УИХ эргэн тодотгол хийхээр 2021 оны төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

LiveУИХ эргэн тодотгол хийхээр 2021 оны төсвийг баталлаа

УИХ-ын цахим чуулган эхэллээ

УИХ-ын цахим чуулган эхэллээ

Posted by News.mn on Thursday, November 12, 2020

16 : 58
2020-11-13

УИХ эргэн тодотгол хийхээр 2021 оны төсвийг баталлаа

УИХ-ын  цахим нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн төслийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, хуралдаанд оролцсон гишүүдийн  олонхын саналаар бүхэлд нь баталлаа.

УИХ хуульд заасан хугацаандаа онцгой нөхцөл байдалд Монгол Улсын 2021 оны төсвийг баталлаа. Гэхдээ Covid-19-ийн халдвар дотоодод гарсан учир эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого хүндэрч болзошгүй учраас эргээд төсөвт тодотгол хийх нөхцөл байдал үүсч мэдэхээр байна. Үүнийг ч УИХ-ын гишүүд хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дэмжиж байгаагаа тодотголоо.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг буюу ДНБ-ий 27.9, зарлага 13.9 их наяд төгрөг буюу ДНБ-ий 30 хувь байна гэж тооцжээ. Мөн төсвийн алдагдлыг 2.6 их наяд төгрөгөөр бууруулж, -2.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төсөлд тусгасан.

Цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлж энэ оныг дуустал 1.2 сая хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал олгохоор тооцож төсвийн төсөлд 864 тэрбум төгрөг суулгажээ. Мөн 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгохоор баталлаа.

Түүнчлэн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудалд онцгой анхаарах шаардлагатай гэдэг нь сүүлийн жилүүдэд гарч буй гэмт хэрэг, зөрчлүүдээс тодорой харагдах болсон. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 140 хүүхдийн байцаагчийн орон тоог нэмэгдүүлэхэд 2.8 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Ирэх оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилт  болон ЖДҮХС-д нэг ч  төгрөг суулгасангүй.

Эдийн засагчид, шинжээчид 2021 оны төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, тэр дундаа цар тахлын үед дахин  42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон нь хэтэрхий өөдрөг, биелэх боломж бага учраас төсвийн орлого тасрах эрсдэл байгааг сануулсан ч ийнхүү ирэх оны төсвийг хуучин хэвээр нь баталлаа.

15 : 48
2020-11-13

Монгол Улсын 2021 оны төсвийн хүрээний мэдэгдлийг баталлаа

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссанаар Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж баталлаа.

Одоо Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

14 : 37
2020-11-13

Б.Жавхлан: Иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж, тэтгэнэ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэцлүүлэгтэй холбогдуулан гишүүд нэг минутын горимоор асуулт асууж эхэллээ.

УИХын гишүүн М.Оюунчимэг:

Төсвийг нэлээд шахаж чамбай боловсруулсан. Ирэх оны төсөлд коронагийн эрсдлийг хэрхэн тооцоолсон бэ. Мөн санхүүжилтийг хэрхэн  тусгав. Эрүүл мэндийн асуудал чухал болж байгаа учраас төсөвт тодотгол хийх шаардлага үүсэх үү.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Та ажлын хэсэгт ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийг онцгой цаг үед батлах гэж байна. Ирэх оны төсөвт цар тахлыг хамгийн хүндээр төсөөлөөгүй ч гэсэн хэрэв эрсдэл учирвал гэсэн нөхцөлтэйгөөр боловсруулсан гэж бодож байгаа. Хэрэв цар тахал хүндэрвэл иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх зорилгоор  870 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд суулгасан. Үүнийг УИХ-аас ч гэсэн хэвээр нь баталж байна. Онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн бүхий л байгууллагын санхүүжилт, худалдан төсвийг нь анх оруулж ирсэн байдлаар нь батлах гэж байна. Тодорхой хэмжээгээр эрсдэлийг тооцоолсон төсөв болсон.

