Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Хонгконгийн ардчиллыг хумьж байна

Яг энэ цаг үеэс жилийн өмнө хонгконгчууд хэдэн зуун мянгаараа гудамжинд гарч, эрх чөлөөнийхөө тэмцэж, эх газрын Хятадын дарангуйллыг эсэргүүцэн жагсаж байв. Харин одоо Хятадын засаг захиргааны тусгай нэгжид гудамж талбай хоосорч, коммунист дэглэмийг эсэргүүцсэн уриа лоозонгууд нэг ч үзэгдэхээ байж, улс төрийн үзэл суртал бүхий агуулгатай номуудыг ч номын сангийн архиваас хасчээ. Үүгээр ч зогсохгүй Хонгконгод эрх баригчдын дураараа үйлдлийг хязгаарлах үүрэгтэй сөрөг хүчин гэж байхаа больж байна.

Хонгконгийн парламентын ардчиллыг дэмжигч бүх хууль тогтоогч өчигдөр /2020.11.12/ огцрохоо зарлав. Учир юу вэ гэвэл өмнөх өдөр нь эх газрын Хятадын эрх баригчид “үндэсний аюулгүй байдалд халтай үйлдэл хийсэн” хэмээн Хонгконгийн сөрөг хүчин буюу Ардчиллыг дэмжигч дөрвөн хууль тогтоогчийг шүүхээр дамжуулахгүйгээр шууд огцруулах шийдвэр гаргасан аж. Иймд хамтран зүтгэгч нар нь Бээжинг эсэргүүцэн ийнхүү бүгд хамтдаа огцрох шийдэлд хүрчээ. Дээрх шийдвэр нь Хонгконг 1997 онд Хятадын мэдэлд эргэн очсоноос хойш Бээжин зоргоороо Хонгконгийн парламентад халаа, сэлгээ хийж буй анхны тохиолдол юм байна.

Хятадын хууль тогтоох дээд байгууллагаас баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийн дагуу Хонгконгийн гүйцэтгэх засаглалд сонгогдсон хууль тогтоогчдыг шүүхээр дамжуулалгүй шууд хөөж, Бээжингийн эрх мэдлийг бэхжүүлэх, хагас автономит тус хотод зохион байгуулалттай улс төрийн сөрөг хүчин байх боломжийг хаасан заалтууд багтжээ.

Өөрөөр хэлбэл, Хонгконгийн тусгаар тогтнолыг сурталчилсан, дэмжсэн, эсвэл Бээжингийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хууль тогтоогчийг Бээжин шууд огцруулах боломж бүрдсэн юм. Мөн Хонгконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох гадны байгууллагатай холбоо тогтоосон, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Хятадын үндсэн хууль болон Хонгконгийн үндсэн хуулийг зөрчсөн, хуулиар тогтоосон шаардлагыг биелүүлээгүй улстөрчдийг ч ийм хувь заяа хүлээж байгаа. Австрали, Канад, АНУ, Их Британи зэрэг улсууд Хятадыг дээрх хуулийг баталж, хууль тогтоогчдын эрхийг хасахыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Саяны хөөгдсөн дөрвөн хууль тогтоогчоос гадна энэ оны эхээр өөр дөрвөн хууль тогтоогч сонгуульд оролцох эрхээ хасуулсан юм. Хонгконгийн сөрөг хүчин буюу Ардчиллыг дэмжигчид нь 70 гишүүнтэй бөгөөд хууль тогтоох зөвлөлд цөөнхийг бүрдүүлж, нийгмийн эрх чөлөөг боож байна хэмээн үзсэн хуулиудаа батлуулахгүй байх, тэнцвэржүүлэх зорилготой ажилладаг.

Хонгконгийн үндсэн хууль гэж юу вэ?

Энэ бол зөвхөн Хонгконгод үйлчлэх жижигрүүлсэн Үндсэн хууль юм. 1997 онд хуучин Британийн колонид байсан Хонгконгийг эх газрын Хятадад буцааж өгөх үед баталсан хууль бөгөөд Хонконг нь батлан ​​хамгаалах, гадаад харилцаанаас бусад бүх зүйл дээр Хятадаас бие даасан байх ёстой гэж заасан байдаг. Үүнд үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан зохион байгуулах эрх чөлөөг хамгаалах заалтууд ч багтсан байдаг. Ерөнхийдөө, Хонконг нь Хятадын эх газраас улс төрийн хувьд тусгаар байх ёстой гэсэн санааг илэрхийлдэг.

Хятадын баталсан Үндэсний аюулгүй байдлын тухай хууль гэж юу вэ?

Салан тусгаарлах, Хятадын төв засгийн газрын эсрэг хорлон сүйтгэх, террорист ажиллагаа, гаднын хүчнүүдтэй холбоо сүлбээ тогтоох зэргээр үндэсний аюулгүй байдалд аюул учруулах үйлдэл гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хууль юм. Энэхүү хууль нь Хятадын аюулгүй байдлын агентлагууд Хонконгод нэвтэрч, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, орон нутгийн хууль тогтоомжийг үл тоомсорлож, зөвхөн Хонгконгод амьдарч буй иргэд төдийгүй, гадаад улс оронд байгаа хонгконгчуудыг ч хянах боломжийг Бээжин өөртөө бүрдүүлсэн юм.

Энэ хуулийн дагуу Хонконгийг тусгаар тогтнохыг уриалж байгаа нь "салан тусгаарлах" гэмт хэрэгт тооцогдож, жагсаал цуглаан зохион байгуулах нь “терроризмын гэмт хэрэг”-т тооцогдож, Хятадын хуулийн дагуу шийтгэгдэх болж байгаа юм. Хятадын хуулиар ийм төрлийн гэмт хэрэгт бүх насаар нь хорих ял оноодог. Ийнхүү Бээжин хуулиар далайлган Хонгконгчуудын үг хэлэх эрх чөлөөг боомилж, цаашлаад бие даасан байдлыг нь бага багаар үгүй хийж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж