Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.
-Хаврын эхэн сар гарсан хэдий ч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч байна. Гуравдугаар сарын эхний байдлаар улсын хэмжээнд хэдэн аймагт өвөлжилт хүндэрсэн байгаа вэ?
-Манай орны нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон байгаа. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу аймаг, сумын өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ хийсэн. 12 дугаар сард ийн үнэлгээ хийхэд 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум арай цагаан зудад хүрээгүй байсан. Харин өнөөдрийн байдлаар 18 аймгийн 98 сум цагаан зудтай байгаа. Зудтай сумын тоо 48-аар нэмэгдсэн гэсэн үг. Харин цагаанархуу зудтай зэрэглэлд 20 аймгийн 113 сум багтаж байгаа.
-Зудаас болж хэчнээн мал хорогдоод байгаа вэ?
-Одоогийн байдлаар нийт малын хорогдол 321 мянгад хүрсэн. Үүнээс тэмээ 120, адуу 11.8 мянга, үхэр 30.6 мянга, хонь 105.6 мянга, ямаа 173.5 мянга хорогдлоо. Энэ тоо бол оны эхний нийт малын 0.6 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Хамгийн их хорогдолтой аймаг Сүхбаатар байгаа. Тус аймгийн хувьд одоогийн байдлаар 63 мянга гаруй мал хорогдоод байна. Мөн Увс, Завхан, Баянхонгор, Архангай аймгуудад өвөлжилт хүндэрснээс болж малын тоо толгой 24-54 мянгаар хорогдсон.
-Ер нь энэ жил өвөлжилт хүндэрч зуд болох тухай урьдчилан ярьж байсан. Одоо өвөлжилт хүндрээд байгаа аймаг, сумдад Засгийн газар болон яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Засгийн газар болон манай яамны зүгээс өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдад тодорхой арга хэмжээ авч байгаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан малчид, иргэдэд төрийн болон нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж үзүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, шуурхай алба буюу хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдлын үйлчилгээг хугацаа алдахгүй хүргэх тал дээр анхааран ажиллаж байна. Засгийн газрын тогтоолын дагуу нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10 мянган тонн өвс буцалтгүй тусламжаар олгосон. Мөн долоон мянга гаруй тонн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан олгох шийдвэр гарсан байгаа.
-Өвлийн зуднаас илүүтэй хаврын тарчиг цаг хүн, малыг туйлдуулдаг. Хаваржилт хүндрэхээс сэргийлж арга хэмжээ авч байна уу?
-Яамны зүгээс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тухай бүрт нь зохих арга хэмжээг авч байгаа. Хаваржилт хүндрэх нь гарцаагүй. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Малчдад цаг агаарын мэдээг үнэн зөв, шуурхай өгөх нь чухал. Тиймээс мэдээ, мэдээлэл, танилцуулгаар ханган богино хугацааны буюу яаралтай тусламж, урт хугацааны буюу сэргээн босгох хоёр чиглэлээр ажиллаж байна. Монголын улаан загалмайн нийгэмлэг, НҮБ- ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон “Улаан хавирган сар” нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг 12 аймгийн 78 сумдын 1800 малчин өрхөд 134 сая төгрөг бэлнээр тараасан. Мөн хоёр сарын хэрэгцээнд зориулан зургаан нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлээд байгаа. Дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх 12 аймагт 1850, Дундговь аймагт 250, нийт 2100 ширхэг малын хашааны дулаалгын хаалт хүргүүлсэн. Ерөнхийдөө гадаад, дотоодын байгууллагаас ирүүлж буй хүмүүнлэгийн тусламж малчдын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Одоо харин мал их хэмжээгээр хорогдох төлөвтэй байгаа тул малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж малыг тэнхрүүлэх шаардлагатай байна. Тиймээс малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамин, нялх төлийн элгэвч, нэмнээ хэрэгтэй. Мөн малчдад дулаан хувцаснаас гадна сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа. Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумд руу явах зам цасанд боогдчихлоо. Өмнө нь сумын төвөөсөө ганцхан цаг яваад хүрдэг байсан газар одоо долоогоос найман цаг явж хүрч байна. Үүнээс улбаалаад шатахууны хэрэгцээ нэмэгдэж байгаа юм.
-Мал ихээр хорогдоно гэлээ. Тэгэхээр малын төлийн тоо буурч таарах уу?
-Одоохондоо мал төллөлт дөнгөж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хэдэн төл хүлээж авахыг урьдчилж хэлж мэдэхгүй байна. Яаманд ирсэн сүүлийн мэдээллээр улсын хэмжээнд 26.9 мянган эх мал төллөж 26.7 мянган төл бойжиж байгаа гэх мэдээ бий.
