УОК: Сэлэнгэ аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

COVID-19

УОК: Сэлэнгэ аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

УОК: Сэлэнгэ аймагт Covid-19-ийн нэг тохиолдол илэрлээ

НЭМЭЛТ: 20:55 цаг

Улсын онцгой комиссын өнөөдөр (2020.11.12)-ийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцсэн байна. Маргаашаас эхлэн иргэд хүнс цуглуулах, эмнэлгийн үйлчилгээ авахаас бусдаар сэлгүүцэж буй иргэдэд хатуу арга хэмжээ авахаар болов. Мөн нийт 11 цэгт тандалт шинжилгээ хийх ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

-Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:

-Тусгаарлах байрны хяналтыг чангатгаж, Цэргийн төв эмнэлэгт 560 ор гаргахаар болсон. Тийр машины жолоочоос хойш таван хүнээс халдвар илрээд байна. Нийт зургаан тохиолдол илэрсэн. Сэлэнгэ аймагт халдварын сэжигтэй тохиолдол илэрлээ. Тус аймгийн 74 настай иргэний хоёр удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Бататгах шинжилгээг өнөөдөр хийхээр ХӨСҮТ рүү шилжүүлж байна.

ӨНӨӨДӨР 23:00 ЦАГААС ЯВГАН БОЛОН АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

ЦЕГ-ын дэд дарга, хурандаа Ж.АМГАЛАН:

-Засгийн газар, УОК-оос халдвар алдсан тохиолдолд хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө гаргасан. УОК-ын шийдвэрийн дагуу хөл хорионы дэглэм сахиулж, зарим аймагт хязгаарлалт хийсэн. Өнөөдөр 23:00 цагаас эхлэн явган болон автомашинтай хөдөлгөөнийг багасгах талаар шаардлага тавина. Гадуур явж буй иргэдийн зорилгыг алба хаагчид судлахад тодорхой зорилгогүй сэлгүүцэх нь их байна. Иймд иргэддээ гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнсээ цуглуулахыг зөвлөж байна. Маргаашаас эхлэн иргэдэд цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба хаагчид хөл хорионы дэглэм сахиулах шаардлага тавьж, хатуу дэглэмийг чангатгана. Тандалт судалгааны тухайд дам хавьталд орсон иргэдийг тогтоосон, шинжилгээ, тандалт судалгаа ойрын хоёр хоногт дуусна.

ЦААШИД БАЙРНЫ НӨӨЦ БОЛОМЖИД ТУЛГУУРЛАН ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ОБЕГ-ын генерал Г.АРИУНБУЯН:

-Засгийн газрын 178 дугаар тогтоолоор өнөөдрөөс энэ сарын 17-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ нь иргэдийн хөл хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор халдварын тархалтыг хумих зорилготой юм. Нийслэлийн хэмжээнд хөл хорионы дэглэмд хяналт тавих чиглэлээр 5000 гаруй алба хаагч хяналт тавьж байна. Хотоос гарах хөдөлгөөн болон хот руу орох хөдөлгөөнд холбогдох албаны хүмүүс хяналт тавьж байгаа юм. Иргэдийн тухайд, зөвхөн хүнсний зах, эмийн сан чиглэлд явах хэрэгтэй. Мөн үйл ажиллагаа явуулахыг хориглосон газруудад арга хэмжээ авч байна. Тусгаарлах байрны ариутгал, хяналтын асуудал хөндөгддөг. Цаашид тусгаарлах байрны үйл ажиллагааг цэгцлэх, байрны нөөц боломжид тулгуурлан тусгай үүргийн нислэгийг үргэлжлүүлнэ.


ХҮНСНИЙ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙНА

Улсын онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэдийн дунд хүнсний хомсдол үүсч магадгүй гэх айдас байгаа юм. Энэ ч үүднээс худалдааны төвд дугаарлах, хүнсний захаас хүнсээ бөөнөөр авах асуудал гарсан. Харин албаны хүмүүс хүнсний нөөц байгаа тул иргэдийг тайван байхыг зөвлөж байгаа юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дарга З.Мэндсайхан хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар хүнсний нөөц хангалттай байна. Хот хоорондын хүнсний тээвэр чөлөөтэй байна. Иймд ямар нэгэн байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй тул иргэд тайван байх хэрэгтэй” гэлээ.

БАР, САУН, БЯЛДАРЖУУЛАХ ТӨВ ЗЭРЭГ 16 АЖ АХУЙН НЭГЖ ХӨЛ ХОРИО ЗӨРЧЖЭЭ

Мөн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон тав хоногийн хугацаанд хүнсний зах, эмийн сан, зарим ажиллах шаардлагатай байгууллагаас бусад боловсролын бүх шатны байгууллага, үйлчилгээ эрхэлд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглосон. Хорио цээрийн дэглэмийн үед мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалтаар баар, саун, бялдаржуулах төв нийт 16 аж ахуйн нэгж хорио цээрийн дэглэм зөрчсөн байна. Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоосон ба эхний ээлжинд сануулга өгч, торгууль ногдуулаагүй байна.

