
Ц.Хонгорзулын цэц сорьсон хийн гар бууны төрөлд 81 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 382 оноогоор дэлхийн аваргын болзол хангаж, алтан соёмбот далбаагаа Мюнхены тэнгэрт мандуулсан юм. БТСГ-ын дарга Ч.Наранбаатар баярын мэндчилгээндээ “Буудлага спортын түүхэн дэх монголоос төрсөн залуучуудын анхны дэлхийн аварга болсонд нь Ц.Хонгорзулдаа спортын өндөр амжилт хүсье” гээд амжилтаа улам бататган, олимп, дэлхийн тэнгэрт эх орныхоо нэрийг дуурсгасан буудлагын шилдэг тамирчдын залуу хойч халаа ийн бэлтгэгдэж байгаад талархал илэрхийлжээ. Тэрбээр мөн залуучуудын дэлхийн аварга тамирчныг бэлтгэн дасгалжуулсан, олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн багш, гавьяат дасгалжуулагч Ч.Ундралбатад баяр хүргээд, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж буй бусад тамирчиддаа амжилт хүссэн байна.
Дасгалжуулагч Л.Ундралбатын шавь Ц.Хонгорзул Монголын буудлага спортын түүхэн дэх дэлхийн залуучуудын аварга болсон анхны тамирчин болж байгаа юм. Насанд хүрэгчдийн хувьд Монголын анхны алтан медалийг гавьяат тамирчин Д.Мөнхбаяр 1998 онд хүртсэн бөгөөд тэрбээр мөн Германы иргэн болсныхоо дараа 2002 онд амжилтаа бататган, 25 метрийн төрөлд дэлхийн аварга болсон түүхтэй.