УИХын гишүүн Ц.Даваасүрэн:

2020 оны төсвийн тодотголоор 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Энэ алдагдал зээлээр санхүүжигдэнэ. Үүнээс болж өрийн үзүүлэлт  ялангуяа ДНБ-тэй харьцуулсан харьцаа 60 хувь руу дөхсөн байна лээ. Ирэх оны төсвийн алдагдал 2.2 их наяд гэхээр 62 хувьд хүрнэ. Үүнийг бууруулах чиглэл байна уу.Төсвийн алдагдал ДНБ-ний 70 хувьд хүрвэл эдийн засаг хүндэрнэ. Дотоодын бонд гэхээс илүүтэй хямд эх үүсвэрээр санхүүжлэх боломж байна уу?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Засгийн газар хямд эх үүсвэртэй зээлээр төсвийн алдагдлыг санхүүжүүлэх бодлого барьж байгаа. Нийтдээ 3.4 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтад байгаа гадаадын зээл тусламжаар санхүүжигдэх 1.4 их наяд төгрөгийн эх үүсвэр хямд өртөгтэй эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Бонд гаргасан тохиолдолд бид урьд өмнө авсан бондуудыг буцааж худалдах замаар өрийн зохицуулалтыг хийхээр төлөвлөж байгаа.        УИХ-аас ч гэсэн баталчихсан. Ирэх оны төсвөө батлаад дараа нь тодотголын асуудлыг яръя гэсэн Д.Ганбат гишүүний саналыг  би бүрэн дүүрэн дэмжиж байна. Яагаад гэвэл одоо нөхцөл байдлыг бүрэн харах болоогүй байна. Тиймээс өнөөдөр төсөв батлах эцсийн хугацаандаа батлаад явах нь зөв.

УИХын гишүүн Х.Булгантуяа:

Цар тахлын тухай  хууль энэ оны арванхоёрдугаар сарын 31-нд дуусна, Засгийн газар ямар бодолтой байна вэ. Цар тахлын үед төсвийн тодотголыг хийхэд ч амаргүй. 7.2 хувийн эдийн засгийн өсөлтийг хэр  биелэгдэнэ гэж харж байна вэ?.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийн хугацааг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа. Цар тахлын хууль дотор нэг удаа зургаан сараар сунгана гэсэн зохицуулалт бий.

УИХын гишүүн Ж.Чинбүрэн:

Эхлээд төсвөө батлаад дараа нь тодотголын асуудлыг ярих нь зөв өө. Сангийн сайд ч гэсэн дэмжиж байна. Өнөөдөр эрсдэлд анхаарахад хүн болгон гэртээ байж, шинжилгээг олноор хийх шаардлагатай болно. Ингэж байж цаг алдалгүй халдвар авсан хүмүүсийг илрүүлж,  эмчлэх боломж бүрдэнэ. Монголчуудын насжилт харьцангуй залуу учир хүндрэл бага байх болов уу гэж итгэж байгаа. Иргэд халдвар авснаа мэдэхгүй гадуур явж байгаад халдаах вий. Тиймээс гэрийн дэглэм барих нь хамгийн чухал шүү. Үүний төлөө бүгд хичээж ажиллая.

УИХын гишүүн Т.Доржханд:

Төсвөө хуулийн хугацаанд багтаан батлах нь зөв байх.Тодотгол хийх нь зайлшгүй асуудал. Ирэх жилийн төсвийн төсөөлөл хэтэрхий өөдрөг байгааг би өмнө нь хэдэнтээ  сануулсан ч тоогоогүй. Одоо энэ төсөөллөө яаж харж байна. Эдийн засаг дэлхийн дахинд агшиж байхад өөдрөг төсөөллөө ч бид буулгах ёстой. Хоёрдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 26 тэрбум төгрөгийг танаад үүнийг УИХ-ын Тамгын газрынхны цалинг нэмэгдүүлсэн гэдэг мэдээлэл байна. Үүнд тодорхой хариулт өгөөч.

Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог халамжийн мөнгөнөөс нэг ч төгрөг хасагдаагүйг та сайн мэдэж байх ёстой. Халамж хавтгайрч байна гэж сүүлийн үед их ярьж байгаа. Хүүхдийн мөнгөнөөс гадна 530 тэрбум төгрөгийг нийтдээ 68 нэр төрлийн халамжид олгогдоно. Цаашид энэ халамжийг багасгаж халамжаас хөдөлмөр рүү шилжинэ. Төсөв батлагдаад дуусмагц Засгийн газар халамжийн чиглэлд шинэчлэл  хийх хуулиуд орж ирнэ.

