Я.Содбаатар: Хөл хорионы хатуу дэглэмийг дахин сунгаж болзошгүй | News.MN

Я.Содбаатар: Хөл хорионы хатуу дэглэмийг дахин сунгаж болзошгүй

Я.Содбаатар: Хөл хорионы хатуу дэглэмийг дахин сунгаж болзошгүй

НЭМЭЛТ: 

🔴 ШУУД | Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД | Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийж байна #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Friday, November 13, 2020

Улсын Онцгой Комиссоос гаргасан шийдвэрийн талаар 21.10 цагт мэдээлэл хийлээ.


Шадар сайд Я.Содбаатар:

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байна. 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байна.

Ерөнхий сайд улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэл өгсөн. Энэ дагуу ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнөөдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүлсэн. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Хүнсний тээвэр хийх машины асуудлыг зохицуулж байна. Тусгай зориулалтын машинд зөвшөөрөл олгоно. Орон нутгаас мал ачаад гарлаа гэхэд Мал эмнэлгээс нь бичиг аваад гарна. Түүнийгээ үзүүлээд нэвтэрнэ.

Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ.

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй иргэн бий,  хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шаардлагатай хүнсээ авах мөнгийг нь шилжүүлнэ.

Дотуур байранд байгаа хүүхдүүдэд хүнсний багц оруулна. Дархан Уул, Сэлэнгэ аймаг хатуу хөл хорионд шилжсэн учраас дотуур байрны хүүхдүүдийг хүнсээр хангах ажлыг зохион байгуулна.

Сэлэнгэ аймагт шинэ тохиолдол илэрсэн учраас Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Дархан-Уул аймагт Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон, шинжилгээ тандалт хийж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй.

Дээрх мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хорионы улмаас гацсан иргэд цөөнгүй байна. Тэднийг орон нутаг руу нь явуулах боломж байгаа юу. Нийслэлээс гаргахгүй байна гэдэг гомдлыг ирүүлэх боллоо?

– Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломжгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч хөл хорионы хатуу дэглэмийг сунгаж болзошгүй.

-Иргэдийн арилжааны зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах уу. Судалж байна гэдэг зүйл яригдсан юу болж байна вэ?

-Одоогоор асуудлыг судалж байна. Гэхдээ эхний удаад дотоодод илэрсэн халдварыг хяналтдаа авах чиглэлээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна.

-Сэлэнгийн халдварын тохиолдол хаанаас эх үүсвэртэйг тогтоож чадсан уу?

-Улаанбаатар хот болон Сэлэнгэд гарсан халдварын тохиолдлууд нэг эх үүсвэртэй юу,  үгүй юу гэдгийг эцэслэж тогтоогоогүй байна. Бид олон таамаг дэвшүүлээд эхнээс нь мухарлаад явж байгаа.  Сэлэнгэд илэрсэн халдвар ХӨСҮТ-ийн сувилагчтай холбоогүй. Тархвар судлалын аргаар тооцвол Улаанбаатар гарсан тохиолдолтой холбоотой байх магадлал бий.

-Увс аймагт хоёр айлыг тусгаарласан байна. Аль халдварын голомттой холбоотой иргэд вэ?

– Улаанбаатарт халдвар бүртгэгдэж, 7 тохиолдол батлагдаад байгаа үүний ойрын хавьтал болох хүмүүс Увсад оччихсон байсан. Тийм учраас хавьтлуудыг явсан газар тус бүрд нь тусгаарлаад,  шинжилнэ. Шинжилгээгээр халдвар илрээгүй хэдий ч тусгаарлалт үргэлжилнэ.

-“Энхсаран” сувилал дээр халдвараас хамгаалах горим алдагдсан байгаа. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох уу?  

-Улс даяар нөхцөл байдал хүнд байна. Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг олдоно. Тэр хүмүүс сүүлийн арван сарын турш гэр бүлээ орхин ажилласан. . “Энхсаран” сувилал дээр горим алдаж, хариуцлага алдсан нь үнэн. Хувь хүний халдвар хамгааллын дэглэм ч алдагдсан.  Ийм үед улстөржиж болохгүй.

-Нийслэлийн хэмжээнд махны үнэ өсөөд байна. Харин та нийслэлийн махны нийлүүлэлт өслөө гэх юм?
-Мах тээвэрлэлтэд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Өнгөрсөн хоногт нийслэл рүү мах ачиж орж ирсэн машинуудыг гаргахгүй байсан юм билээ. Өнөөдрөөс тэднийг буцаасан. Иргэд энгийн үеэс их хэмжээгээр мах авч байна. Бид цаг тутам мэдээлэл авч байна. Бид өндөгнийхөө 50 хувийг хойд хөршөөс авдаг. Өндгөн дээр л асуудал үүсэж болзошгүй. ХХААХҮЯ өндөг үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтарч ажиллахаар ажиллаж байна.

-Хамгаалалтад ажиллаж байгаа цагдаа нарт N95 амны хаалт олгож болдоггүй юм уу. Эрсдэлтэй үед халдвараас сэргийлэх найдвартай маск ч зүүгээгүй, улаан гараараа л шахам зохицуулалт хийж ажиллаж байна. Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа олон улсын ачаа тээврийн жолооч нарыг дагалдаж байгаа цагдаа нарыгаа ядаж авулгүй хувцас хэрэглэлээр хангамаар байна?
-Тангараг өргөсөн албан хаагчид хүнд нөхцөлд ажиллаж байна. ХӨСҮТ-ийнхэн хамгаалалтын хувцсаа тайлалгүй өдөрт 10  цаг ажиллаж байна. Тэд олон хоног гэртээ харьдаггүй. Цагдаа, цэргийнхэн ч мөн адил. Франкфурт зэрэг холын нислэгтэй үед 24 цаг памперс өмсөөд ажилласан тохиолдол ч гарсан. Тархвар судлаачид одоогоор гадаа хяналт тавьж буй хүмүүст хамгаалалтын хувцас өмсүүлэх хэрэггүй гэсэн.

Олон улсын худалдааны гэрээ хэлэлцээрийн улмаас Алтанбулагаас наашаа орж ирэх бүх машиныг хориглож болохгүй байна. Нийт 36 жолоочоос халдвар илэрлээ. Өнөөдөр ч машин нэвтэрсээр байна.

-Дарь эхийн Тоосгоны үйлдвэр орчим олон иргэнийг ХӨСҮТ- рүү авч явсан гэдэг мэдээлэл байна. Танд энэ талын мэдээлэл байна уу?

-Анхны тохиолдлын дөрвөн настай хүүхэд цэцэрлэгт явдаг байсан. Тэр цэцэрлэгт 23 айлын  27 хүүхэд нэг өдөр цэцэрлэгт хамт явсан.

Тиймээс дээрх айлуудад хавьтлын зэрэг тогтоогоод  өчигдөр гэрээсээ гарахгүй байх,  тусгаарлах чиглэл өгсөн байсан. Тэднийг өнөөдөр Цэргийн госпиталь руу татаж, шинжилгээ авсан.

Улсын Онцгой Комиссоос мэдээлэл хийнэ

Улсын Онцгой Комисс(УОК)-ын даргын зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн мэдээлэл сонсож зарим шийдвэрийг гаргасан байна.

Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар 20.30 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХарамсалтайХарамсалтай
18
ТэнэглэлТэнэглэл
13
БурууБуруу
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж