"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

Хуучирсан мэдээ: 2020.11.13-нд нийтлэгдсэн

"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

"Тэргүүн титмийн эзэн болсон мөчийг үгээр илэрхийлэхийн аргагүй"

Охид бага байхдаа өөрийгөө миссийн титэм зүүснээр төсөөлөх нь олонтаа. Тэгвэл охидын нэг нь мөрөөдөлдөө хүрч  "Student Miss Mongolia 2020" тэмцээний  тэргүүн  титмийн эзэн болжээ. Түүнийг Б.Намуунзул гэдэг, Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн бизнесийн салбарын дөрөвдүгээр дамжааны оюутан юм.

"Student Miss Mongolia 2020" тэмцээнд  нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 нь шалгаран үлдэж, өөрсдийн гоо үзэсгэлэн, оюун ухаан, авьяас билгээрээ өрсөлдсөнөөс тэргүүн миссээр Б.Намуунзул тодорч  нэг өрөө байрны шагналын  эзэн болсон  юм. Ингээд түүнтэй  хийсэн ярилцлагаа сонирхуулъя.


-Юуны өмнө тэргүүн титмийн эзэн болсонд тань баяр хүргэе. Тэмцээн хэдэн үе шаттай байсан бэ. Товч мэдээлэл өгөөч?

Баярлалаа. News.mn вэб сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. “Тансаг мода" загварын агентлагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Student Miss Mongolia 2020" тэмцээн нь  өнгөрсөн  аравдугаар сарын 7-ны өдөр эхэлж нэг сарын хугацаанд үргэлжилсэн. Ингээд арваннэгдүгээр сарын 6-нд шилдгүүдээ тодруулсан. Тус тэмцээнд нийт 100 гаруй оролцогч бүртгүүлснээс сүүлийн шатанд 19 оролцогчид шалгарсан.Энэ удаагийн тэмцээнд Дархан, Сэлэнгээс ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагчид их оролцсон.

Миний хувьд танго бүжиг бүжиглэж, авьяаслаг мисс шалгаруулалтын таван охидын нэгээр, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэх утга санааг агуулсан 2-3 минутын видеогоор хүмүүнлэг  мисс шалгаруулалтын гурван охидын нэгээр шалгарсан. Би  бүжиглэж чаддаггүй ч гэсэн"Student Miss Mongolia 2020″ тэмцээндээ зориулж танго бүжиг сурсан. Бүжгийн багшийнхаа удирдлага дор 2-3 долоо хоног бэлдсэн. Эцэст нь авьяаслаг миссээр шалгарч  финалын шатанд үлдэх  эрхээ авсан.

– Өөрийн тань оролцсон анхны миссийн тэмцээн болохоор ихээхэн ач холбогдол өгсөн гэдэг нь өмнө нь огт бүжиглэж үзээгүй  ч гэсэн танго  сурснаас илт байна.  Ингэхэд танго бүжиг сурахад бэрхшээл юу байв?

-Манай  бүжгийн багш хатуу  чанга хүн болохоор  намайг их шахсан. Тиймдээ ч хурдан сурсан байх. Танго бүжгийн нэг давуу тал нь бусад цэнгээнт бүжиг шиг эвсэл шаарддаггүй.

Танго бүжиг нь хурц үедээ хурц, зөөлөн үедээ зөөлөн байдаг онцлогтой. Гаднаа хурц харагддаг мөртлөө дотоод өнгө аяс, илэрхийлэл их өндөртэй.

Ер нь танго бүжиг миний зан араншинтай төстэй. Би өөрөө их хурц, шударга  зан араншинтай. Багш маань үүнийг анзаарсан учраас  надад танго бүжгийг сонгож өгсөн байх.

Тэргүүн титмийн эзэн хэмээн зарлуулсан торгон агшин руу эргэж очин тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Финалын шатанд миний нэрийг  зарлахаас өмнө  ээж, дүү хоёрыгоо харсан чинь алгаа хавсраад залбираад сууж байгааг хараад ялчих  юмсан гэх нууцхан хүсэл төрсөн.  Финалын шатанд  тэмцээний үеэр дотно найзалсан охинтойгоо үлдэж таарсан. “Бид хоёрын хэн нь ч тэргүүн мисс болсон бай ялгаагүй”  гээд найзтайгаа  гар, гараасаа атгалцаад зогсч байхад миний нэрийг зарласан.

Тэр үед л бусад хүмүүсийн яриад байдаг шиг сандрал, догдлолыг нэг дор мэдэрч үзсэн дээ. Сэтгэл хөөрөл дээд цэгтээ тулсан. Мэдээж  нуухыг оролдсон ч баярын нулимс унагаж орхисон. Тэр үе үгээр илэрхийлэхийн аргагүй нандин мөч. 

Тэмцээний дараа өөрийнхөө ялагч болсон үеийн бичлэгийг  хэдэн удаа давтаж үзсэнээ ч санахгүй байна. Тоогоо алдсан байх. /инээв/ Би гэхдээ тэмцээнд орж байгаа гэдгээ аав, ээждээ тэмцээн дуусахаас долоо хоногийн өмнө л хэлсэн.

 ФИНАЛЫН ШАТАНД ААВДАА ӨӨРИЙГӨӨ ЧАДНА ГЭДГИЙГ  ХАРУУЛАХЫН ТУЛД МАШ ИХ ХИЧЭЭСЭН

Яагаад тэр вэ?