-Хаврын тариалалт хэзээ эхлэх вэ. Өнгөрсөн жилийн өдийд тариаланчид ургац алдах нь байна шүү хэмээн сэрэмжүүлэн жагсаал цуглаан хийж байсан. Энэ жилийн тухайд дээрх явдал давтагдахгүй биз дээ?
-Хаврын тариалалтыг тухайн жилийн хөрсний угтвар чийгийн хэмжээ, дулааны улирлын ерөнхий төлөвтэй уялдуулан ерөнхий хугацаагаа товлож зохион байгуулдаг. Техникийн хүчин чадал, бүс нутгийнхаа онцлогтой уялдуулан аж ахуйн нэгж бүр харилцан адилгүй хугацаанд тариалалтаа эхэлнэ. Нэг ёсондоо хугацаа харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Өнөө жилийн тухайд тариалалтын бэлтгэлээ бүрэн хангасны үндсэн дээр тавдугаар сарын 10-25-ны дотоод тариалалтаа хийж эхлэхээр төлөвлөж байгаа.
-Хэдэн га талбайд юу, юу тариалах вэ. Өмнө нь Монголд тариалж байгаагүй шинэ төрлийн хүнсний ногоо туршилтаар тарих уу?
-Өнгөрсөн онд бэлтгэсэн уриншийн хэмжээтэйгээ уялдуулан энэ жил тариалангийн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, тариалах талбай, боловсруулах уриншийн тооцоо, төлвийг гаргасан. Оны эхэнд аймгуудын Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулсан байгаа. Гэрээнд заасны дагуу ургац хураахыг эрмэлзэнэ гэсэн үг. Харин энэ жилийн тухайд улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа тарина. Үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 20.4 мянган га-д төмс, хүнсний ногоо, 16.3 мянган га-д тэжээлийн ургамал, 25.3 мянган га-д тосны болон бусад сэлгээний таримал тариалахаар төлөвлөн бэлтгэл ажлаа эрчимжүүлж байна.
-Бэлтгэл ажил ямархуу хэмжээнд үргэлжилж байна вэ?
-Юуны өмнө төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого болон Тариалангийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж батлуулсан байгаа. Одоо бодлогын баримт бичиг болон хуулиа сурталчлах, хэрэгжүүлэх ажил эхлүүлнэ. Яамны зүгээс хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар болсон. Юутай ч тариалалтад дутагдах үрийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж импортын үрийн буудайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүллээ. Импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын болон усалгаа, бордооны үйлдвэрийн тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Уг татвар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ. Мөн УИХ-ын тогтоолоор “2016 оны тариалалтыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд шаардагдах зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх” төсөл, хөтөлбөрийн жагсаалтад багтаасан байгаа.
-Хөгжлийн банктай газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах богино хугацааны хөтөлбөр боловсруулж хамтран ажиллаж байгаа гэсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд тариаланчид Хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй зээл авах боломж бүрдэж байгаа юу?
-Уг хөтөлбөр батлагдсаны гол давуу тал нь 100 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлсэнд оршиж байна. Уг зээлийг хоёр жилийн хугацаатайгаар газар тариалангийн салбарт олгох шийдвэр гаргасан. Мөн УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2016 оны “Чиглэл өгөх тухай” 01 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтын ажилд шаардагдах 20 мянган тонн дизелийн түлшийг импортын онцгой албан татвараас чөлөөлүүлэх асуудлыг боловсруулсан. Одоо холбогдох яамдаас санал авч Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.
-Өнгөрсөн жил ургац алдсан. Үүнээс улбаалан хаврын тариалалтад үрийн нөөц дутагдах уу?
-Дутагдаж буй үрийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор улаан буудайн үр нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна. Ингэхдээ дамжуулан зээлдүүлэх нөхцөлөөр гэрээ байгуулж шаардагдах зардлыг Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дотоод эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн өнгөрсөн оны ургацаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаан буудайнд батлагдсан төсөвт нь багтаан мөнгөн урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байгаа.
-Тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр техник, тоног төхөөрөмж олгодог. Энэ жилийн тухайд ямар боломж өгөх вэ?
-Засгийн газар болон яамны зүгээс тариаланчдыг аль болох дэмжиж ажилладаг шүү дээ. Энэ жилийн тухайд хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 2880, үр тарианы үрлүүр 2100, хөрс боловсруулах техник 4810, төмс хүнсний ногооны үрлүүр 358 ажиллана. Одоогоор техникийн сэлбэг, хангамжийн нөөцийг бүрдүүлэх ажил явагдаж байгаа. Мөн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 125-165 морины хүчтэй тракторыг 20 хувийн урьдчилгаа төлбөртэй дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгох ажил явагдаж байна.
ЭХ СУРВАЛЖ: ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