Халаалт, эрчим хүчний системд цоо шинэ шийдлийг нэвтрүүлж, эрчим хүчний хэмнэлттэй радиатор, битүүмжлэгдсэн халаагуур үйлдвэрлэх “Best Energy Saving” компанийн үйл ажиллагаа, шинэ бүтээгдэхүүнтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцлаа.
1998 онд үйлдвэрлэсэн сансрын хиймэл дагуулын халаагуураас санаа авч, цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг халаагуур хийх зорилготойгоор олон жилийн туршилт, судалгааны үр дүнд шинэ төрлийн халаагуур зохион бүтээж чадлаа. Харахад энгийн паар мэт боловч шинжлэх ухаан, технологийн ололт юм. Битүүмжилсэн халаагуур нь ижил төрлийн халаагуураас дөрөв дахин бага эрчим хүч зарцуулна гэж тус компанийн зөвлөх Н.Даваа Ерөнхий сайдад танилцууллаа. Уураар халаах зарчимд тулгуурлан бүтээсэн энэ халаагуураар гэр, орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудын дулааны хангамжийг эрчим хүчний бага зардлаар бүрэн шийдэх боломжтой юм. Эрчим хүч хэмнэх төхөөрөмжинд технологийн шинэчлэл хийн авсаархан болгож, радиаторын дотор талд байрлуулж өгснөөр хэрэглэхэд хялбар болжээ. Битүүмжилсэн халаагуур +75 хэм хүртэл халж, цагт 50 төгрөгийн цахилгаан зарцуулна. Мөн монгол гэрт зориулсан халаагуур бүтээж туршсан нь үр дүнтэй болж, цаашид үйлдвэрлэлд шилжүүлэхэд бэлэн болсон байна.
Гэр хорооллын оршин суугчдын дулааны хангамжийг хямд үнэтэй, эрчим хүчний хэмнэлттэй халаагуураар шийдэж, утааг багасган нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх эдгээр төхөөрөмжийг цаашид олноор үйлдвэрлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлж, үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж туслахыг компанийн удирдлагууд Ерөнхий сайдаас хүслээ.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айл өрхийг хямд үнэтэй халаагуураар хангах нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл цэвэр орчин бүрдүүлэхэд ач холбогдолтойг онцлоод үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн зээлийг судалж, шийдвэрлэхийг Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбатад үүрэг болголоо.
Үйлдвэрлэл эхэлснээр тус компани ирэх 9 дүгээр сар хүртэл 45 000 ширхэг халаагуур үйлдвэрлэж, айл өрхөд нийлүүлэх боломжтой болох юм. Халаалт, эрчим хүчний шинэ системийг айл өрхөд нийлүүлэх, түгээх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд даалгалаа.
ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА