Дэлхийн хөлбөмбөгийн хоёр ноён оргилын нэг Кристиано Роналдог Италийн Ювентус багаас явна гэсэн шуум сүүлийн хэд хоног эрчимтэй өрнөж байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар сүүлийн үед хоёр боломжит хувилбар яригдаж байгаа гэнэ.
Өдгөө 35 настай түүнийг Ювентус баг 2018 онд 100 сая еврогоор Испанийн Реал Мадрид багаас худалдан авч байсан юм.
- 1. Манчестер Юнайтед багт эргэн ирэх
Сүүлийн хэд хоногийн турш Манчестер Юнайтед багийг Кристиано Роналдог ирэх улиралд багтаа эргүүлэн авчирна гэсэн мэдээ эрчийг авч байна. Ювентус баг ч Роналдог хүсвэл Манчестер Юнайтед багтай хэлэлцээр хийхэд бэлэн байгаа аж.
2014 онд Кристиано Роналдо хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би Манчестерт хайртай. Хүн бүхэн мэдэх байх. Манчестер үргэлж миний зүрхэнд байна. Хөгжөөн дэмжигчид нь үнэхээр гайхалтай. Нэг л өдөр эргэн очих байх" хэмээж байжээ. Кристиано Роналдо 2009 онд Манчестер Юнайтед багаас явж, 80 сая фунтээр Реал Мадрид багтай нэгдэж байсан юм.
- 2. Роналдог Неймараар солих
Кристиано Роналдогийн Ювентус багтай байгуулсан гэрээ ирэх 2022 онд дуусна. Түүний гэрээ дуусч, ид үе нь өнгөрөхөөс өмнө Ювентус баг Роналдог ПСЖ багийн Неймараар солих хүсэлтэй гэнэ. Хоёр супер одын авч буй цалин ойролцоо учир аль аль багт нь санхүүгийн хүндрэл учруулахгүй аж.
ПСЖ багийн спортын албаны захирал Леонардо өөрийн цахим хуудаснаа "Хэрэв нэг өглөө Роналдо орноосоо босоод өөр багт тоглохыг хүсвэл хэдэн баг түүний хүссэн зүйлийг өгч чадах вэ? Магадгүй дөрөв, таван баг л байх. ПСЖ эдгээр багуудын тоонд орно. Хүмүүс үргэлж л ярьж байдаг. Гэхдээ тодорхой цаг хугацаа, боломж, нөхцөл байдал бүрдэх хэрэгтэй. Хөлбөмбөгийн зах зээл галзуурч, хөлбөмбөгчдийн үнэ тэнгэрт хадаж буй энэ үед ийм ярьж болох эсэхийг мэдэхгүй л байна" хэмээн бичиж байжээ.
Холбоотой мэдээ