Цаг үеийн нөхцөл байдлын талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга хэлэхдээ “Өнөө өглөөнөөс орой хүртэл МХЕГ-ын 308 алба хаагч зургаан дүүргийн бүх шатны боловсролын байгууллага, амралт жуулчны бааз, шашин сүм хийд зэрэг нийт 4191 аж ахуйн нэгжид хяналт тавьсан. Хөл  хорионы дэглэм зөрчсөн 16 нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Улаанбаатар хотоос гарах найман шалган нэвтрүүлэх товчоогоор  19:00 цагийн байдлаар 461 тээврийн хэрэгсэл хот руу нэвтэрсэн. Мөн 926 иргэнд хяналт шалгалт явуулж нэвтрүүлсэн. Зөвшөөрөлтэй түүхий нүүрсэнд хяналт тавьсан. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед сайжруулсан шахмал түлшний нөөц хангалттай бий” гэлээ.            


Улсын онцгой комиссын шийдвэр гаргах түвшний хүмүүс Сovid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

СЭЛЭНГИЙН ИРГЭН ЖОЛООЧ Д-ТЭЙ ЯМАР НЭГЭН БАЙДЛААР ХОЛБООГҮЙ. ӨӨР ЭРСДЭЛ БАЙНА

Сэлэнгэ аймгийн 74 настай иргэний тухайд яагаад халдвар илрэв? Явсан маршрутыг нь тогтоосон уу? Эрсдэлтэй Дархан, Сэлэнгийн бүс нутагт ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?

-Халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 6-ны өдрөөс зовиурлаж, энэ сарын 9-нд эмнэлэгт хандсан. Covid-19 илрүүлэх хоёр удаагийн шинжилгээний хариу нь эерэг гарсан. Гэхдээ "Энх саран" сувиллаас гарсан жолоочтой ямар нэгэн байдлаар холбоогүй байх магадлалтай. Иймд өөр магадлал байна уу гэж үзэж байгаа юм. Алтанбулагийн ачаа тээврийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригаас зогсоохоор болсон. Энэ хугацаанд арга хэмжээ авах чиглэлээр ажлын хэсэг ажиллахаар болсон.

-Сэлэнгэ аймгийн иргэний тухайд жолооч Д-тэй ямар нэгэн холбоогүй бол өөр эрсдэл байх уу? МУБИС-ийн хоёр оюутны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү? Эмнэлгийн нөөц хэр байна вэ?

-Алтанбулагийн боомтоор орж ирсэн хөдөлгөөнтэй холбоотой болов уу. МУБИС-ийн хоёр оюутны ойрын хавьтлуудыг тогтоож, шинжилгээ авсан. Хоёр оюутны нийт 50 орчим ойрын хавьтал байна. Орны тухайд хоёр хувилбар дэвшүүлсэн. Эхний ээлжинд халдварын тархалтаас хамаарч аль болох бусад эмнэлэгтэй холихгүй байх чиглэлд анхаарч байна. ХӨСҮТ-д 300 ор, Яармагийн 300 ортой эмнэлгийг бэлдэж байна. Сонгинохайрхан дүүрэгт шинээр 250 ор бэлдсэн. Цэргийн төв эмнэлэгт 550 ор бэлдсэн. Тархалтын шалтгаанаас хамаарч лавлагаа шатны төв эмнэлгүүдэд орны бэлэн байдлыг хангах ажиллагааг бэлдсэн. Халдварын үед нэг удаагийн хамгаалах хэрэгслийн нөөц одоогоор хангалттай байна. Халдварын нөхцөл байдлаас шалтгаалан тооцоо судалгаа гаргаж байна. Нийслэлийн дүүргүүдэд оношилгоо шинжилгээ хийх 11 цэг маргаашаас ажиллуулна. Батлагдсан тохиолдлуудтай ойрын хавьтал 2000 хүн байсан бол одоо 2800 байна.

-Хорио цээрийн дэглэмийг уриалах биш, хөл хориог хатуу тогтоож шаардаж болдоггүй юм уу? Мөн банкны зээлийн асуудлыг хэрхэн шийдэх вэ? Энэ талаар судалж байна уу?

-Хатуу хөл хорионы дэглэмийг анх удаа авч хэрэгжүүлж байгаа тул зарим зохицуулалтыг уян хатан шийдвэрлэх хэрэгтэй байгааг ойлгох хэрэгтэй. Хүнс худалдаа, эм хангамжийн үйлчилгээ, банкны үйлчилгээ хэвийн үйлчилсэн. Бэлэн байдлын зэрэгт хамрагдаж буй хүмүүсийн 10 хувь нь хэвийн үйл ажиллагааг хангуулахаар ажиллаж буй алба хаагчид байгаа юм. Хөл хорионы дэглэмийг сахиулахад бүсчилсэн хэлбэрээр авч хэрэгжүүлэх талаар УОК-ын хурлаар яригдлаа. Банкны зээлтэй холбоотой асуудлыг судалж байна. Арилжааны банкууд онлайнаар ажиллах боломжтой гэдэг саналыг Монголбанкинд хүргүүлсэн. Энэ талаар Төв банк тодорхой мэдээлэл өгөх болов уу.

