ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Friday, November 13, 2020
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 цар тахлын талаарх 17.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19 -ийн халдвар хоёр хүнээс шинээр илэрч, улсын хэмжээнд нийт 414 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. Тодруулбал, халдвар авсан тээврийн жолооч Д-ын ойрын хавьтал болох дөрвөн настай хүүхдээс вирус илэрснээр энэ голомтоос нийт долоон хүн халдвар авсан аж. Эдгээр хүмүүс бүгд ХӨСҮТ-д тусгаарлагджээ. Хүүхдийн ойрын хавьтлыг одоо тогтоож байна. Хоёр дахь халдварын тохиолдол аравдугаар сарын 24-нд Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн юм байна.
Тэрбээр Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт халдварын голомт улам тэлж байна гэдгийг анхаарууллаа.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү:
-Засгийн газрын шийдвэрийн дагуу замын хөдөлгөөний хязгаарлалтыг өнөөдрөөс хэрэгжүүлж, хөл хорио тогтоосон. Өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн олон нийтийн сүлжээгээр ташаа мэдээлэл цацагдаж, үл ойлголцох мэдээллүүд их гарлаа. Нэгдүгээрт, цагдаагийн алба хаагчид үүрэг чиглэлийн дагуу үзлэг шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Хэрвээ алба хаагчид алдаа дутагдал гаргасан бол хүлцэл өчье. Тээврийн цагдаагийн алба хаагчид шаардлага тавихад, иргэд бухимдаж хүлээж авах тохиолдол гарлаа. Замын хөдөлгөөн хязгаарлалттай ч 13 байгууллагын ажилтнууд хувийн тээврийн хэрэгсэлтэй, ажил эхлэх, тарах цагаар зорчих боломжтой. Иргэд хөл хорионы талаарх мэдээллийг авч, маргаашнаас эхлэн албан бичиг, ажлын үнэмлэхээ биедээ авч явахыг анхааруулж байна. Иргэд хүнсээ цуглуулахаар хэт хол явах хүндрэлийг учруулж байна. Тиймээс иргэд аль болох гэрийн ойролцоох хүнсний зах, дэлгүүрээс хоол хүнсээ цуглуулахыг анхааруулъя. Хотын хэмжээнд 5000 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна Мөн энэ цаг үед явган зорчигчид холбогдох бичиг баримтаа биедээ авч явахыг сануулъя.