Цар тахлын хөл хорионоос болж, цахимаар хичээлээ сонсохоос өөр аргагүй болсон нэгэн орос оюутны түүх нутгийн хэвлэлүүдээр цацагдаж, шуугиан тарих болжээ.
Өдгөө 21 настай, Омск хотын коллежийн оюутан Алексей Дудолоф амьдардаг газарт нь модонд авирахгүй л бол интернэтийн сүлжээ орж ирдэггүй хэмээгээд Засгийн газраасаа тусламж хүсчээ.
Түүний сурдаг коллеж цар тахлын улмаас энэ оны хоёрдугаар улирлын турш бүх хичээлээ цахимаар заахаар болсон аж. Тиймээс Алексей оюутны байрнаасаа гарч, Омск хотоос машинаар дөрвөн цаг яваад хүрдэг Назбаевский нутгийн Станкевич тосгондоо харихаар шийджээ. Станкевич тосгонд түүний эцэг эх нийлээд ердөө 39 хүн л амьдардаг аж.
Гэвч тус тосгонд интернэт сүлжээ маш муу болохоор цахимаар хичээл сонсоход тун хэцүү гэнэ. Тиймээс Алексей тосгоноос 300 метр холдож, 8 метр өндөр модонд авирч байж интернэтэд холбогдон хичээлээ үздэг байна.
Өвөл болж, цаг агаар хүйтрэхийн хэрээр Алексей гэрээсээ хол явж, өндөр модонд авирах улам хэцүү болж байгаа талаараа тэрбээр ярьжээ. Түүний нийтэлсэн бичлэг олны анхаарлыг татаж, сая гаруй үзэгчтэй болсон байна.
Түүгээр зогсохгүй дуу хоолой нь мужийн захиргаанд хүрч, Омскийн засгийн газар Алексейд туслахаа амлажээ. Гэвч Станкевич мэт алслагдсан тосгонуудад интернэт сүлжээ оруулахад хугацаа шаардлагатай гэнэ.
Эх сурвалж: RIA.RU
Холбоотой мэдээ