Ирэх жилээс эхлэн нийт халамжаас таван хувь буюу 26 тэрбум төгрөгийг хэмнэх санал яригдаж байгаа.

УИХын гишүүн Б.Баттөмөр:

Төсөв бол хөгжлийн баримт бичиг. Сүүлд баталсан Алсын хараа-2050 зэрэг баримт бичгүүдтэй төсөв хэр уялдав гээд харахаар төвөгтэй байгаа. Өнөөдөр төсвөө батлаад тодотголын үеэр энэ  тал дээр анхаарч засах нь зөв гэсэн саналыг гаргаж байна. Газрын албаны бүртгэлжүүлэлт хангалтгүйгээс 110 тэрбум төгрөг авч чадаагүй нь маш хариуцлагагүй. Энэ бол хүн бүхний нүдэн дээр байдаг асуудал. Энэ бүхнийг засах ёстой.

УИХын гишүүн Ж.БатЭрдэнэ:

Та ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр ихэд ярьж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдалд цар тахал улс орны хэмжээнд гарлаа. Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Тиймээс энэ үед бид ямар ард иргэдтэй байх вэ гэдгээ бодох цаг нь болсон. Өр зээлтэй, ААН нь зогссон, баялаг бүтээгчид нь санхүүгийн хүндрэлд орсон ийм нөхцөл биднийг угтах нь ээ. Тиймээс нөгөө ярьж байсан ЖДҮ-ийг дэмжих, хөдөө аж ахуйгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд төсөвт төдийлөн анхаараагүй. Үүнд цаашид ямар бодлогыг баримтлах вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Халдвар дотооддоо тархвал эдийн засагт бүх талдаа нөлөөлөх нь ойлгомжтой. Ямар хэмжээнд яаж нөлөөлөх вэ гэдэг нь  тодорхой цаг хугацааны дараа мэдрэгдэх байх. Тэр үед нь би гүйцэт хариулъя. Ийм үед ЖДҮ-ийг дэмжих чиглэлд мөнгө тавих нь зөв үү гэдэгт би эргэлзэж байна. Яагаад гэвэл эдийн засаг хумигдах байдалд орвол ЖДҮХС-ийн зээл чанаргүйд орно. Арай өөр бодлогыг авч хэрэгжүүлэх нь оновчтой.

УИХын гишүүн Ж.Сүхбаатар:

Иргэдийн зүгээс банкны зээлээ яах вэ гэдэг асуудал өнөөдөр зүй ёсоор тулгарч байна. Энэ асуултын хариултыг ч нэхэж байна. Соёлын төв мэт барилга байгууламжид нийт  хичнээн хөрөнгө зарцуулахаар оруулж байгаа вэ. Ирэх оны төсвийг баталсны дараа тодотгох асуудал  гарна. Иргэдийн хүсч буй зүйл бол дэмжлэг. Энэ чиглэлд Засгийн газар ямар төлөвлөгөөтэй байна вэ. Ажиглаж байна гэж Сангийн сайд хэллээ, илүү тодорхой хариулт хэрэгтэй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Ирэх жилийн хөрөнгө оруулалтад хэрэгжээд явж байгаа төслүүдийг хасаж, зогсоож болохгүй. Ирэх онд шинээр эхлэх 457 хөрөнгө оруулалтын төсөл байгаа. Үүний санхүүжих дүн нь 384.7 тэрбум төгрөг. Явж  байгаа ажлыг аль болох явуулах нь зөв гэдэг байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

2020 оны төсөв дээр Засгийн газарт үүссэн нөхцөл байдлыг давж гарах, цаг алдалгүй шийдвэрлэх эдийн засгийн ямар боломж байна вэ. Төсвийн тодотгол гэхгүйгээр өнгөрсөн хавар гамшгийн тухай хууль баталсан байгаа. Хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл Засгийн газар онцгой эрхтэйгээр төсвийг захиран зарцуулах эрх олгосон. Энэ хүрээнд эдийн засгийн ямар боломжууд байна. Засгийн газрын  нөөц хөрөнгүүд оны төгсгөл болон 2021 оны төсөв хэрэгжтэл ямар боломжууд байна вэ. Вакциныг аль улсаас, ямар эх үүсвэрээр, ямар хугацаанд татах гэж байна вэ?

