Орхон аймагт өнгөрсөн шөнө гурван иргэнийг тусгаарлалтанд авсан талаар тус аймгийн Онцгой байдлын комиссоос өнөөдөр /2020.11.13/ мэдээллээ. Гурван иргэний хоёр нь ОХУ-аас орж ирсэн монгол иргэд бол нэг нь "Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарсан иргэн юм байна.
Энэ тухай Орхон аймгийн онцгой байдлын газрын дарга О.Ганбаатар:
Тусгаарлах байранд гурван хүн ирсэн. Энэ нь ОХУ-аас орж ирсэн хоёр иргэн. Нэг иргэн нь “Энхсаран” сувиллын тусгаарлалтаас гарч ирсэн, манай аймгийн харьяат иргэн. Энэ гурван иргэнээс өнөөдөр сорьц авна. Тоглолт үзсэн гэдэг иргэдийн мэдээлэлд судалгаа тандалт хийж байгаа. Анх 83 иргэн Улаанбаатар хот руу арваннэгдүгээр сарын 6, 7-нд яваад ирсэн гэж байсан бол өчигдрийн байдлаар 140-өөд иргэн болсон. Бид түүврийн аргаар асуумж авч, найман иргэнээс сорьц аваад шинжилгээг холбогдох газар руу явуулсан. "Энхсаран" сувиллаас гарсан иргэний хувьд 21 хоногийн тусгаарлалтаа дуусгаад ирсэн. Тухайн иргэнд хяналт тавихын тулд түр тусгаарлах байранд хамруулсан.
Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал:
"Энхсаран" сувилалд тусгаарлалтад байсан иргэний тухайд Орхон аймаг руу орж ирж байхад нь мэргэжлийн байгууллагуудын мэдээлийн дагуу олж тогтоосон. Ингээд Булган аймгийн Орхон сум руу гардаг постноос цагдаагийн хамгаалалттай авчирсан. Тухай иргэний биеийн байдал хэвийн байгаа.