Нийслэлийн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан 300 хүн хүлээн авах хүчин чадалтай төрөх эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулж, Covid-19-ийн халдвар авсан иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлыг хангана гэдгээ УИХ-ын сонгуулийн өмнө албаныхан мэдэгдэж байсан. Иймээс нөхцөл байдал хүндэрч буй энэ өдрүүдэд шинэ эмнэлэгт Covid-19-ийн халдвар авсан иргэдийг тусгаарлахад бэлэн болсон эсэхийг сурвалжиллаа.
Нийт 39 тэрбумын хөрөнгө оруулалтаар босгосон гэх шинэ төрөх эмнэлэг нь найман давхар, долоон блокоос бүрджээ. Нийт 34.200 метр.кв, 2.4 га талбайтай, 880 өрөө бүхий 1.500 ор дэлгэх боломжтой. Олон улсын стандартад нийцсэн уг эмнэлэг хүүхдийн 140, төрөхийн 160 ортой юм байна.
Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх хүчин чадалтайгаар баригдсан аж. Нийт 681 эм, эмнэлгийн ажилтан иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөгджээ.
Биднийг очиход эмнэлгийн барилгын гадна бүтээн байгуулалтын ажил дуусч, компанийн ажилчид ажлын байрандаа цугларч байв. “Томо Бюлдинг” компанийн төлөөллөөс эмнэлгийн бүтээн байгуулалтын ажлын явцыг тодруулах гэсэн боловч дотогш нэвтрэхийг хориглож, мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Эмнэлгийн үйл ажиллагааны талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас утсаар холбогдож асуухад “Би хуралд сууж байна. Шинэ төрөх эмнэлэгт Covid-19-ийн халдвартай иргэдийг тусгаарлах бэлтгэл ажлыг хангаж байгаа” гэдэг хариултыг өглөө.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатараас дээрх шинэ төрөх эмнэлэг халдвартай иргэдийг хүлээн авахад бэлэн болсон эсэхийг тодруулахад “Өнгөрсөн аравдугаар сард шийдвэр гарч, нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийг ЭМЯ-ны харьяанд шилжүүлсэн. Ингэснээр “ЭХЭМҮТ 2” нэртэйгээр үйл ажиллагаа явуулахаар болсон. Энэ талаар яамны мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Шаардлага гарвал Covid-19-ийн халдвартай иргэдийг тусгаарлах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.
Шинэ төрөх эмнэлгийн талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад “Бид эх, хүүхдийн шинэ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх ороо авч ирээд, байрлуулчихсан. Тэнд халдвартай хүн тусгаарлах шаардлага гарвал авахад бэлэн байгаа. Барилгын ажил ерөнхийдөө дууссан. Одоо барилга доторх жижиг ажлууд үлдсэн. Улсын комиссоос эмнэлгийн барилгыг хүлээгээд авчихсан.
Нэг өрөөнд нэг хүн гэж тооцож, нийт 300 хүн тусгаарлах хүчин чадалтай. Эрүүл мэндийн яамнаас шинэ төрөх эмнэлгээс гадна Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдаж буй жишиг эмнэлгийг Covid-19-ийн халдвар авсан иргэдийг хүлээн авахад бэлтгэж байна” гэдгийг хэлсэн юм.
Тус эмнэлгийг барих шийдвэр одоогоос есөн жилийн өмнө гарч, Засгийн газар Нийслэл өргөө компани, “Пума” консерциумтай гэрээ байгуулан улсын төсвөөс 17.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж барилгыг эхлүүлсэн. Гэтэл нэмэлт санхүүжилт шаардлагатай болсноор 2013 онд барилгын ажил зогссон юм. Харин 2017 онд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар, “Томо бюлдинг” компанитай концессын гэрээ байгуулж “царцаад” байсан барилгыг үргэлжлүүлсэн. Нийт 25 тэрбум 724 сая 600 мянган төгрөгөөр зураг төсөл боловсруулан, 2017 оны есдүгээр сараас барилгын ажлыг эхлүүлсэн байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл эмнэлгийн барилгын явцтай танилцах үеэр “Шинэ эмнэлгийн барилгын санхүүжилтийг шийдсэнээс гадна шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг мөн шийдсэн. Энэ хүрээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын СOVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд гарын үсэг зурсан. Ингэснээр 10 гаруй сая ам.долларын тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан 300 ортой төрөх эмнэлэг ашиглалтад оруулна” гэдгийг хэлж байв.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