Үнэнийг хэлэхэд манай аав намайг "Student Miss Mongolia 2020" тэмцээний тэргүүн титмийн эзэн болох хүртэл загвар өмсөхийг маань дэмждэггүй байсан. Тиймдээ ч  финалын шатанд аавдаа өөрийгөө чадна гэдгийг  харуулахын тулд маш их хичээсэн. Ер нь ааваараа хүлээн зөвшөөрүүлэхийг хүссэн.  Тэмцээнд оролцоход шаардагдах бүх зүйлийг би өөрөө л зохицуулж ирсэн. Зуны гурван сар нярав, худалдааны зөвлөх гэхчлэн олон ажил хийсэн болохоор тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болсон байсан. Тэрхүү хуримтлалаа тэмцээндээ ашигласан. Ер нь тэмцээн уралдаанд оролцохдоо  гэр бүлийнхнээсээ санхүүгийн туслалцаа авалгүй өөрөө болгохыг хичээдэг.  

– Тэгвэл "Student Miss Mongolia 2020" тэмцээний тэргүүн титмийн эзэн Б.Намуунзул гэж зарлуулахад аав нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Манай аав их хатуу чанга хүн л дээ. Гэхдээ намайг тэргүүн мисс гэж зарлуулахад тэсэлгүй уйлсан. Тэр орой  “Аав нь ерөөсөө охиноо  дэмждэггүй, загнадаг байсан. Одоо аав нь охиноо дэмжинэ. Миний охин мундаг. Тайзан дээр овог, нэрээ зарлуулаад титмээ зүүх үед аав  нь чамаар  маш их бахархсан” гэж хэлээд  уйлаад л байсан. Чулуу шиг хатуу аавыгаа уйлахыг хараад би бас уйлчихаж билээ.

-Ингэхэд шинэхэн байрандаа хэзээ орох талаар нь асууж болох уу?

-Удахгүй ордероо шилжүүлж авна гэсэн.  Шинэ байр болохоор ирэх хавраас л ашиглалтад орох байх. Угаасаа намайг аав, ээж тусад нь гаргахгүй байх л даа.

НАМАЙГ САГСАН БӨМБӨГИЙН НЭГДҮГЭЭР ЗЭРЭГТЭЙ ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ

-Одоо хоёулаа тэмцээнээс өөр зүйл ярьяАнх загварын өмсөгчийн гараагаа хаанаас хэрхэн эхэлж байв?

-Би 2017 онд загварын “ Торго” модель  агентлагт явж эхэлсэн. Одоогоор тус агентлагт гэрээт моделиор ажиллаж байна. Би Азийн хатан өргөмжлөлт, супер модель Г.Оюунгэрэл багшийн гарын шавь .Багш маань намайг маш их дэмжиж, урам зориг өгдөг.

20 настай мөртлөө өндөр 176 метр юм байна. Ер нь багаасаа л үеийнхэн дундаа өндөрт  ордог байв уу?

Багаасаа  л биеийн тамирын хичээлд охид дундаасаа  өндрөөсөө нэгдүгээрт зогссоор байгаад л сургуулиа төгссөн дөө./ инээв/ Манай аав залуудаа сагсны шигшээд байсан бол  ээж маань волейболын тамирчин байсан. Би долдугаар ангиасаа эхлээд  сагс, волейболын дугуйланд явж эхэлсэн. Сунгалт сайтай учраас өндөр болсон байх. Гэхдээ манай аавын талынхан их өндөр хүмүүс бий.

Намайг сагсан бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй гэхээр хүмүүс итгэдэггүй. Би  хувьдаа спорт, загварын салбарыг хослуулаад л явна гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд тэмцээнд хамт өрсөлдсөн охидоос яг ямар чанараараа илүү байсан болохоор ялагч болсон гэж бодож байна вэ?

-Тууштай зан чанар юм болов уу. Тэмцээнд оролцох нэг сарын  хугацаа тийм ч амар байгаагүй. Тэмцээнд бүртгүүлэхийн өмнө би  харшлын улмаас эмнэлэгт  2-3 долоо хоног хэвтээд гарч ирсэн. Тэр үед өөрийгөө илүү хөгжүүлж,  шинээр соримоор санагдсан. Намайг яг  эмнэлгээс гарсан өдөр тэмцээний бүртгэлийн сүүлийн өдөр байсан. Хамгийн сүүлд нь би бүртгүүлсэн учраас шалгаруулалтын хамгийн эхэнд орж тайзны алхаагаа шалгуулсан. Харшил бүрэн эдгэрээгүй, бие дээр тууралт нь байсан учраас түүнээсээ маш их ичдэг байлаа. Хүмүүс бие дээр минь байгаа харшлыг хараад  надаас сэжиглэх вий, янз бүрийн юм буруугаар бодчихвий гэхээс их санаа зовдог байсан. Тиймдээ ч  шалгаруулалт бүрт битүү хувцас өмсдөг байсан. Тэмцээний дунд бас шантрах үе байсан. Төгсөх курс учраас хичээл ихтэй. Өглөө нь хичээлдээ яваад орой нь тэмцээний бэлтгэлээ хийнэ.

Сүүлдээ шантраад "Тэмцээнээ больё хичээл номоо бодъё" гээд тэмцээний бэлтгэгч  багш нарт хэлэхэд “Айдас түгшүүрээ даваад гарчих юм бол чи амжилтад хүрч чадна. Тиймээс битгий шантраарай. Бэлтгэлээ хий” гэж хэлсэн.

Тэр үгийг сонсоод хичнээн хэцүү байсан ч өөрийгөө зоригжуулаад тэмцээнээ дуусгасан. Үүний  эцэст тэргүүн мисс болж чадсан. Тусалж, дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж