Эрүүл мэндийн яам (ЭМЯ) болон Улсын Онцгой комиссын шуурхай штабаас Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр (2020.11.12) 17:00 цагаас мэдээлэл хийлээ.
ХАЛДВАР ИЛЭРСЭН НЭГ ТОХИОЛДЛЫН ТАНДАЛТ СУДАЛГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН, 36 ХАВЬТЛЫГ ИЛРҮҮЛЭН, ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүн, хадам ээж болон дүүгээс нь өчигдөр Covid-19 илэрсэн. Тэдний ойрын хавьтал болох 73 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээ авахад 73 хүний 48 ойрын хавьтлын шинжилгээ өнөөдөр өглөө гарч, нэг хүнээс Covid-19 илэрсэн.Үлдсэн хүмүүсийн шинжилгээнд халдвар илрээгүй. Халдвар илэрсэн нэг тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлэн, одоогийн байдлаар 36 хавьтлыг илрүүлэн шинжилгээ авч байна. Өчигдөр батлагдсан тохиолдлын хоёрдогч хавьтал 219 хүн, өнөөдөр батлагдсан 99 хүн нийтдээ 318 хүнд шинжилгээ хийж байна. Одоогийн байдлаар 219 хүний шинжилгээнд Covid-19 илрээгүй.
ШААРДЛАГАГҮЙ БОЛ ГЭРЭЭСЭЭ БИТГИЙ ГАРААРАЙ!
УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.УУГАНБАЯР:
-Өнөөдрийн байдлаар УОК, Гадаад хэргийн яам, бусад холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран 106 удаагийн тусгай үүргийн нислэгээр 20582 хүнийг эх орондоо татан авсан байна. Мөн ОХУ-ын Алтанбулаг, Замын-Үүд боомтуудаар 6599 хүнийг татан авсан. Өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 27181 иргэнийг татан авч, тусгаарлах арга хэмжээ авч ажилласан.
Арваннэгдүгээр сарын байдлаар дөрвөн удаагийн нислэгээр бага насны хүүхэдтэй 46, эрүүл мэндийн шалтгаантай 24, өндөр настан 20, бусад шалтгаантай 512 иргэн ирсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 18 тусгаарлан ажиглах байранд 1416 иргэн байгаа бол орон нутагт 206 иргэн тусгаарлах байранд байна.
Мэргэжлийн байгууллагууд халдвар илэрсэн хүний хавьтлуудыг илрүүлэхээр ажиллаж байна. Тиймээс ард иргэд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй заавар зөвлөмжийг чанд мөрдөж, шаардлагагүй бол гэрээсээ битгий гараарай гэж уриалмаар байна.
ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ НӨХЦӨЛД ХАВЬТЛУУДЫГ ТУСГААРЛАХ АРГА ХЭМЖЭЭ АВЧ БАЙГАА УЧРААС ИРГЭД АЙЖ САНДРАХ ХЭРЭГГҮЙ
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Эмч нар айл өрхөөр орж тандалт судалгаа хийж байна. Зайлшгүй шаардлагатай нөхцөлд хавьтлуудыг тусгаарлах арга хэмжээ авч байгаа учраас иргэд энэ байдалд айж сандрах хэрэггүй. Мөн тандалт судалгаа хийж байхад тэдгээр хүмүүсийн гэрийнх нь хаягийн зургийг авч, цахим сүлжээнд цацахгүй байх хэрэгтэй. Covid-19 халдвартай холбоотой ташаа мэдээлэл цацаж, хүмүүсийг айдаст автуулж, дархлааг нь унагахгүй байхыг нийт иргэддээ уриалж байна.