Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд буй. Хөл хорионы үеэр буюу энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01.00 цагт Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй цахим тоглоомын газар ажиллуулж, 10 гаруй хүн уг газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор зургаан этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Хатуу хөл хорионы хугацаанд иргэдийг зөвхөн хүнсээ авах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, худгаас ус авах зэрэг нэн шаардлагатай тохиолдлоос бусад үед гэрээсээ гарахгүй байхыг Улсын онцгой комиссоос зөвлөж буй.
Хөл хорионы үед стратегийн ач холбогдол бүхий байгууллага, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