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Цар тахлын энэ  үед саад бэрхшээл болох зүйл байхгүй. Хангалттай зохицуулалт хийх санхүүгийн боломж бүрэн байна. Харин иргэд гэртээ байж халдварыг тараахгүй, халдвартай хүмүүсийг олж тогтоох нь хамгийн чухал байна. Монгол Улсын Засгийн газар 50.6 сая ам.долларын зээлийг коронавирусийн халдварын эсрэг вакцинд зарцуулах хүсэлтээ Дэлхийн банканд өгсөн. Гурав хоногийн дараа Дэлхийн банкны захирлуудын зөвлөлөөр энэ зээл батлагдана. Нийт хүн амын 60 хувьд вакцинжуулалт хийлгэнэ гэж ийм захиалга өгсөн. ДЭМБ-аар баталгаажсан вакциныг авч хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Цар тахлын үед ОХУ болон Европын орнуудаас импортоор хүнсний бараа бүтээгдэхүүн ихээр орж ирдэг.  Харин одоо хойд хилээ хаачихлаа. Тэгэхээр хүнсний хомсдол үүсэхгүй байх нөхцөл байдлыг яаж бий болгох вэ.Говь-Алтай аймгийн хэд хэдэн аймагт зуншлага муу байсан. Мал тарга тэвээрэг авч чадаагүй. Үүнийг цааш нь яаж зохицуулах вэ? Улсын нөөцийн мах бэлтгэл дээр ямар арга хэмжээ авах вэ. Өвс тэжээл бэлтгэх тал дээр хэчнээн төгрөг төсөвлөж байна вэ?

Төсвийн байнгын хорооны  дарга Б.Жавхлан:

Ирэх оны өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Засгийн газар оруулж ирсэн төсвийг нэмэгдүүлж баталсан. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгууд дээр 3 тэрбум төгрөг нэмж төсөвлөсөн. Хойноос орж ирж байгаа бараа эргэлт 15 орчим хувийг эзэлдэг. Төмөр замаар үлдсэн хувь нь орж ирдэг. Хил дээр машинуудыг бүтнээр нь оруулахгүйгээр толгойг нь солиод бараа ачсан чиргүүлийг нь манай том машины толгойгоор сольж зөөвөрлөн оруулж ирж байгаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

Энэ оны 12-р сард банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалт дуусна. Үүнийг яаралтай сонгох талаар Монголбанк, Сангийн яам ажиллах хэрэгтэй байна. Сонгохдоо энэ горимыг 2021 оныг дуустал сунгахаар өөрчилөх хэрэгтэй байна. Учир нь өрхийн болон бизнесүүдийн зээлийн төлбөр хэцүү болох нь. Энэ асуудлыг яаралтай шийдэх тал дээр хариу өгнө үү.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Зээлийн зохицуулалттай асуудлуудыг Монголбанк, Санхүүгийн зохицуулалтын хороотой хамтарч ярилцъя. Дараа нь үр дүнг мэдэгдэнэ.

14 : 07
2020-11-13

Чуулганы хуралдааныг цахимаар эхлүүллээ

УИХ-ын чуулганы цахим хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ирэх оны төсвийн төслийг батална. Чуулганы танхимаас  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, цөөнхийг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Адьшаа нар оролцож байна. УИХ-ын цахим чуулганы хуралдаанд цөөнхийн төлөөлөл хяналт тавина. Мөн олон улсын парламентын түвшинд 100 хувь иж бүрэн цахим хуралдаан хийсэн дэг одоогоор байхгүй байгаа. Төлөөлөл нь танхимаас бусад нь онлайнаар хуралдаа оролцдог жишгийг дагаж байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тодотголоо.

Хэлэлцэх эхний асуудалдаа орсноор УИХ-ын гишүүн Д.Ганбат, М.Оюунчимэг нар онцгой нөхцөл байдалд чуулганы хялбаршуулсан дэгээр явуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү хялбаршуулсан дэгээр хэлэлцэх болсон тул УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан чуулганыг удирдаж, УИХ-ын дарга хяналт тавихаар боллоо.

 

ЦАХИМ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД:
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж