Ардын дууг этник хэлбэрт оруулан дуулж ард түмнээсээ “Шуранхай”-гийнхан гэх нэрийг зүүсэн тус хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ энэ сарын 7, 8-нд өөрийнх нь дууг сонсох дуртай үзэгч сонсогчиддоо зориулан тоглолт хийхээр болжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
–Сайн байна уу, хамгийн сүүлд “Журай гэлдгэнэ” гэх ардын дууг маш өвөрмөцөөр дуулж, дүрсжүүлсэн байсан. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?
-Баярлалаа. Юуны өмнө уншигчиддаа, mass.mn-ийн хамт олондоо энэ өдрийн мэндийг хүргэе. Хэдхэн хоногийн өмнө баруун монгол ардын дуу "Журай гэлдгэнэ" гэх дуундаа клип хийлгэсэн. Хамгийн сонин нь би урьд нь ерөөсөө клип хийлгэж байгаагүй юм байна лээ. Энэ миний хамгийн анхны клип болсон. Өмнө нь 11 цомог гаргасан ч гэсэн ерөөсөө клип хийлгэж байгаагүй.
Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна. Тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Хамгийн сүүлд хоёр дуундаа клип хийлгэсэн. Мөн энэ сарын 7,8-нд “The ethnic moment” нэртэй тоглолтоо хийх гээд их л завгүй байна даа. Тоглолтоо яагаад ингэж нэрлэх болсон бэ гэхээр хүний анхны араншин, уулга алдалт, сэтгэл хөдлөлийг хөгжимтэй, олон төрлийн хэмнэлүүдтэй, агаарын динамик үзүүлбэртэй яаж хослуулж болдгийг үзүүлэхийг зорьсон.
Таны хоёр дахь бие даасан тоглолт бил үү?
-Тийм ээ, өмнө нь 2010 онд Тэмүүлэл нэртэй тоглолт хийж байсан. Энэ удаагийн тоглолт хоёр дахь болж байгаа.
-Удаан хугацааны дараа хийж байгаа тоглолт болохоор нэлээд чанартай, чансаатай болно байх гэж хүмүүс хүлээж байгаа байх. Бэлтгэл их байна уу?
-Тэгэлгүй яахав. Амьд хөгжмийн хамтлагуудтай амьдаар тоглоно. Хүнээс ямар л эгшиг авиа гарч байна, тэр болгоныг хэмнэлд яаж оруулах вэ, ямар дуунууд сонгож, яаж бүтцээ хийх вэ гээд бүх л зүйл дээр нь бараг нэг жил шахуу ажилласан. Хөгжмийн найруулагчаар Мягмардорж гээд Баянмонгол чуулгын хөгжимчин ах маань ажилласан.
Эх хүн хүүхэд төрүүлчихээд энэ нь ийм энэ нь тийм гээд ялгаад байдаггүй шүү дээ
-Урилгаар ямар нэгэн хамтлаг дуучид ирэх болов уу, Шуранхайгийнхан маань ч юм уу?
-Ер нь энэ миний л өөрийн ертөнц байдаг болохоор ямар нэгэн өөр орон зай байхгүй. Юу гэх гээд байна гэхээр эх хүн хүүхэд төрүүлчихээд энэ нь ийм энэ нь тийм гээд ялгаад байдаггүй шүү дээ. Тэгэхээр энэ дууны завсраар нэг ийм юм оруулчихья гэсэн бодол байхгүй. Тоглолтынхоо бүх зүйлийг би өөрөө бодож хийдэг учраас ийм хөгжимний араас ийм тайвшрал явах ёстой, ийм тайвшралын араас ингэж хүний эд эрхтэнг сэргээх хэрэгтэй, энэ сэргээсэн дээр нь хэлэх гэсэн гол санаагаа оруулах ёстой гээд ямар ч өөр зүйл багтах зайгүй тоглолт болдог шүү дээ.
Уран бүтээлдээ ээж хүн шиг ханддаг гэснээс ээж болоод багагүй хугацааг үдлээ. Охин нь том болж байна уу?
-Гэр бүлийнхээ талаар ярихад бүгдээрээ сайн байгаа. Охин минь том болж байгаа. Энэ ярилцлагаар далимдуулаад миний дуртай зүйлээ хийхийг зөвшөөрч, дэмжиж байдаг хайртай ханьдаа, ээждээ, охиндоо маш их баярлалаа гэж хэлмээр байна.
Залуу хүн цааш цаашдаа маш их зүйлийг хийхээр төлөвлөсөөр байгаа байх, цухас дурьдвал?
Жаахан нууцлаад хийснийхээ дараа л хэлье дээ
-Тэгэлгүй яахав маш их төлөвлөгөөнүүд байгаа. Саяхан Шуранхайгийнхаа охидуудтай уулзаад нэгдэж, хамтарч ажиллах ёстой юм байна гэж бодсон. Аль хэдийнээ зургаан цэцэг дэлбээлүүлсэн байна. Маш их том ажлуудын ард гарсан байна. Нэг нэгнээ дэмжье, хамтаръя, тусалъя гэдэг үүднээсээ бодсон, санаж, төлөвлөсөн зүйлүүд их байгаа. Тийм болохоор жаахан нууцлаад хийснийхээ дараа л хэлье дээ. Өмнө нь хийгээгүй юмаа яриад, тэрэндээ их унадаг байсан юм шиг санагддаг, нэлээн хэнэггүй нөхөр байжээ эргээд бодоход.
-Тэгэхээр Шуранхай хамтлаг эргээд нэгдэж уран бүтээлээ хийнэ гэж ойлгож болох уу?
-Яг амлалт өгч бол болохгүй. Нэгнийгээ хүндлэх хэрэгтэй. Бид гурав ямар нэг тохиролцоонд хүрэх, тохиролцоо гэдэг маань хэн нэг нь хүсэлт тавих юм бол татгалзахын аргагүй. Бид нар анхнаасаа бол хамтлаг биш байсан шүү дээ. Тийм болохоор саллаа, нийллээ гэж хэрэлдэж уралдаад бөөн юм болж байгаагүй. Зүгээр л хэн хэн нь амьдрал, үр хүүхэд гээд явсан. Чимгээ маань одоо гурван хүүхэдтэй, Үүрээ маань хоёр, би нэг хүүхэдтэй гэхээр зургаан жилийн хугацаанд асар том ажлыг амжууллаа.
Өмнө нь нэг толгой л бүхнийг шийддэг байсан бол одоо хоёр толгой зэрэг ажиллахаар ачаалал их багасдаг юм байна
Нэг ярилцлагандаа та эх хүн, хүний хань болно гэхээр заримдаа халширдаг, чадах болов уу гэж айдаг гэсэн байсан. Одоо тэгвэл үүргээ хэр сайн гүйцэтгэж байна вэ?
-Тийм ээ, урьд нь ямар нэгэн төсөөлөл байхгүй ч юм уу эсвэл хүүхэдтэй хүнийг харахаараа аягүй их түүртдэг байсан. Яаж хүүхэд гарганаа, ямар хэцүү амьдардаг юм бэ гэж боддог байсан. Тэгвэл гэр бүл болно гэдэг нь тэр сонгосон залуу, тэр сонгосон эмэгтэй хоёрын хооронд харилцан ойлголцол маш чухал гэдгийг сайн ойлгосон. Нөхөр маань бүх зүйл дээр ойлгодог, хамтардаг, дэмждэг бүх чадлаараа тусалдаг учраас тэр айдас бол байхгүй болсон. Өмнө нь нэг толгой л бүхнийг шийддэг байсан бол одоо хоёр толгой зэрэг ажиллахаар ачаалал их багасдаг юм байна.
–Ардын дууг яагаад ийм өвөрмөц хэлбэрээр дуулдаг юм бэ. Үүнийг сонсогчид, үзэгчид янз янзаар л хүлээн авдаг л даа. Ингэж дуулах нь ер нь зөв юм уу?
Тэр том хүнээс тийм магтаал сонсохоор их урам авдаг юм билээ
-Юмс харьцангуй их өөрчлөгдөж байна л даа. Дэлхийн дулаарал гэдэг шиг дэлхий өөрөө маш их өөрчлөгдөж байна. Мөн тэр хирээр хүмүүс өөрчдөгдөж байна. Нэгэнт энэ чиглэлийг сонгоод дуулна, хөгжүүлнэ гэж амлалт өгөөгүй ч гэсэн өөрсдийнхөө хувьд ийм зорилготой. Энэ зорилгодоо хүрэхийн төлөө л байна. Хоёрдугаарт 2009 онд Sony BMG Music Entertainment-ийн Абдул Монголд ирж дуу хөгжмийн бичлэг хийсэн. Тэр үед Ардын жүжигчин Нэргүй эгчид санал тавиад үл ойлголцсоны улмаас хамтарч ажиллаагүй юм билээ. Тэгээд намайг тэр бичлэгэнд орох уу гэдэг саналыг нь хүлээж авсан. Тэр үед Абдул чи одоо Монголын биш дэлхийн хэмжээний хүн боллоо. Маш их хөдөлмөр, маш их туршлага, дээрээс нь сэтгэлгээний өвөрмөц онцлог чамд байдаг юм байна гэж хэлж байсан. Тэр том хүнээс тийм магтаал сонсохоор их урам авдаг юм билээ. Абдул Монголд ирэхээсээ өмнө Хятадаар тойрсон юм билээ. Тэгээд тохиолдоор Монголд ирсэн үү, эсвэл хяталын нэг муж гэж бодсон уу ямартай ч сэтгэлд нь нийцсэн бичлэгээ аваад явсан. Тэрний өмнө Жек Уэтерфорд бид нарт 30000 долларын тэтгэлэг өгөөд тоглолтыг маань хийлгэж байсан. Тэр хоёроос их урам аваад энэ чиглэлээр уран бүтээлээ хийсээр байх болно гэж шийдсэн.
-Гадаадад тоглолтоор явж байхад хүмүүс манай ардын урлагийг их сайхнаар, сэтгэл хөдлөлтэйгөөр хүлээж авдаг гэж ярьдаг шүү дээ?
-Тийм ээ. Гадаадад тоглолтоор явж ирэх болгондоо үнэхээр сайхан мэдрэмж, урам зориг аваад ирдэг. Миний дуулахыг сонссон хүмүүс байгаль дуулаад байгаа юм шиг санагдлаа гэдэг бол зарим нь асгартал уйлдаг, инээдэг, баярладаг, бүр зарим нь ямар нэг юм хайгаад байдаг. Хаанаас, яаж ингэж дуугараад байнаа гээд л . Тэр болгоноос л урам авсаар байдаг.
–Sony BMG-тэй хамтарч уран бүтээл хийсэн гэж байсан. Ямар уран бүтээл вэ?
-Чи их гярхай юм байна. Хамгийн гоё нь Абдулын хийгээд явсан тэр бичлэгийг маань Аватар киноны Аваторчуудын дуу хоолойг илэрхийлсэн тэр саундуудад тэр чигээр нь ашигласан байсан.
-Ямар мундаг юм бэ?
-Би мундагдаа биш л дээ. Гол нь монгол өөрөө тийм шинэ, сонирхолтой. Тэр Аватор гэдэг ертөнц, атмосферийг бий болгож байгаадаа л шинэ, сонирхолтойгоороо үлдэж байгаа юм. Харамсалтай нь тэр Абдул монголд ирэхээсээ өмнө хятадаар явсан гэж хэлж байсан. Тэгж явахдаа манайд ирж бичлэг хийсэн цаанаасаа ирнэ гэж төлөвлөсөн байсан уу эсвэл хятадын нэг муж гэж бодсон юмуу Хятадаас гэж орсон байдаг юм билээ. Би тэгээд тэр бичлэгийг хайж хайж өнгөрсөн жил л мэдсэн.
Эхлээд үзчихээд энэ ямар над шиг дуугардаг юм бэ, ямар сонин юм бэ гэж бодож байсан. Тэгээд лавшруулаад судлаад байсан чинь нөгөө Абдул маань тэр бичлэгээ Аваторынханд зарсан байсан.
–Сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. Тоглолтонд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Цаг хугацаа гэдэг үнэхээр гайхамшигтай. Хийж байгаа зүйлдээ үнэнч байх юм бол амьдрал чамд алгаа дэлгэдэг юм байна гэдгийг ойлгоод л тоглолтондоо бэлдээд байж байна даа. Тоглолтыг маань ирж үзээд сайхан мэдрэмжийг аваарай гэж хэлмээр байна.
Б.БАЯРМАА