Монголд өнөөдөр сайд, даргын хүүхэд л биш бол гадаадын шилдэг их сургуульд төрийн тэтгэлгээр суралцах боломж алга. Зөвхөн ноёд, түшмэдийн хүүхэд л сургалтын төлбөрөө төрөөр даалгадаг ганц зарчим үйлчилдэг болоод байна.
Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2013 онд чадвартай залуучууддаа төрийн бодлогоор хөрөнгө оруулалт хийж дэмжих, эзэмшсэн боловсрол мэдлэгийг нь эх орноо хөгжүүлэхэд ашиглах зорилгоор дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх тухай зарлиг гаргасан юм.
Зарлигийг Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа ажилттай хэрэгжүүлэн, ардын хүүхэд ч алагчлагдалгүй дэлхийн шилдэг их сургуульд төрийн тэтгэлгээр суралцдаг тогтолцоо бүрдээд байсан ч МАН 2017 оны зургадугаар сард эдийн засаг хүндэрсэн шалтгаанаар санхүүжилтийг зогсоосон билээ. Санхүүжилт зогссоноор хэчнээн мэдлэг, сурлагатай байлаа ч ардын л хүүхэд бол гадаадын их сургуульд төрийн тэтгэлгээр суралцах боломжгүй болж, гарц хаагдсан.
Эцэг, эхчүүд олон талаас асуудлыг тавиад ч хүлээж аваагүй бөгөөд 2018 онд төрийн зээлээр гадаадын шилдэг их сургуульд суралцах хууль батлан, хэрэгжүүлж эхэлсэн нь өнчин ишигнээс өөр барьцаанд тавих хөрөнгөгүй ард иргэдийн хувьд хүүхдээ дэлхийн шилдэг их сургуульд сургах хүсэл нь зөвхөн мөрөөдөл болж хувирсан юм. Харин сайд, дарга нарын хувьд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг байгууллагаараа төлүүлэн, гадаадад сургаж, давуу эрх эдэлсэн билээ.
Жишээ татвал, саяхан “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Х.Бадамсүрэнгийн Канадын их сургуульд суралцдаг охины сургалтын төлбөрт тус үйлдвэр 100 гаруй сая төгрөг шилжүүлсэн баримт олонд ил болсон.
Харин гурван жилийн өмнө Иргэний нисэхийн ерөнхий газрын тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд 22 хүн суралцахаар явсны 16-гийнх нь эцэг, эх Зам тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, МИАТ, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллаж байсан болон ажиллаж буй хүмүүс, тэдгээрийн хамаарал бүхий этгээд болохыг Авлигатай тэмцэх газраас зарлаж байв.
Тодруулбал, Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Х.Ержаны хүүхэд Б нь АНУ-ын Канзасын их сургуульд агаарын зайн инженер мэргэжлээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны дарга Б.Цогоогийн хүүхэд Т нь ОХУ-ын Сибирийн нисэхийн академид агаарын хөлгийн техникийн ашиглалт мэргэжлээр, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч даргаар ажиллаж байсан Ч.Эрдэнэдалайгийн хүүхэд Б нь Австрали улсын Свинборны технологийн их сургуульд нисэхийн менежмент чиглэлээр суралцахаар сургалтын төлбөрөө төлүүлсэн баримт ил болсон.
Зөвхөн 2017 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын шийдвэрийн дагуу нийт 22 хүн 583.260 ам.долларын тэтгэлгээр гадаадад суралцахаар явсан байдаг билээ.
Засгийн газар нь эдийн засаг хүндэрсэн шалтгаанаар ардын хүүхдийн дэлхийн шилдэг их сургуульд төрийн тэтгэлгээр суралцах эрхийг боосон хэрнээ төрийн өмчит компани болон харьяа яам, агентлагуудынхаа сайд, дарга нарын хүүхдийн суралцах эрхийг хязгаарлаагүй нь хоёр нүүр гаргасны тод жишээ болж буй. Нөгөө талдаа эдийн засаг хүндэрсэн гэдэг нь ердөө шалтаг болохоос шалтгаан биш байжээ гэдэг нь ч тодорхой болж байгаа юм.
Одоо харин амжилттай хэрэгжиж буй гялтайх ганц хөтөлбөр нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөрийн эхлүүлсэн Япон улсад 1000 инженер бэлтгэх хөтөлбөр юм.
Нийт есөн жилийн хугацаанд 1000 инженер бэлтгэхээр хоёр улсын Засгийн газар хооронд гэрээг байгуулсан тул МАН-ынхан зогсоож чадахгүй хэрэгжүүлж буй. Түүнээс Монголоос зөвхөн хамаарах хөтөлбөр байсан бол хэзээний гацааж, өөр нэг хөтөлбөр гаргаж, түмний хүүхдийн сурах эрхийг боомилох байв.
Уг нь боловсролыг хүн бүр тэгш хүртэж гэмээнэ нийгэм хөгжинө, хүн ард нь боловсордог. Хөгжилд хүрсэн Япон, Хятад, БНСУ зэрэг орнууд Монголоос туйлын ядуу байхдаа л олон зуун залуучуудыг төрийн бодлогоор барууны өндөр хөгжилтэй оронд сургаж авснаар улсаа богино хугацаанд хөгжүүлж чадсан түүхтэй.
Харин Монголын төр сайд, дарга нарын хүүхэд л гадаадын их сургуульд суралцах ёстой гэсэн явцуу сэтгэлгээ, бодлогоос нь болж, оюуны өндөр потенциальтай залуус улсынхаа их, дээд сургуульд сурснаар л хөгжиж дэвших боломжоо хязгаарлуулж байна.
Одоо төр бодлогоор чадалтай залуус нь төрийн тэтгэлэг авч, гадаадын их, дээд сургуульд суралцдаг давуу эрх эдэлдэг байх боломжийг нь буцаан олгох шаардлагатай байна.
Г.ХОРОЛ