Дэлхий дахинд дэгдсэн Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хилээ хааж, хөл хорио тогтоосон. Үр дүнд нь, халдварыг дотоодод алдалгүй өдийг хүртэл тэссэн. Гэвч “дотоодод халдварыг алдаагүй” гэх ганцхан шалтгаанаар анхаарал суларч, сонор сэрэмжээ алдсанд төр, иргэний аль аль нь буруутай. Тусгаарлах байрны хяналт алдагдсан, 14 хоногийн гэрийн дэглэмийг цуцалсан. Тусгаарлалтын 21 хоногийн дэглэмээс гарсан иргэн нийтийн тээврээр зорчиж, тэр бүү хэл эхнэр, дүүтэйгээ тоглолт үзсэн нь хувь хүний хариуцлагагүй зангийнх.
Нэг хариуцлагагүй хүний үйлдэл нийтэд ямар хор хөнөөл авчирч, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг бид бусад улс орнуудын адил нийтээрээ амсч байна. Уг нь бид халдварыг дотоодод алдалгүй цаашид ч тэсэх боломж нь байсан. Эрүүл мэндийн яамнаас цаг үргэлж сануулсан анхааруулгыг нэг удаа тоосон бол, хөл хориогоо сулруулаад алдсан улс орнуудын гашуун туршлагыг өөрсөд дээрээ нэг тусгасан бол өнөөдөр нийтээрээ “хоригдох”-гүй байх боломж байсныг ч үгүйсгэхгүй.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад covid-19 халдварын нийт батлагдсан 416 тохиолдлоос 17 нь дотоодынх. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын хүн мянга мянгаар яригдаж байна. Энэ бол гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд бага тоо биш. Хэдийгээр цар тахлыг хумих үүднээс Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоосон ч нөхцөл байдал хүндэрвэл эдийн засаг элгээрээ хэвтэх үү гэх асуудал хөндөгдөж байна.
Улсын онцгой комиссоос хөл хорионы хатуу дэглэмийг үргэлжлүүлэн сунгах тухай ярьж байгаа ч эдийн засгаа сэргээхэд уян хатан бодлого шийдвэр хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл хорионы дэглэмийг үе шаттайгаар сулруулж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээх шаардлагатай нь үнэн.
Энэ талаар эдийн засагчид байр сууриа илэрхийлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн ч хөл хорионы дэглэмийн үед экспорт, импорт хумигдсан төдийгүй дундаж давхаргынхан ядуусын эгнээ рүү гулсах эрсдэл бий. Статистик сөхвөл, энэ оны хоёрдугаар улиралд нийт 8000 ажлын байр цомхтголд орох МҮХАҮТ-ын “Covid-19” вирусийн ажлын байрны нөлөөллийн судалгааны тайлан, судалгаа гарч байв. Гэсэн ч хөл хориог нийтэд нь цуцалж, энгийн горимд шууд шилжих нь өндөр эрсдэлтэй тул Засгийн газраас хязгаарлалт арга хэмжээг үе шаттайгаар сулруулж, аж ахуй нэгж, ард иргэд ч энэ шийдвэрийг дагаж мөрдөх нь зүйтэй. Хөл хориог сулруулмагц олон нийтийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, тэр хэрээрээ халдвар тархах эрсдэл өндөр тул адаглаад баар цэнгээний газар, үзвэр үйлчилгээг нээхийг хойшлуулах хэрэгтэй.
Б.ЦЭЦЭГ