дэглэмээ сахих чиглэлээр анхаарсны дараа тусгай үүргийн нислэгийг нээнэ гэсэн бодолтой байна. Манай улсад халдвар бүртгэгдсэн тохиолдлыг зөөвөрлөгдсөн, голомтот, Энхсаран гэсэн гурван тохиолдлуудаас 40 гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон. Энхсаран сувиллаас халдвар гарсан тухайн өдөр нь бүх хүмүүсийг ХӨСҮТ-д тусгаарлаж, эмчилгээ хийж байсан.
-Сайжруулсан түлшний нөөц хэр байгаа вэ. Түлээ, нүүрсний үнэ маш өндөр байна?
-Түлшний нөөц хангалттай байгаа. Ялангуяа 285 борлуултын цэгээс 2018 тонн түлшний захиалга ирснийг түгээлтийн үйлчилгээг зохион байгуулж байна. Шахмал түлшний нөөц хангалттай.
-Хөл хорионы үед хуулийн байгууллага ямар зохион байгуулаттай байна вэ?
-Хөл хорио цээрийн дэглэмийг тусгай зохион байгуулалттайгаар буюу 158 хороонд, 5000 гаруй цагдаагийн албан хаагч хоёр ээлжээр ажиллаж байна. Захын дүүргүүдээр иргэд холхих тохиолдол байна. Нөөцөд байсан тодорхой хэмжээний хүн хүчийг өчигдрөөс эхэлж, дайчилж ажиллаж эхэллээ. Иргэдийн зүгээс халдвар хамгааллын дэглэмээ сахих шаардлагатай байна. Мөн дам хавьтлуудыг олж тогтоож, судлах ажил хүндрэлтэй байна.
ШУУД: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
Posted by News.mn on Sunday, November 15, 2020
ЗГ: ХӨЛ ХОРИОГ 14 ХОНОГООР СУНГАЛАА
НЭМЭЛТ: 15.50
Эрүүл мэндийн яам болон Эрдэмтдийн зөвлөл хуралдаж, Улсын онцгой комисст хөл хорионы хугацааг 14 хоногоор сунгах санал хүргүүлсэн билээ. Уг саналыг УОК, Засгийн газар дэмжиж хөл хориог 14 хоногоор сунгахаар боллоо. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаанаар УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа.
Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, зохицууулалтаар ханган ажиллах эрхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт олголоо. Мөн их, дээд сургуулийн оюутны дотуур байранд байгаа оюутны нарийвчилсан судалгааг дахин гаргаж, оюутныг хоол хүнс, ариутгал, эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангах зардлыг цэцэрлэгийн хоол, ЕБС-ийн үдийн цайны зардлын хэмнэлтээс зарцуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад зөвшөөрсөн байна.
Энэ хугацаанд одоо явагдаж буй тандалт судалгааны ажлыг дуусгах , цаашид тохиолдлын дам халдваруудыг тогтоох, шинжилгээнд хамруулах ажлуудыг өргөн хүрээнд хийх шаардлагатай гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн хүн амын дунд санамсаргүй түүврийн аргаар 4000-5000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөжээ.
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд дэлгэрнгүй мэдээллийг бид удахгүй хүргэнэ.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 14.08
Улсын онцгой комиссын хуралдаан дуусч, яг одоо Засгийн газар хуралдаж байна. Улсын онцгой комиссын хуралдаанаар хөл хориог дахин 14 хоногоор сунгах болон бусад цаг үеийн мэдээллийг сонсч, саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
НЭМЭЛТ: 11.15
Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ. Эрүүл мэндийн яамны судлаач, эмч нарын зөвлөл өглөө хуралдаж, тав хоногийн хөл хориог дахин 14хоног сунгах санал гаргасан билээ. УОК-ын хуралдаанаар энэ санал болон бусад цаг үеийн мэдээллийг сонсох юм.
Үүний дараа 14.00 цагт Засгийн газар хуралдана.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАНА
Монгол Улсад covid-19-ийн халдвар илэрсэнтэй холбогдуулан бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, Улсын онцгой комисс шуурхай хуралдаж, зарим шийдвэр гаргах, иргэдэд мэдээлэл өгч буй. Тэгвэл өнөөдөр /2020.11.15/ 11.00 цагт Улсын онцгой комисс хуралдах юм байна.
Улсын онцгой комиссын өчигдөр орой өгсөн мэдээллээр Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 426, үүнээс 328 нь эдгэрсэн, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн Covid-19 халдварын голомтод нийтдээ есөн тохиолдол батлагдсан гэж мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