БАЙР СУУРЬ: Төсвөө задлаад, онцгой байдалд зориулсан төсөв батлах ёстой

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Төсвөө задлаад, онцгой байдалд зориулсан төсөв батлах ёстой

БАЙР СУУРЬ: Төсвөө задлаад, онцгой байдалд зориулсан төсөв батлах ёстой

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын дарга Г.Занданшатарт 2020 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан.

УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заагдсан 2021 оны тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлага болон тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээнд Монгол Улсын 2021 оны төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг бүрэн нийцүүлж хуулийн төслийг боловсруулж, төсвийн төслийн үндсэн үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг бүрэн хангаж байна гэж Сангийн яамнаас мэдээлсэн.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг 2,692.8 тэрбум төгрөгөөр бууруулж, -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төслийг боловсруулсан.

УИХ хуулиараа 2021 оны төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Цар тахлын чанга дэглэмийн үед өндөр алдагдалтай төсвөө эргэж харахыг эдийн засагчид анхааруулж буй юм. Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч асан, Бизнесийн удирдлагийн доктор, эрх зүйч Б.Лхагважав, Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Новел инвестмент” компанийн захирал Д.Ангар нарын байр суурийг хүргэж байна.


Б.ЛХАГВАЖАВ: ТӨСВӨӨ ЯАРАЛТАЙ ЗАДЛААД, ОНЦГОЙ БАЙДАЛД ЗОРИУЛСАН ТӨСӨВ БАТЛАХ ЁСТОЙ

 

Covid-19 цар тахлын нөхцөл байдал улам хүндэрлээ. Улс орны эдийн засаг ч нэлээн амаргүй байх нь. Үүнтэй холбоотойгоор ирэх оны төсвийг танах зайлшгүй шаардлага тулгарч байна. Төсвийг танах ямар боломж байна вэ?

-Онцгой байдал бий болчихлоо. Ний нуугүй хэлэхэд гуравдугаар сараас хойш дэлхий дээр корона гараагүй юм шиг л манай улстөрчид үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэнд зориулж гуравдугаар сарын 27-нд Засгийн газрын тогтоол гарсан. Зарим буюу тал нь хэрэгжээгүй. Дараа нь дөрөвдүгээр сарын 29-нд хууль гаргахдаа талыг нь алга болгочихсон. Иймэрхүү байдалтай явсаар байгаад өнөөдөрт хүрсэн. Өнөөдөр бидэнд ямар асуудал байна вэ гэвэл төсөв хуулиараа энэ сарын 15-нд батлагдах ёстой. Одоо хоёр хоног байна. Дэлхийд энэ корона 2-3 жил үргэлжилнэ. Тийм учраас 2021 оны төсвийг хамгийн эхэнд 2.1 их наядын алдагдалгүй батлах ёстой. Орлогоосоо илүү зардал тавьчихсан байгаа шүү дээ. Дээр нь төсвийн урсгал зардал жил бүр 18 жил буурахгүй байгаа. Энэ жил онцгой жил учраас 50 хувиар батлах ёстой. Гуравт, иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудал ямар ч нэмэргүй төсвийн хөрөнгө оруулалтыг шууд зогсоох ёстой. 110 тэрбумаар нэг суманд байшин барина гэл үү. Тэр бол энэ жилдээ хэрэггүй шүү дээ. Өвчин тахлын дараа бол хийлгүй яах вэ. Энэ удаа хэрэггүй. Тэр мөнгөөрөө хөдөлмөрийн капиталд хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Өнгөрсөн гуравдугаар сард ярьсан санаагаа би дахиад ярьж байгаа юм.

-Хөдөлмөрийн капитал гэж юу вэ гэдгийг манай уншигчдад дахин тайлбарлаж өгөхгүй юү?

-Төсвийн 200 мянган албан хаагч төсвөөс цалинжаад цалингаа авч байна. 770 мянган иргэн өнөөдөр аж ахуйн нэгжээс цалин авч байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа зогссон саармаг байх үед цалингаар нь дамжуулаад, даатгалыг нь санхүүжүүлээд, цалингийн 40-50 хувийг нь ойрын хугацаанд өгөх ёстой. Сард 380 тэрбум төгрөг, зургаан сард 2 их наяд хэрэгтэй.

-Үүнийг яаж бүрдүүлэх боломж байна вэ?

-Монголбанкнаас тодорхой хугацаатай ирээдүйн даатгалыг барьцаалаад зээл авах ёстой. Хүүгүй бонд. Яагаад вэ гэхээр ерөнхийдөө вакцины үйл явц хүлээгдэх учраас дараа жилийн зунаас жигдэрнэ гэж аль өнгөрсөн хавар мэдээлж байсан л даа. Тэр хүртэл бид хөдөлмөрийн хамт олныг барьж үлдэх нь чухал. Цалингийн 50 хувийг өгсөн тохиолдолд компани нөөцөө шавхаад 20, 30 хувийг гаргана шүү дээ. 770 мянган хүн чинь ойролцоогоор 60 мянган аж ахуйн нэгжид бий. Энд татвар өгдөггүй компаниудыг оруулсангүй. Энэ хамт олныг барьж үлдэх нь төрийн үүрэг болоод байна. Дараагийн асуудал бол гуравдугаар сараас хойш манайд коронатай холбоотойгоор эдийн засгийн онцгой байдал бий болчихлоо. Манай дотоодын нийт бүтээгдэхүүн ч -10 хувийн уналттай байна. Тэгэхэд энэ дээр ерөөсөө комисс байгуулаагүй. Хүрэлсүх макро эдийн засаг мэдэхгүй. Зөвхөн Хүрэлбаатар гэдэг ганцхан хүний толгойгоор яваад байгаа юм. Одоо бид Ерөнхийлөгчийн хажууд эдийн засгийн онцгой комисс байгуулаад, эрдэмтэн мэргэдээ цуглуулмаар байна. Сүүлийн өдрүүдэд би төсвийн хэлэлцүүлгүүдийг харж байна л даа. Ерөөсөө л номын дуу. Уучлаарай, одоо тэр ном чинь хуучирсан. Одоо улс төрийн маш ухаантай шийдвэр гаргах үе. Номоос гадна улс төрийн шийдвэр гэдэг онцгой. Сая хөдөлмөрийн капитал дээр хөрөнгө оруулах уу, төсвийн хэрэггүй зарлуудыг танах уу Дараа жил ерөнхийлөгчийн сонгуультай. Тэгэхээр төсвийн хэрэггүй зардлыг танах хэрэгтэй. Өнгөрсөн 2019 онд төсөв батлах үед танай сайтаар дамжуулаад асуудлыг ярьж байсан. Сүүлийн 2018, 2019 онд нийтдээ 66 хувиар төсвийн орлого давж биелсэн. Энэ бол Хүрэлсүх, Хүрэлбаатарын ямар ч оролцоогүй нэмэлт юм шүү.

-Энэ талаар тодорхой тайлбарлахгүй юү?

Эрдэнэтийн 49 хувийг авч байсан, ОХУ руу явах байсан мөнгө тэр чигээрээ үлдлээ шүү дээ. Дээр нь Ил тодын хууль баталсан 2015 онд. Улмаар 2016 оноос явуулсан НӨАТ-ын систем, дээр нь Оюутолгойн буюу Дубайн гэрээний нэмэлт, хөрөнгө оруулалтууд гээд Сайханбилэгийн засгийн газрын ажлууд, дараа нь Ж.Эрдэнэбатын засгийн газрын ОУВС-тай хамтран ажилласан, 2017 онд зурагдсан нэлээн нийгмийн асуудал болж байж зурагдсан. Энэ таван юмны үр дүнг 2018, 2019 онд хүртсэн байхгүй юу. Ургацыг нь хураасан. Хураах үе нь Хүрэлсүх, Хүрэлбаатар хоёр дээр таарсан болохоос биш тэр хоёр онцгой юу ч хийгээгүй. 2018, 2019 онд юу хийснийг хараарай. Харин 2019 оны гуравдугаар сард Татварын багц хуулиас Хүрэлсүхэд наалдах юм байна. Татварын нэг их онцгой хүндрэлүүд бий болохгүй байгаа. Нарийндаа 2015 оноос хийгдэж байсан Татварын багц хууль 2019 оны гуравдугаар сард батлагдсан юм. Энэ дотроо жижиг аж ахуйн нэгжүүдэд маш таатай нөхцөл бүрдсэн. Тийм учраас өнөөдөр ААН-үүдэд татварын дарамт ярихгүй байгаа юм. 2019 оны гуравдугаар сард батагдсан Татварын багц хуулийн үр дүн 2021 оноос гарна. Урдны хүмүүсийн хийсэн ажлын ургацыг дараагийнх нь хүлээж авсан. Гэхдээ би үүнд ямар хувь нэмэр оруулав гэдгээ маш эрүүлээр сэтгэх ёстой. Одоо Covid-19-ийн үед эрүүл сэтгэлгээ хэрэгтэй. Илүү уран  гарц хэрэгтэй байна. Түүнээс урд талын хүмүүсийн хийсний үр шимийг авснаараа би мундаг гээд гайхуулаад байх юм байхгүй.

-Ойрын хугацаанд төсвийн хэлэлцүүлгүүд өрнөж байна. Юу ажиглагдаж, ямар гарц гаргалгаа  харагдаж байна вэ?

-Одоо эдийн засаг -10 гараад явсан үед төсвийн хэлэлцүүлгүүдийг ажиглаж байхад ямар ч гаргалгаа гарахгүй байна. Нөгөө улиг болсон, нөгөө л нэг хэдэн дарга нарынхаа мэдлийн компаниуд руу хэдэн юм яаж хийх вэ, төсвөөс яаж хулгайлж сонгуулийнхаа зардлыг нөхөн вэ гэсэн тийм юм явагдаж байна. Өөр юу ч харагдахгүй байна.  Зуны хугацаанд бид интернэтийн системдээ хөрөнгө оруулах байсан байхггүй юу. Сургууль, эмнэлэг, худалдаа бүгд И болсон. Төсөв дээр энэ чиглэлд нэг ч төрөг суугаагүй байна. Тэр 1.5 их наядынхаа 500 тэрбумыг нь ийшээ өгөх ёстой. Би ганцхан жишээ ярь. НӨАТ-ын системийг бий болгоход улсаас 4 тэрбум төгрөг гарсан байдаг юм. 2018 оны байдлаар шүү. Гэтэл аж ахуйн нэгжээс 2018 оны байдлаар 324 тэрбум төгрөг гарсан. Нийлээд 340-өөд тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төр буюу хувийн хэвшил хийж байж НӨАТ-ын систем хэрэгжсэн байхгүй юу. Өнөөдөр тэрнээс их болсон. Одоо 180 мянган цэг дээр байна. Тэр технологи, техникийг оруулж ирэхэд өөрөө бас хөрөнгө оруулалт шаарддаг юм. Тэрнээс ухаантай ганц программист хийдэг аж ил биш. Өнөөдөр хорио цээр болж байна. Сургууль, цэцэрлэгэ ажиллах уу, худалдаа үйлчилгээний гээд асуудал байна. Энэ дээр буцаагаад нэг ч төгрөг суугаагүй байна.

-Таны бодлоор одоо бид яах ёстой вэ?

