Монгол Улс дотооддоо Covid-19-ийн халдварыг алдсан тул улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.
Иймээс УИХ Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд УИХ-ын гишүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангасан гэдэг мэдээлэл байна. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүд байгаа газраасаа цахимаар холбогдож, хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа өгөх бололцоог бүрдүүлсэн аж.
Энэ асуудлаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2020.11.12/ онлайнаар хуралдаж, чуулганы хуралдааныг ямар дэгээр зохион байгуулбал зохистой вэ гэдэг асуудлаар санал солилцсон юм байна. Хоёр хувилбар яригдсаны нэг нь өмнөх парламентын үед УИХ-ын хаврын чуулганыг таван танхимд гишүүдийг хуваан суулгасан шиг хийх, эсвэл байгаа газраасаа хуралдаанд оролцох хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзжээ. Санал авахад гишүүдийн олонх нь байгаа газраасаа хуралдаандаа оролцох гэсэн хоёр дахь хувилбарыг дэмжжээ.
Хуульд зааснаар УИХ Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой. Иймээс өнөөдөр л 2021 оны төсвийн хуулийг батлах шаардлага тулгарч буй юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14.00 цагт товлоод байна. УИХ өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх учиртай юм.
Засгийн газар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.9 хувь, нийт зарлагын хэмжээг 13,951.6 тэрбум төгрөг буюу 30.0 хувь, төсвийн алдагдлыг -2,153.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний -5.1 хувь байхаар төлөвлөж, төсвийн төслийг боловсруулсан юм. Уг төслийг УИХ-д мэдүүлсний дараа эдийн засагчид "Төсвийн алдагдлыг өндөр тавьсан, аймгуудад тавьсан хөрөнгө оруулалт нь харилцан адилгүй тэгш бус, орлогыг хэт өөдрөгөөр төсөөлсөн зэрэг нь эрсдэл учруулахаар байна" гэж шүүмжилсэн юм. Тухайлбал, эдийн засагч Ч.Отгочулуу "Өндөр алдагдалтай төсөв баталж, түүнийгээ гадаад өрөөр хааж байгаа нь үнэн. Уг нь УИХ Засгийн газраа хянаж, ард түмний төлөөлөл болж, төсөвт хяналт тавих үүрэгтэй. Гэтэл УИХ нь эсрэгээрээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар хэмээх гурвалын хуулийн хэлтэс шиг ажиллаж байна. Улсын төсөв өнөөдөр дарга ангийнханд ээлтэй, бор зүрхээрээ явж буй компаниудад халгаатай байгаа" гэж мэдэгдээд буй.
Аймгуудын хөрөнгө оруулалтыг хүснэгтээс харж болно.
Аймаг | Төсөл | Төсөв (сая ₮) |
Хэнтий | 90 | 125,827 |
Баянхонгор | 29 | 124,533 |
Дундговь | 27 | 52,289 |
Хөвсгөл | 68 | 50,550 |
Сүхбаатар аймаг | 40 | 47,460 |
Завхан | 34 | 41,490 |
Төв аймаг | 33 | 40,602 |
Архангай | 42 | 39,527 |
Ховд | 42 | 38,521 |
Баян-Өлгий | 50 | 38,257 |
Дархан-Уул | 25 | 32,488 |
Говь-Алтай | 35 | 29,141 |
Дорнод | 22 | 27,121 |
Орхон | 22 | 20,786 |
Өвөрхангай | 39 | 20,267 |
Дорноговь | 10 | 19,028 |
Сэлэнгэ | 27 | 17,982 |
Увс | 41 | 17,581 |
Өмнөговь | 20 | 14,686 |
Говьсүмбэр | 9 | 11,072 |
Булган | 17 | 8,493 |
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт;
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар дүгнэлт;
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав, дөрөв дэх хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
- "Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл.
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- “Зөвлөлдөх санал асуулгыг явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
- “Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин нарын 17 гишүүн 2020.08.28-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Бусад;
- Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын хэмжээнд усны харилцааг зохицуулж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, тэдгээрийн уялдаа холбооны талаар” тавьсан асуулгын хариу сонсох.
Г.ХОРОЛ