ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна
Posted by News.mn on Thursday, November 12, 2020
Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Covid-19 -ийн халдвар зургаан хүнээс шинээр илэрч, улсын хэмжээнд нийт 412 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. Халдвар илэрсэн зургаан хүнээс хоёр нь голомтын бүсэд ажиллаж байсан эмч нар юм. Харин гурван тохиолдол нь Сэлэнгэ аймгийн харъяат 74 настай ахмад, мөн бэр, ач хүү нар юм байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 13-нд тус аймагт оршин суугч гурван хүний шинжилгээнд вирус илэрсэн. Сэлэнгэ аймаг өчигдрөөс хөл хорио тогтоосон. Өнөөдөр ХӨСҮТ-ээс мэргэжлийн шуурхай арга хэмжээний нэг багийг илгээсэн. Улсын онцгой комиссоос баг бүрэлдэхүүн ажиллаж байгаа. Сэлэнгэ аймагт Covid-19-ийн халдвар бүртгэгдсэн учраас Дархан-Уул, Сэлэнгийн иргэд гэрийн дэглэм барихыг хүсч байна" гэлээ.
Нийт 1030 хүний сорьцод шинжилгээ хийсэн юм байна. Ингэхдээ энэхүү шинжилгээнд хамрагдсан иргэдээс 501 нь тусгаарлалтад байсан хүмүүсийн давтан шинжилгээ бөгөөд халдвар илрээгүй.
Ачаа тээврийн жолоочийн буюу Улаанбаатар хотод голомтлон гарсан халдварт батлагдсан тохиолдол зургаа байгаа. Тандалт судалгааг цаг наргүй хийж байна. Ойрын болон дам хавьтал нийт 3000 орчим хүнийг хяналтандаа аваад шинжилгээ тандалт хийж байгаа.
Сэлэнгэ аймагт арваннэгдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө тус аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээжээ.
Нийт батлагдсан 412 тохиолдлын 317 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76 нь хөнгөн байна. ХӨСҮТ-д нийтдээ 175 хүн ажиглалт тандалтад байгаа ажээ.
Цагийн байдал хүндэрч, эрсдэл өндөр болсон тул дэглэмийг хатуу мөрдөх шаардлагатай байгааг албаныхан онцоллоо.
Мэдээллийн дараа олбогдох мэргэжилтнүүд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Улс орнуудад 27 дахь хоногтоо Covid-19 вирус илэрч байна
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Халдвар авсан тээврийн жолооч Д нь маршрутаа худал мэдээлсэн гэж үнэн үү. Хүүхдүүдийг нь аав, ээжтэй нь тусгаарлаж байгаа юу?
-Бид халдварын голомтоос ирж буй иргэдийг 21 хоногийн тусгаарлалтад хянаж байгаа. Тэр журмаараа иргэд 21 хоног ажиглалт, тусгаарлалтад байж, гурван удаагийн шинжилгээ өгч байна. Халдвар авсан тээврийн жолооч Д нь 21 хоног тусгаарлалтад байж, гурван удаагийн шинжилгээ өгөхөд хариу нь бүгд сөрөг гарсан. Ажиглалт тусгаарлалтаас арваннэгдүгээр сарын 6-нд гарч, 9-нд Covid-19-ийн шинжилгээ хийхэд вирус илэрсэн. ДЭМБ-аас Covid-19 шинэ халдвар учраас нууц үеийн хугацааг 14 хоног гэж хэлсэн. Гэтэл бусад өвчлөл бүртгэгдсэн дэлхийн улс орнуудад 21-27 дахь хоногтоо вирус илрэх эрсдэл байгааг олон улсын судалгаанаас харж байгаа. Тэгэхээр халдвар авсан тээврийн жолооч Д нь журмынхаа дагуу ажиглан тусгаарлалтад байж байгаад гарсан хүн. Түүний нэг настай хүүхдийг ээжээс нь салгаж болохгүй. Тийм учраас хамт байлгаж, ээжид нь халдварын дэглэмийг хатуу баримтлуулж байгаа. Бид хүүхдүүдэд нь шинжилгээ хийж байна. Ойрын хавьтагч хүмүүст эхний, давтан, гурав дахь шинжилгээг хийнэ. Зарим хүмүүс эхний шинжилгээгээр сөрөг гарсан, халдвар аваагүй гэж байгаа нь эргэлзээтэй. Бид 2-3 удаагийн давтан шинжилгээгээр халдваргүй болсон гэдгийг тогтоодог.
Түүний маршрутыг гаргаж, тухайн тохиолдлын үзвэр үйлчилгээнд орсон, хаагуур хэнтэй уулзсан гэдэг зураглалыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Нийтдээ 3000 орчим хавьтлыг олж илрүүлээд, нэр ус, хаягаар нь гаргаж, хяналтад авч, шинжилгээг хийгээд явж байна. Батлагдсан тохиолдлуудаас явсан маршрутаа мартаж, санах тохиолдол бий. Ойрын хавьтлын тоо нэмэгдэх эрсдэл байж болно.
-Дотооддоо халдвар алдсан энэ үед эмч мэргэжилтэн, тусгаарлах эмнэлэг болоод түргэвчилсэн оношлуурын нөөц хангалттай байгаа юу?
-Бидэнд түргэвчилсэн оношлуурын нөөц хангалттай байгаа. Өнөөдөр Сөүлийн тусгай үүргийн онгоцоор нөхөн хангалтын эм бэлдмэл, оношлуур нэмж ирнэ. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн хоёр лабораториос гадна нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 11 цэг дээр шинжилгээ авах газрыг байрлуулж байгаа. Тэнд өнөөдрөөс эхлэн халдвартай иргэний хавьтагч болох 2000, 3000 хүний шинжилгээг авч эхэлсэн. Тэр шинжилгээг нь төв лабораториудад шинжилнэ.
Бид дотоодод багц халдвар гарсантай холбоотойгоор ХӨСҮТ-д 145 ор шинээр нэмсэн. Шинээр 300 ортой төрөх эмнэлгийг тусгаарлах эмнэлгийн зориулалтаар бэлдсэн. Мөн Цэргийн төв эмнэлэгт 570 ор бий. Оношлуурын хувьд тодорхой 21 аймагт болон нийслэлийн 11 цэгт болон салбар зургаан лабораторид түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийж байна.
-Нийслэлд 11 эмнэлэг дээр халдвар авсан иргэдийн хавьтагчдаас шинжилгээ авна гэлээ. Энэ нь бусад өвчнөөр эмнэлгийн үйлчилгээ авахаар хандаж буй иргэдэд эрсдэлтэй юм биш үү?
Өнөөдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн хоёр лабораторид нэг өдөрт дунджаар 3-4 мянган хүнд шинжилгээ хийх боломжтой. Өнөөдрөөс нийслэлд 11 цэг дээр шинжилгээ авч буй газруудаар 2600 орчим хоёрдогч хавьтагчийн нэрс, утасны дугаараар нь дуудаж, харьяаллын дагуу шинжилгээ авна. Тэгж шинжилгээ авахгүй бол нэг дор олон хүний бөөгнөрөл үүсэх гээд байна. Тодорхой хавьталгүй, эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй бол заавал шинжилгээ өгөхөөр эмнэлэг рүү явах шаардлагагүй. Шинж тэмдэг илэрвэл харьяа өрхийн эмнэлэгтээ утсаар эхэлж хандана. Тухайн 11 цэг дээр 2600 орчим хүний шинжилгээг хоёр өдрийн дотор цуглуулах зорилгоор зохион байгуулж байгаа.
-Сэлэнгэ аймагт гарсан халдварын тохиолдлын хавьтагчдыг тогтоосон уу?
-Сэлэнгэ аймгийн Covid-19-ийн халдвар авсан гурван тохиолдол одоогийн байдлаар тээврийн жолоочтой холбогдол багатай байна. Бид үргэлжлүүлэн тандан судалж байна. Сая хотод гарсан халдварын голомтыг тогтоохын тулд 3000 хүнээс асуумж авсан. Манай багууд ажиллаж, бид цахимаар холбогдож зөвлөмжөө өгнө. Маргааш асуудал илүү тодорхой болно. Өчигдрөөс эхлэн Сэлэнгэ аймагт Эрүүл мэндийн газрын халдварын багууд ажиллаж байгаа. Тэдний өгсөн мэдээллээр халдвар авсан 74 настай иргэн, гэрээсээ гардаггүй, ам бүл гурвуулаа амьдардаг. Бэр нь гадуур дотуур явсан явсан учраас 40 гаруй хүнийг тусгаарлалтад авсан. Одоо мэргэжлийн баг ажиллаж, хүрээ хязгаар тогтооно. Сэлэнгэ аймагт хөл хорио тогтоосон байгаа.
-Тусгаарлалтын 21 хоногийн дараах 14 хоногийн гэрийн дэглэмийг дахин сэргээх үү?
-Тусгаарлалтын 21 хоногийн дараа тогтоож байсан 14 хоногийн гэрийн дэглэмийг сэргээх үү гэж асуусан. Бид халдварын голомтын гинжин хэлхээ, ард иргэдийн дунд тархах эрсдэл, өмнөх халдварын нууц үеийн хугацааг уялдуулан харж байж, дараагийн шийдвэрүүдийг гаргана. Одоогоор бид тандалт судалгаа, халдварын голомтын хүрээг тогтоогоод байна. Хүмүүсийн эмнэл зүйн шинж тэмдэг, шинжилгээний хариуг иж бүрэн хийсний дараагаар арга хэмжээг аваад явна.
-Цаашид орон нутагт илэрсэн Covid-19-ийн халдвартай тохиолдлыг ХӨСҮТ-рүү зөөх үү. Дотооддоо халдвар алдаагүй 10 сарын хугацаанд эрсдэлтэй бүсүүдэд зөвхөн шинжилгээ хийх бус тусгай эмнэлэг, эмч мэргэжилтнүүд бэлдэж болоогүй юм уу?
-Сэлэнгэ аймагт гарсан Covid-19-ийн халдварын тохиолдлыг ХӨСҮТ-д авч ирснээс болж, халдвар авсан тохиолдол гараагүй. Эхний ээлжинд ХӨСҮТ-ийн клиник боломжтой байгаа тохиолдолд бид хотод авч ирнэ. Ингэснээр орон нутгийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилчдаа халдварт өртөх эрсдлээс сэргийлнэ. Тэдэнд мөн давхар сургалтуудыг явуулж байгаа. Өнөөдөр бид яг сайн мэргэшсэн эмч нараа батлагдсан тохиолдлууд дээр ажиллуулна. Улсын хэмжээнд 0.5-1 хувь нь халдвар авбал яах вэ гэсэн тооцооллыг хийж, төлөвлөлтийн дагуу арга хэмжээг авч байна.
-Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу гарсан уу?
-Дархан-Уул аймагт бүртгэгдсэн сэжигтэй гурван тохиолдлын эхний шинжилгээ сөрөг гарсан. Сэлэнгэ аймгийн халдвар авсан иргэний ойрын хавьтагчдын тоо бүрэн эцэслэн тогтоогдоогүй байна. Одоо тандалт судалгаа үргэлжилж байна.
Хувийн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй, хяналт тавьж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр:
-Тээврийн хэрэгслийн хязгаарлалтад хамаарахгүй байгууллагын ажилчид хувийн машинаараа ажилдаа ирж, явж болох уу?
-Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хотын Засаг даргын захирамж гарсан. Энэ асуудлын хүрээнд бид нийтийн тээврийг тодорхой цагуудаар явуулж байгаа. Мөн бусад тээврийн хэрэгслийн хязгаарлалтад хамаарахгүй хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг гаргасан. Үүнд, цахилгаан дулаан, усан хангамж ариутгалын чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй байгууллага, түлшний хангамжийн тээврийн хэрэгсэл, хүнсний үйлдвэрийн худалдаа, тээвэрлэлт, түгээлтийн машин, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эмнэлгийн хэрэгслийн ханган нийлүүлэх байгууллагын машин, хог хаягдлын машин, нохой устгалын машин, оршуулгын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой түүхий нүүрс, сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгсэл орж буй.
Харин хувийн тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй, албаныхан хяналт тавьж ажиллаж байна. Өглөөнөөс эхлэн хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулаагүй. Бид энэ асуудлыг нийслэлийн Онцгой комиссын 21.00 цагийн хуралдаанаар дахин хэлэлцэж, зарим өөрчлөлтийг оруулна. Нийтийн тээвэрт ариутгал хийх ажлыг анхаарч ажиллана. Өнөөдөр тусгай зөвшөөрөлтэй ариутгал халдвгүйжүүлэлт хийх 41 аж ахуй нэгж байгаа. Эдгээр газар бүхий л чиглэлийн газруудыг ариутгаж байгаа ч нийтийн тээвэрт хүрэлцэхгүй асуудал байгаа. Бид цаашид анхаарч ажиллана.
-Нийслэлд хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр ямар зохицуулалтыг хийж байна вэ. Нөөцийн мах бэлтгэж байгаа юу?
-Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоогоор мах, бусад хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэлтэй байсан. Анх арваннэгдүгээр сарын 10-нд Засаг даргын захирамжийн дагуу шалган нэвтрүүлэх товчоогоор зөвхөн оруулаад гаргадаггүй байсан. Тиймээс захуудад махны нийлүүлэлт ердийн өдрийг бодвол бага хэмжээгээр орж ирсэн. Нийт 68 томоохон хүнсний захуудад хөдөө орон нутгаас ирсэн мах бэлдэж оруулж ирдэг худалдаачид байдаг. Бид энэ асуудлыг өчигдөр нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар ярилцаж, Засаг даргын захирамжийн тодорхой заалтуудыг цуцалсан.
Өчигдрөөс эхлэн бүх төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулж, гаргахыг чөлөөтэй болгож өгсөн. Өчигдөр гэхэд есөн дүүргийн хэмжээнд бүх зах, дэлгүүрүүдээр 86 тонн мах борлогдсон байна. Мах бол ховордохгүй. Энэ жил 2020-2021 оны өвөл, хаврын улиралд нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэхээр 20 мянган тонн нөөцийн махыг бэлтгэнэ. Өчигдрийн байдлаар 16 аж ахуй нэгж, арилжааны банкнаас зээлийн эх үүсвэрээ авч, хөдөө орон нутаг руу махаа бэлтгээд эхэлсэн. Одоогийн байдлаар 4500 тонн махыг 23 агуулахад нөөцөлж, хадгалсан. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед нөөцийн мах хэрэглэхгүй, хөдөө орон нутгаас ирж буй шинэ махаа хэрэглэнэ.
Холбоотой мэдээ