-Сэлэнгэ аймагт ойрын хавьтлуудын тоог гаргасан уу?

-Сэлэнгэ аймагт ойрын хавьтлуудыг тодорхойлж тусгаарласан. Шинжилгээний сорьц авсан. Улаанбаатар хот руу сорьц тээвэрлэхээр ажиллаж байна.

-Сэлэнгэ аймгаас гадна Дарханд эрсдэлтэй байдал үүсээд байна. Ойрын хавьтагч нь Дархан руу явсан гэх мэдээлэл байна. Мөн 33 дугаар байранд халдвар илэрсэн гэх мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Цаашид нөхцөл байдал хүндрэх үү?

-Дархан-Уулд сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. "Хархан нүдэн" тоглолт үзсэн гэх өгүүлэмжтэй. Одоогоор шинжилгээний хариу гараагүй. Баянгол дүүргийн 33 дугаар байранд ойрын хавьтал болсон хүмүүсийг тусгаарлаж шинжилгээ авсан. Үүнийг зарим хүмүүс мушгин гуйвуулах асуудал байна. Цаашдын нөхцөл байдлыг одоогоор дүгнэх боломжгүй. Батлагдсан тохиолдлуудын нэг, хоёр, гуравдугаар хавьталд орсон хүмүүсийг олж тогтоосны дараа дүгнэлт гарна.

-Зах, худалдааны төвүүдийг хаасан уу? Худалдааны төвүүд ажиллахаар иргэдийн  бөөгнөрөл үүсэх  биш үү? Хүнсний зах худалдааны төвүүдийг хаах уу?

-Орон сууцны хороолол дунд 1 км дунд дэлгүүр, худалдааны төвүүд бий. Иргэд гэрийнхээ ойролцоох дэлгүүрүүдээс хүнснээ бэлдэх боломжтой.

-Эмийн үнэ нэмэгдэж байна. Үүнд хяналт тавьж байгаа юу?

-Цагдаа, хяналт, ШӨХТГ-тай хамтран эм эмийн бүтээгдэхүүнээс гадна өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд хяналт тавьж байна. Сүүлийн хоёр хоногт хүнсэнд үнийн хөөрөгдөл гараагүй. Харин маскны үнэ нэмэгдсэнд зохих арга хэмжээ авсан. Цаашид ч бас хяналт тавина.

-Алслагдсан гэр хороолллын дүүргүүдэд амьжиргааны түвшин доогуур иргэдээ хэрхэн анхаарч байна вэ? Амны хаалт, гар ариутгагч авч чадахгүй иргэд халдвар авах эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй?

-Улсын хэмжээнд нэг удаагийн маск, гар ариутгагчийн нөөц бий. Эрүүл мэндийн байгууллагад хэрэглэх хэмжээний нөөц бүрдүүлсэн. Иргэдэд маск тараах боломжгүй. Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээний нөөц бэлдсэн. Хүн амын 1/3-ийг хангах хэмжээний маск бий. Маскны хомсдол, ариутгалын бодис дутагдсан тохиолдолд улсын нөөцөөс гаргуулах шаардлагатай.

-Уул уурхайн салбарт ажилладаг хүмүүсийг хэрхэн зохицуулах вэ? Орон нутгаас түр ирсэн хүмүүсийг яаж зохицуулах вэ?

-Стратегийн ач холбогдол бүхий салбар дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилтан албан хаагчдын ээлжийг сэлгэх асуудал хүндрэлтэй байна. Хорио цээрийн дэглэм мөрдөгдөж буй үед тухайн аж ахуйн нэгж өөрсдөө зохицуулалт хийх хэрэгтэй.

-Жолооч Д нь маршрутаа худал мэдээлсэн тул дахин маршрут тогтоохоор ажилалж байна гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хавьтал тогтоох байдалд ажилласан. Маршрут тогтооход маш их зардал гарч байна. Худал мэдээлэх нь маш их хортой юм. Нэмэлт тодруулга хийсэн, камер уншиж тогтоосон асуудал бий.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА

Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хурлын дараа гаргасан шийдвэрийн талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно.

Засгийн газар, Улсын онцгой комиссоос өчигдөр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг зарлаж, тав хоног хөл хорионы хатуу дэглэм тогтоогоод байгаа билээ.

🔴 ШУУД | #NewsMN #NewsAgency

🔴 ШУУД: УОК-оос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Thursday, November 12, 2020

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
16
ХарамсалтайХарамсалтай
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж