Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2020.11.14/ танилцуулан мэдээлэл хийлээ.
🔴 ШУУД | Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна#NewsMN #NewsAgency
Posted by News.mn on Saturday, November 14, 2020
Монгол Улсын Шадар сайд Я.СОДБААТАР:
-Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гурван чухал шийдвэрийг гаргасан. Юун түрүүнд, халдварын голомтод ажиллаж байгаа төрийн албан хаагчдад урамшуулал олгохоор боллоо. Тодруулбал, эхний ээлжид 14809 алба хаагчдад Засгийн газрын нөөц хөрөнгөөс урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Мөн зарим нэр төрлийн барааг гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх шийдвэрийг УИХ-д өргөн барина. Хүнсний хангамжаа тогтвортой барих аюулгүй байдлын нөөц бүрдүүлэх зорилгоор гаднаас улаанбуудай, үрийн буудай авахаар боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өнөөдөр Улаанбаатар хотод багц өвчлөлийн голомтод ойрын хавьтал 97 хүний давтан шинжилгээг хийхэд жолооч Д-ийн охин, ахынх нь эхнэр болон хүүхдээс нь Covid-19 илэрсэн. Дээрх гурван хүн нь жолооч Д-ийн ойрын хавьтал байсан учраас ХӨСҮТ-ийн ажиглах хэсэгт тусгаарлагдаж байсан. Мөн өмнө нь ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглагдаж байсан долоон хүний шинжилгээнд Covid-19 илэрсэн. Ингээд Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 426, үүнээс 328 нь эдгэрсэн, ажиглалтад 16, гэрийн ажиглалтад хоёр хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байна. Улаанбаатарт бүртгэгдсэн Covid-19 халдварын голомтод нийтдээ есөн тохиолдол батлагдсан. Дархан-Уул аймагт 173 хүнд хяналтын шинжилгээ хийхэд Covid-19 илрээгүй. Сэлэнгэ аймагт 150 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнд халдвар илэрсэн. Халдварын голомтын тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн явагдаж байна. Халдвартай хүмүүстэй хол, ойрын хавьтал болсон иргэд маршрутаа санахгүй байх, мартах, худлаа хэлэх зэрэг байдлаас болоод үргэлжлүүлэн тандалт судалгаа хийхэд хүндрэлтэйбайна. Өнөөдөр тандалт хийх явцад батлагдсан тохиолдолтой караоке, цайны газарт хавьтал болсон хүмүүс илэрсэн.
Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны “Говь-Сайхан” карокед арваннэгдүгээр сарын 9-ний 17:00-20:00 цагийн хооронд байсан иргэд, мөн дээрх хорооны “Өгөөж-1” цайны газарт 12:00-14:00 цагийн хооронд, мөн “Топаз” зочид буудалд байсан иргэд Эрүүл мэндийн яамны 119 тоот утас, ХӨСҮТ-ийн холбогдох утсанд холбогдож зөвлөгөө, зөвлөмж авахыг хүсч байна.
Ер нь Covid-19 халдварыг дотооддоо алдсанаас хойш мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтэд үндэслэн хөл хориог тав хоногоор тогтоосон ч хөл хорио сунгах магадлалтай байна. Энэ нь эцсийн дүндээ иргэдийнхээ дунд халдварыг тархаахгүйн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэдгийг ойлгоорой.
ДАРАА НЬ СЭТГҮҮЛЧДИЙН СОНИРХСОН АСУУЛТАД ХАРИУЛЛАА
-Маргаашаас эхлэн зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтнууд хувийн авто машинаар зорчих боломжгүй гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?
–Хориглох шийдвэр гараагүй.
-Хавьтлуудын хамрах хүрээг хэдий хэр хугацаанд барьж авахаар төлөвлөж байна вэ? Цаашдаа нөхцөл байдал улам л хүндрэх шинжтэй байна шүү дээ?
–Халдварын голомтыг хумихын тулд маш олон төрлийн арга хэмжээг авч ажиллаж байна. Тиймдээ ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай уялдаа холбоотой хамтран ажиллаж байна. Бид халдварын голомтыг богино хугацаанд илрүүлж, хумих боломж байна гэж харж байгаа ч бэрхшээлтэй зүйл их тулгарч байна. Ард иргэд ухамсартай байж маршрутаа үнэн зөвөөр өгөх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд хугацаа алдахгүйгээр хавьтлуудыг тогтоож халдварын тархалтыг хумих боломжтой юм.
Халдварын нууц үеийн хугацаа 14 хоног. Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн 14 хоног халдварын вирусийг биедээ тээж байгаад 15 дахь хоногтоо ялгаруулж болно. Тийм учраас халдвар нь гинжин хэлхээ хэлбэрээр үргэлжлэн явагддаг. Анхны хавьтал тогтоох шинжилгээ 24-48 цагийн хооронд явагддаг. Нөгөө талаараа эхний шинжилгээ сөрөг гарсан үед дахин давтан шинжилгээ хийж байгаа. Тиймээс 14 хоногт халдварын шинжилгээг хэд ч авч болно. Тэр үед хүмүүст халдвар илрэхийг үгүйсгэхгүй. Нийт хавьтлын тоо 2700 орчим байгаа. Өнөөдрийн байдлаар 2000 орчим шинжилгээнүүдийг хийсэн. Өнөөдөр гэхэд нийслэлд үүсгэсэн 11 цэг дээр 400 гаруй хүнээс түргэвчилсэн оношлуураар болон, PCR шинжилгээг авсан. Сэлэнгэ аймагт хоёр цэг дээр 200 гаруй хүнээс шинжилгээ авсан бол Дархан-Уул аймагт шинжилгээ авах үйл ажиллагаа эхлээд явж байна.
-Төрийн алба хаагчдад олгох урамшууллыг аймаг, нийслэл гэлтгүй адилхан олгох уу? Нэг алба хаагчдад хэдэн төгрөгийн урамшуулал олгох уу?
-Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан буюу ачаалалтай байгаа гурван аймгийн хилийн боомтууд, эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналт, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад урамшуулал олгоно. Дээрх хүмүүст нэг сарын үндсэн цалинийн дундаж хэмжээгээр урамшуулал олгох юм. Эхний ээлжид 14809 алба хаагчдад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 13 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн. Бусад аймагт ажиллаж байгаа алба хаагчдыг одоохондоо оруулаагүй байгаа.
-Ямар бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх саналыг гаргасан бэ?
–Бүх төрлийн будаа буюу цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тос зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, мөн малын бүх төрлийн тэжээл, хүнсний улаан буудай, улаан буудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхөөр болсныг УИХ-д өргөн барина.
-Хүссэн хүн бүр Covid-19 халдварын шинжилгээг өгөх бүрэн боломжтой юм уу? 150 мянган төгрөгийн үнэтэй гэх мэдээлэл байна. Энэ цаг үед 150 мянган төгрөг төлөөд шинжилгээ өгөх иргэн ховор шүү дээ?
-Иргэд сайн дураар шинжилгээнд хамрагдахад үнэгүй. Сонирхсон иргэд ирэх Даваа гаригаас шинжилгээ өгөх боломжтой. Өнөөдөр болон маргааш зөвхөн хавьталд орсон гэж тооцогдож байгаа тоглолт үзсэн хүмүүс шинжилгээ өгнө. Мөн нийслэл, аймаг, дүүргийн лавлагаа шатны эмнэлгүүдээр түргэвчилсэн оношлуур тараагдсан. Шаардлагатай иргэдэд шинжилгээг хийнэ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