-Одоо төсвөө задлаад, маш яаралтай өөрчлөх хэрэгтэй. Covid-19-ийн үед эрүүл сэтгэлгээ хэрэгтэй. Илүү уран гарц хэрэгтэй байна. Түүнээс урд талын хүмүүсийн хийсний үр шимийг авснаараа би мундаг гээд гайхуулах зохисгүй. УИХ-ын дарга Занданшатар өнөө, маргаашгүй маш яаралтай онцгой тохиолдол гэж өөрчлөлт оруулж байгаад, дахиж 10 хоног сунгаад, яг энэ онцгой байдалд зориулсан төсөв батлах ёстой. Тэгэхгүй бол эд нар “Чоно борооноор” гэгчээр бантан хутгасан төслөө баталсан нэртэй "гол гаргах" гэж байна. Дэлхийд Covid-19 тархсан хоёрдугаар сараас эхэлж ихэнхи улс орнууд эдийн засгийн аюулгүй байдал, нийгмийн бат бэх байдалд иргэдийнхээ итгэх итгэлийг эдийн засгийн аргаар хөхиүлэн дэмжиж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Харин манай улс энэ цар тахлыг улс төрийн өнцгөөс хэсэг бүлэг этгээдийн эрх ямбыг эдлүүлэхийн төлөө амь аргацаасан байдлаар өнгөрөөж байсан. 2020 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлагдахаар төлөвлөгдөж байгаа улсын нэгдсэн төсвийн төслийн хуулийг түр хойшлуулах хэрэгтэй. Улмаар анхаарч үзэх хэд хэдэн асуудлууд байна. Үүнд: 1) 2021 оны төсвийг ямарч алдагдалгүйгээр батлах, 2) Улсын төсвийн урсгал зардлыг төсвийн орлогийн 50 хувьд багтаах, 3) Төсвийн онц хэрэггүй хөрөнгө оруулалтыг зогсоох, 4) Улсын нэгдсэн төсвийг 9 их наядад багтааж батлах шаардлагатай байна. Сонгуульд зориулсан 2020 оны төсөв шигийг одоо баталж огт болохгүй.


Д.АНГАР: 2021 ОНЫ ТӨСВӨӨС ЕРӨӨСӨӨ БОДЛОГО ХАРАГДАХГҮЙ БАЙНА

-УИХ тун удахгүй 2021 оны төсвийг батлах нь. Та ирэх оны төсвийн төслийн талаар юу хэлэх вэ?

-Төсөв гэдэг бол төрийн бодлогын илэрхийлэл байдаг. УИХ, Засгийн газраас ирэх жилүүдэд ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгийг тоогоор илэрхийлчихээр тэр нь төсөв болдог. 2021 оны төсвөөс тоонууд нь харагдаад байгаа боловч бодлого нь ерөөсөө харагдахгүй байна. Нэг болохоор халамжийн төсөв ч юм шиг, нэг болохоор бүтээн байгуулалтын төсөв ч юм шиг. Эсвэл ямар ч бодлогогүй зүгээр хэдэн тоонууд нийлүүлээд тавьчихсан мэт л харагдлаа.

-Төсвийн алдагдлыг бууруулахын тулд ямар ямар таналт хийвэл зохилтой гэж бодож байна вэ?

-Төрийн аливаа бодлого нь зорилттой байх ёстой. Эдийн засгаа хөгжүүлье, иргэдийнхээ цалин орлогыг нэмэгдүүлье, ажилгүйдэл ядуурлыг бууруулъя, аж ахуйн нэгжүүдээ бэхжүүлэн хөгжүүлье гэдэг бол хамгийн том зорилт нь байх ёстой. Гэтэл сумдад соёлын төв барих л хамгийн том зорилт нь болчихоод байна. Дээр нь баахан музей. Ажилгүй ядуу иргэнд соёлын төв, театр, музей хэрэггүй ээ, харин нэн тэргүүнд ажлын байр хэрэгтэй. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогууд хэрэгжүүлж, үүн дээр л төсөв тавих хэрэгтэй. Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгохгүй бүх төслийг төсвөөс хасах хэрэгтэй.

-Ирэх оны төсөвт хамгийн их үрлэгэн бөгөөд жин дарж буй зардлын тухай саналаа хуваалцана уу?

-Төрийн албан хаагчдын тоо хэт их болсон нь хамгийн том үрэлгэн зардал гэж харж байна. 200 мянга хүрчихлээ. Тэгэхээр төрийн албыг цомхон, чадварлаг болгох нь төрийн бодлогын зорилт болох ёстой. Мэдээллийн технологи хурдацтай хөгжиж буй энэ үед төрийн албан хаагчдын тоог 50,000 хүртэл нь буулгах боломжтой. Өнөөдөр төрийн алба чадваргүй, сэтгэлгүй, хариуцлагагүй хүмүүсээр дүүрсэн байна. Энэ нь хувийн хэвшлийнхний нуруун дээр ямар үр дүнгүй дарамт болж байгааг ойлгох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж