ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ | News.MN

ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ

COVID-19

ЭМЯ: ХӨСҮТ-ийн хоёр эмчээс халдвар илэрлээ

ШУУД: Эрүүл мэндийн яам

ЭМЯ: Covid-19 нөхцөл байдлын хэвлэлийн бага хурал

Posted by News.mn on Friday, November 13, 2020

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар халдварын нийт 416 тохиолдол батлагдаад байна. Тэдний 328 нь эдгэрчээ.

ХӨСҮТ-ийн гурван лабораторит нийт 820 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс covid-19 илэрчээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй хоёр эмчээс халдвар илэрчээ. Мөн дөрвөн настай хүүхдийн давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна.

ӨНӨӨДӨР 11 ХҮН ЭДГЭРЧ ХӨСҮТ-ӨӨС ГАРЛАА 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

Нийслэлд бүртгэгдээд буй өвчний голомтын шинжилгээ буюу батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнээс шинжилгээ хийхэд нэг хүнээс covid-19 илэрлээ. Энэ нь дөрвөн настай хүүхэд. Мөн хоёрдогч хавьтал 2775 хүний илрүүлж 646 хүний шинжилгээний хариу гарч, covid-19 илрээгүй. ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын дунд нийт батлагдсан тохиолдол долоо боллоо. Тандалт судалгаа үргэлжилж байна. Сэлэнгэ аймагт шуурхай хариу арга хэмжээний баг ажиллаж байна. Батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтал 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийхэд урьдчилсан байдлаар 103 хүнээс халдвар илрээгүй байна. Мөн Дархан-Уул аймагт 136 хүнд шинжилгээ хийхэд covid-19 илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 11 хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. ХӨСҮТ-д батлагдсан 83 хүн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр ажиглалт тандалт дууссан 310 хүн байна. Мөн гадаадын таван иргэн нутаг буцжээ. Тус төвийн клиникт халдварын батлагдсан 83 хүн эмчлүүлж байгаагийн биеийн байдал хүнд 1, хүндэвтэр 16, хөнгөн 66 хүн байна. Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 158 хүн ажиглалт тандалтад байгаа аж.

ТАНДАЛТААР 14 ЭМНЭЛЭГ БЭЛЭН БАЙДЛАА ХАНГААГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

УОК-ийн шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод буй. Иймд, хүнсний дэлгүүр, худалдааны төв, эмийн сангаас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаанд хаагаад байгаа юм. Гэвч махны худалдааны төвүүдэд иргэд бөөгнөрөх,  халдвар хамгааллын дэглэм сахиулахад  хүндрэлтэй нөхцөл үүсч  байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодотгов. Энэ талаар тус газрын дэд дарга Г.Сугарбат  “Махны худалдаа эрхэлж буй зах, худалдааны төвүүд халдвар хамгааллын дэглэм сахихад онцгой анхаарах шаардлагатай” хэмээн анхааруулав. Мөн эрүүл мэндийн байгууллагад бэлэн байдлыг хангуулах чиглэлд хяналт тавьсан байна. Тандалтаар 114 эмнэлгээс 14 эмнэлэг халдвар хамгааллын бэлэн байдлаа хангаагүй зөрчил илэрчээ. Иймд, бэлэн байдалд шилжихийг сануулсан байна.

МАХНЫ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ САХИУЛАХАД ХҮНДРЭЛТЭЙ

МХЕГ-ын Дэд дарга Г.Сугарбат:

-Хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нийт 2200 алба хаагч 24 цагаар ажиллаж байна. Хорио цээрийн дэглэм тогтоосон үед бид бүхэн кино театр, урлаг соёл, шашин сүм хийд, цахим тоглоомын газар, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 770 аж ахуй нэгжид хяналт тавьж байна. Мөн цагийн хязгаарлалт тогтоосон ресторан кафе, бөөний төв, хүнсний дэлгүүр зэрэг 3426 аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд тогтмол шалгалт явуулж байгаа. Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорионы дэглэмийг мөрдөөгүй аж ахуй нэгжүүдийг бид торгохоос илүү сануулга өгч байна. Аж ахуй нэгжүүдийн тухайд ялангуяа худалдааны бөөний төв, махны худалдааны төвүүдэд халдвар хамгааллын дэглэм сахиулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байна. Хөл хориог чангаруулснаар өнөөдрөөс хөл хорионы дэглэмд шилжиж эхэллээ. Гэсэн ч иргэд дор бүрнээ ухамсартай байж, амны хаалтаа зүүж, олон хүн бөөгнөрсөн газарт очихгүй байх, бөөгнөрөл үүсгэхгүй онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулъя гэлээ.

ХҮНСНИЙ ХАНГАМЖ ХИЛЭЭР СААДГҮЙ НЭВТЭРЧ БАЙНА

Улсын хэмжээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх 6054 цэг бий. Эдгээр цэгүүдэд мэргэжлийн хяналтынхан хяналт тавьж буй.  Өчигдөр /2020.11.13/ нийт 10831  тээврийн хэрэгсэл давхардсан тоогоор хөдөлгөөнд оролцсон байна. Мөн хилийн боомт, гүнийн гаальд хяналт тавихад гарах чиглэлд 1607 тээврийн хэрэгсэл гарч, ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. Газрын тосны 48 тээврийн хэрэгслээр нийт 1785  тонн  газрын тос  экспортод гарчээ. Мөн 1425 тээврийн хэрэгслээр 138.602 тонн нүүрс экспортолжээ. Улсын хилээр 2259 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Ингэхдээ хүнсний болон холбогдох хангамж улсын хилээр саадгүй нэвтэрч байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагаас аймаг орон нутгийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарч, тодорхой төлөвлөгөөтэй ажиллахыг албан бичгээр сануулсан байна.

ХҮНСЭЭ ИХ ХЭМЖЭЭГЭЭР НӨӨЦЛӨХ НЬ ХООЛНЫ ХОРДЛОГО БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ

Эрүүл мэндийн яамны мэдээлснээр улсын хэмжээнд 450 гаруй эмч мэргэжилтэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Мөн өнгөрсөн хоногт 3000 орчим иргэн covid-19 халдварын талаарх зөвлөгөөг авсан байна. Иргэдийн тухайд хүнс цуглуулахдаа амархан муудаж болзошгүй хүнс их хэмжээгээр нөөцөлжээ. Улмаар  сүүлийн гурав хоногт хоолны хордлогын эмгэг өсөх хандлага ажиглагдсан байна. Иймд, түргэн хоол, чихэрлэг бүтээгдэхүүнээс татгалзаж давс багатай, дархлаа дэмжих хоол хүнс хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөв. Гэртээ байгаа нөхцөлд иргэд өдөрт 8-12 аяга халуун бүлээн шингэн уух, аарц цагаан идээ, зэрлэг жимс хэрэглэх нь халдвараас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг дахин санууллаа.


СЭЛЭНГЭ АЙМАГТ БАТЛАГДСАН ГУРВАН ТОХИОЛДОЛ ХӨСҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ  болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Монгол Улсад Covid-19 халдварын нийт батлагдсан 416 тохиолдлын хэчнээн нь дотоодын халдвар байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Манай улсад Covid-19 халдварын  нийт батлагдсан 416 тохиолдол бүртгэгдээд байна. ХӨСҮТ-ийн долоон эмч ажилтан болон Сэлэнгэ аймагт гурван тохиолдол батлагдсан. Бусад нь гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдсөн тохиолдол юм.

Эрүүл мэндийн яамны 119 шуурхай утасны ачаалал хэр нэмэгдэж байна вэ. Жолоочийн дөрвөн настай хүүхдээс халдвар илрээд байна. Тухайн хүүхдийн цэцэрлэгийн ангийнхныг тусгаарлалтад авсан уу. Хүүхдүүдийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?

-Эрүүл мэндийн яамны 119 шуурхай утсаар  өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн  covid-19 халдварын талаарх зөвлөгөөг өгч эхэлсэн. Иргэдийн тухайд утсаар холбогдож зөвлөгөө авах нь их байгаа. Түүнчлэн халдварын голомтод тандалт судалгаа хийхэд  цаг хугацаа их зарцуулж байгааг та бүхэн, иргэд, олон нийт ойлгох хэрэгтэй. Эхний байдлаар ойрын хавьтал болох 150 хүнийг тусгаарласан. Судалгаагаар хавьтлын тоо нэмэгдэж болно.

-Сэлэнгэ аймагт Covid-19 халдвар илэрсэн гурван хүн болон ойрын  ба дам хавьтлын хэчнээн хүнийг тусгаарлаад байна вэ. Хэчнээн хүнд түргэн оношлуураар шинжилгээ авсан бэ. Үүнээс гадна түргэн оношлуурын нөөц дууссан гэх мэдээлэл байна. Сөүлээс өчигдөр түргэн оношлуур хүлээн авсан ч цаашид нөөц хэр байна вэ?

-Дэлхий нийтэд  covid-19 халдвар дэгдсэн цагаас эхлэн манай улс халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангаж эхэлсний нэг нь түргэвчилсэн оношлуур. Засгийн газар, ДЭМБ, хандивлагч орнуудаас түргэвчилсэн оношлуурын хангалт авсан. Тэгэхээр түргэвчилсэн оношлуурын хангалттай нөөц бий. Өчигдрийн тухайд  нэмэлтээр ээлжит  татан авалтаа хийсэн. Мөн их хэмжээгээр нь нөөцлөх нь эрсдэлтэй тул богино хугацаанд олон удаагийн эм тариа, оношлуурын татан авалт хийдэг юм.

Сэлэнгэ аймагт өчигдрийн байдлаар 150 хүнээс шинжилгээ авахад 103 хүний хариу сөрөг гарсан. Цаашид хавьтлын тоо нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Энэ бүхэнд түргэвчилсэн оношлуур хангалттай хүрэлцэнэ.

Иймд түргэвчилсэн оношлуур хүрэлцэхгүй гэх шалтгаанаар шинжилгээ хийхгүй гэсэн асуудал гараагүй.

-Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс халдвар илэрсэн. Тухайн иргэн хаанаас халдвар авсныг нь тогтоосон уу. Мөн дөрвөн настай хүүхэд  covid-19 халдвараар өвдлөө. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэр байна вэ?

-Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн гурван тохиолдол ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Биеийн байдал хөнгөн байна. Халдварын эх үүсвэрийг тогтоох тандалт судалгаа үргэлжилж байгаа тул одоогоор мэдээлэх боломжгүй.

-Өнөөдрөөс эхлэн гэрийн тусгаарлалтын 14 хоногийн дэглэмийг сэргээж байна.Ажиглалтад хэчнээн хүн байна вэ. Энэ хугацаанд хэдэн удаагийн шинжилгээ авах вэ. Мөн covid-19 илрүүлэх шинжилгээ авах 11 цэгээр хэчнээн иргэн үйлчлүүлсэн бэ. Иргэд сайн дураараа шинжилгээнд хамрагдах боломжтой юу?

-21 хоногийн дэглэмээс гэрийн 14 хоногийн ажиглалт руу шилжиж байсныг сар орчмын өмнө цуцалж байв. Тухайн үед манай улс халдварыг дотоодод алдаагүй, гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдлын өвчлөл буурч байсан.

Түүнчлэн иргэд гэрийн тусгаарлалтаа цуцлахыг цахимаар шаардаж, Сүхбаатарын талбайд болон яамны үүдэнд жагсч, биднийг маш их шахсан. Иймд 14 хоногийн дэглэмийг цуцалсан.

Өчигдрөөс УОК-ын шийдвэрээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор 14 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэмийг эргэн сэргээсэн. Үүнээс гадна шинжилгээ авч буй 11 цэгт нийслэлд бүртгэгдсэн кластер өвчлөлийн хоёрдогч хавьтлын 3000 орчим хүн бий. Эдгээр хүмүүсийн нэр, утасны дугаар тодорхой болсон тул эхний ээлжид утсаар дуудаж, харьяаллын дагуу шинжилгээ авна. Энэ нь иргэдийн бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж байгаа юм. Сорьц цуглуулах 11 цэгээс авсан шинжилгээг нэгтгэж, ЗӨСҮТ-ийн лаборатори дахин шинжилгээ хийнэ. Өчигдрөөс эхлэн бид бүхэн дөрвөн цэгт  батлагдсан тохиолдол, оюутнуудын хоёрдогч хавьтал 140 гаруй хүний шинжилгээг авсан. Эхний ээлжид голомтын шинжилгээнүүд авсны дараа иргэд хэрхэн оношлуулах талаар тухайн үед зохицуулалт хийнэ.

Хэрэв хавьтал болоогүй бол заавал шинжилгээ өгөх гэж хавьтал болсон эрсдэлтэй хүмүүстэй харилцаа үүсгэх шаардлага байхгүй. Иргэд гэртээ дор бүрнээ өөрсдийгөө хянах хэрэгтэй.

Хэрэв эмнэлзүйн ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл Эрүүл мэндийн яамны шуурхай 119 утсанд хандах, ХӨСҮТ болон бусад мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй.

-Халдвараас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн хяналтын байгууллагаас орон сууцны конторуудад хяналт тавьж байна уу. Ялангуяа орон сууцны цэвэрлэгээ ариутгал халдваргүйжүүлэлт хангалтгүй байна. Цэвэрлэгээнд СӨХ болон орон сууцны конторуудад хяналт бий юу?

-Нийслэлийн хэмжээнд орон сууцны контор, холбогдох байгууллагуудад хяналт тавьж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллагаас өчигдөр 710 аж ахуй нэгжийн хог хаягдал, цэвэрлэгээнд хяналт тавьсан. Үүнд, орон сууцны контор, бусад байгууллага хамрагдсан. Мөн 489 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сахиулахад хяналт тавьсан. Өнөө өглөөнөөс  цахилгаан станцуудад халдвар хамгааллыг хэрхэн сахиж буй талаар хяналт тавьж байна.

-Хөл хорионы дэглэмийг сахиулахад цагдаа, дотоодын цэрэг, мэргэжлийн хяналтын 5000 гаруй алба хаагч хяналт тавьж ажиллаж байна. Эдгээр алба хаагчдын аюулгүй байдлыг хамгаалахад хэрхэн анхаарч байна вэ. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна шүү дээ?

-Нийслэлд халдвар хамгааллын дэглэм сахиулахаар мэргэжлийн хяналтын 208 алба хаагч шөнийн 02:00 цаг хүртэл ажиллаж, өглөөний 06:00 цагаас хяналтаа эхлүүлж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сахиулах хүрээнд аль цэгт ажиллаж буйгаас хамаарч хамгаалах хэрэгслийн нөөц боломжид тулгуурлан ажиллаж байна.

Хилээр хүнсний бараа бүтээгдэхүүн нэвтрүүлэхэд хяналт тавих чиглэлд мэргэжлийн хяналтын алба хаагчид иж бүрэн хамгаалах хэрэгслийн хувцастай ажиллаж байна. Гудамж талбайд ажиллаж буй алба хаагчдыг  иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангах боломжгүй.

Тэд амны хаалт, бээлийтэй ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтынхан түүхий нүүрсний хяналтыг чангаруулж байна. Иргэдийн зуны улиралд нууцаар нөөцөлсөн түүхий нүүрсийг илрүүлэхээр хяналт тавьж ажиллаж байна.

Улаанбаатар хотын хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна уу?

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж гүйцэтгэж буй. Үүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт тавьдаг. Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 1310 объектод ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн. Жишээ нь, Дархан хотод хавьтал бүхий хүн дөрвөн газраар орсныг ЗӨСҮТ ариутгасан. Халдварын голомт болон дамжин өнгөрсөн газруудыг ЗӨСҮТ-өөс ариутгаж байна. Мөн гудамж талбайг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж ариутгаж байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж