Усны эргүүлэг мэт эрчлэн мушгирах оддын хуйлралыг галактик гэнэ. Цэлмэг шөнө огторгуйд гялалзах тэнгэрийн заадас бол манай "Сүүн Зам" галактик юм. Сүүн зам галактикийн цөмийг Хас тэмдэг шиг мушгирсан 200-400 тэрбум од, гариг тойрон эргэдэг байна.
Гэтэл сансар огторгуйн уудамд Сүүн зам галактикаас гадна 100 тэрбум галактик бие биеэсээ холдон тэлж байгаа ажээ.
Ийм зах хязгааргүй мэт Орчлон ертөнцийн орон зайг шинжлэх ухаанд "Гэрлийн жил" хэмээх цаг хугацааны хэрчмээр хэмждэг байна. Гэрлийн цацраг секундэд 300,000 мянган км зайд тархдаг бөгөөд 1 жилийн хугацаанд 9 их наяд километр зам туулна. Энэхүү 9 их наяд километрийг "Нэг гэрлийн жил" гэж тооцдог байна.
Зөвхөн манай Сүүн зам гэхэд 100 мянган гэрлийн жилийн урт, 10-30 мянган гэрлийн жилийн өргөн удган эрүүл шиг хэлбэр бүхий галактик юм.
Ийм аварга галактикийн цөмөөс 25-30 мянган гэрлийн жилийн зайд манай Нарны аймаг оршдог байна.
Нарны аймаг Нар төвтэй, найман дагуул гаригаас бүрдэнэ. Нарнаас 150 сая километрийн алсад Манай Дэлхийн тойрог зам бий.
Нарнаас төөнөх халуун, сансрын хүйтэн хоёр Дэлхийн тойрог зам дээр тэнцдэг учир манай гариг дээр амьдрал үүсэх зохирол бүрджээ.
Өнөөдөр бол орчлон ертөнцийн тухай дээрх бүх мэдээллийг дунд сургуулийн сурах бичгээс олж уншиж болно.
Гэтэл хүн төрөлхтөн Дэлхий Нарны дагуул гариг гэдгийг дөнгөж 16-р зуунд мэддэг болсон бол, Орчлон ертөнцийн уудамд тэрбум тэрбум галактик байгаа тухай 20-р зуунд л анх сонсон билээ.
Тун саяхныг хүртэл хүмүүс манай Дэлхий бол орчлон ертөнцийн төв, харин манай Улс, Үндэстэн бол Дэлхийн төв гэж итгэж, үнэмшиж байсан юм.
Орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө орчлон ертөнцийн тухай хүн төрөлхтний мэдлэг домгийн төсөөлөл, шашны номлолоос хальж байсангүй.
Аливаа засаглал үзэл суртлын хүчээр оршин тогтдог учир Сүм Хийдийн зүгээс шашны сургаалыг шүүмжилсэн хүн бүрийг эр, эм гэж ялгалгүй чөтгөр шулмын элчээр зарлаж, харгис хэрцгийгээр шийтгэдэг байжээ.
1600 оны 2 сарын 17-нд Шашны номлолыг эсэргүүцсэн хэмээн Филиппо Бруног Ром хотын Цэцэгт талбайд шатаасан үйл явдал бол тухайн нийгэмдээ ердийн үзэгдэл байсан гэдэг.
Хүн төрөлхтний түүхэнд Филиппо Бруно шиг олонхын үзэл бодлыг мухар сохроор дагадаггүй "тэрс" хүмүүс цөөнгүй байсан боловч тэр бүр тухайн нийгмийнхээ нийтээр тогтсон үзэл бодлыг сөрж, өөрчлөх боломж байсангүй.
Тухайлбал, МТӨ 310–230 онд Эртний Грекийн одон оронч Аристарх Самос анх нар төвтэй гариг эрхсийн тухай таамаглалыг дэвшүүлж байжээ.
Харин Аристарх Самосоос хойш 1,800 гаруй жилийн дараа 1543 онд Польшийн лам, одон орон судлаач Николай Коперник Дэлхий болон бусад Нарны аймгийн гаригууд Нарыг тойрч эргэдгийг тайлбарласан “Тэнгэрийн эрхсийн эргэлтийн тухай" номоо хэвлүүлжээ.
Коперникийн энэ бүтээл бол ертөнцийн тухай Дэлхий төвт шашны үзэл, номлол өнгөц ажиглалтад тулгуурласан "хуурмаг" төсөөлөл болохыг илчилсэн анхны цэгцтэй судалгаа байсан юм.
Юмс үзэгдлийн цаад мөн чанар бидэнд харагдах хэлбэр, дүрс шигээ өнгөцхөн байдаггүй юмсанж. Хүний түүхэнд шууд ажиглалтаар тогтсон буруу төсөөлөл, уламжлалыг өөрчилж зөв чиг, зам руу хөтлөх зүтгэл, оролдлого мянга мянган жил үргэлжилсэн байдаг.
Коперникийг залгамжлан Германы одон оронч Иоганн Кеплер тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнд нарийвчилсан ажиглалт тооцоо хийн, Дэлхий Нарыг тойрдог гэдгийг дахин баталж, дэлхийн тойрог зам зөв тойрог биш, зууван дугуй хэлбэртэйг тогтоон, гаригуудын хөдөлгөөний хурд нарнаас хол ойр байхаас хамаардгийг нээжээ.
Кеплертэй нэгэн үе амьдарч байсан Италийн одон оронч Галилео Галилей сансар огторгуйн юмсыг 30 дахин томруулж харах боломжтой дуран авай бүтээлээ.
Галилей тэнгэрийн заадсыг судлаад энэ бол манан будан биш, харин маш олон одод болох тухай, Наран дээр ер бусын толбонууд байгаа тухай, Саран дээр олон өндөр уулс, галт уулын цар байгаа тухай, Бархасбадь гарагийг тойрон түүний дөрвөн дагуул эргэлддэг тухай дэлхий нийтэд танилцууллаа.
Ийнхүү Коперникийн дэвшүүлсэн онолыг Кеплер математик тооцооллоор баталгаажуулсан бол Галилей дурангийн ажиглалтаар нотолсон юм.
Кеплер, Галилей нар хоёулаа ажиглалтаа гүнзгийрүүлэн ямар учраас гаригууд Нарыг тойрон эргэдгийг судалж байжээ. Гэвч тухайн цаг үед Нар биш, эсрэгээрээ Дэлхий Нарыг тойрон эргэдгийг олон нийтэд баталж, нотлох нь тэргүүн зэргийн ач холбогдолтой байв.
Иймээс гаригууд яагаад, ямар учраас нарыг тойрон эргэдэг учир шалтгааныг нээх гавьяаг хойч үедээ үлдээжээ.
Тэрхүү алдар гавьяаг хүртсэн хүн бол Английн физикч Исаак Ньютон билээ. Ньютон 1687 онд механикийн болон газрын татах хүчний тухай хуулиудаа томьёолсон "Байгалийн гүн ухааны математик эхлэл" номоо бичжээ.
Ньютоны ажигласнаар амтат алимаас аварга гариг эрхэс хүртэл орчлонгийн бүх юмс өөр хоорондоо хүндийн хүчний үйлчлэлээр таталцдаг ажээ. Ойр орчимдоо хөвөх гаригууд дундаас Нар илүү масстай учир бусад гаригууд түүний татах хүчинд баригдаж тойрон эргэдэг байна. Ийнхүү Ньютон хүндийн хүчний үйлчлэлийг тайлбарлав. Харин түүний мөн чанарыг 20 дугаар зууны агуу физикч Эйнштейн нээсэн юм.
Эйнштейн 1905 онд хэвлэгдсэн харьцангуйн тусгай онол, 1920 онд хэвлэгдсэн харьцангуйн ерөнхий онолоор орон зай, цаг хугацаанд хүндийн хүч хэрхэн нөлөөлдгийг нээв. Масс ихтэй биетийн ойролцоо орон зай, цаг хугацааны хэмжээснүүд мурийдаг байна. Энэ мурийлт нь хүндийн хүчний тайлал болжээ.
Коперник, Кеплер, Галилей, Ньютон, Эйнштейн нарын гавьяагаар хүн төрөлхтөн бид олон мянган жил “оюун сэтгэлгээний” буруу жимээр явж байснаа мэдсэн юм.
Гэтэл дахиад л 20 дугаар зууны эхэн гэхэд цуутай эрдэмтэд хүртэл шинжлэх ухаанд цаашид судлах зүйл үлдээгүй, бид бүгдийг мэддэг, чаддаг болов гэж хөөрцөглөж байв. Харин ч эсрэгээрээ дөнгөж шинжлэх ухааны үүр цайж байжээ.
Ийнхүү дэлхий төвтэй "уламжлалт" үзэл нуран унамагц "Орчлон ертөнц хэрхэн үүссэн вэ?" гэдэг асуулт хар аяндаа урган гарав.
Гэтэл түүх давтагддаг гэдэг шиг сонин тохиолдлууд хөвөрлөө.
Коперникийн намтрыг давтах мэт Бельгийн Католик шашны их сургуулийн физикийн профессор, одон оронч Жорж Лиметр 1927 онд урьд өмнөх судлаачдын бүтээлийг нягтлан судлах явцдаа Эйнштейний харьцангуйн ерөнхий онолоос ургуулан Их тэсрэлтийн онолын санааг олжээ. Түүний дүгнэлтээр орчлон ертөнц тэлж байгаа болж таарав. Лиметрийн таамаглалаар бол тэлж буй орчлонгийн цаг хугацааг ухраавал орчлон ертөнц буцаад агшиж, маш халуун, нягттай цэг шиг болох ёстой юм.
Улмаар цааш нягтрах хязгаарт хүрмэгц буцаж тэсэрсний үр дүнд энэ шинэ ертөнц үүссэн гэсэн санаа байлаа. Энэ гайхамшигт таамаглалаа батлахын тулд Коперникийн нэгэн адил өөрийнхөө үеийн Галилей, Кеплер нарыг хүлээхээс аргагүй болсон юм.
1929 онд Эдвин Хаббл тухай үеийн хамгийн хүчтэй дурангаар Лос Анжелесын Маунт-Вилсон одон орны оргилоос хийсэн ажиглалтаараа дэлхий дахиныг шуугиуллаа. Сүүн зам галактик дотор тод цайрах мананцар бол манай галактикаас 1 сая гэрлийн жилийн алсад байдаг Адаг Чуулганы галактик болохыг зарлав. Нэмээд бүр олон галактик ч оллоо. Түүний хийсэн хамгийн гол ажиглалт бол галактикууд бие биеэсээ алслан холдож, тэлж байгаа гэсэн дүгнэлт байв. Анхны тэсрэлтээс авсан хүч саарсан ч гэсэн галактикууд тэлсээр байгаа. Зогсолтгүй үлээж байгаа шаарны гадаргуу шиг бүх зүгт тэлсээр байгаа гэж тогтоосон юм.
Одоо 20 дугаар зууны Кеплерүүдийн ээлж ирэв. Одон орны долгион судлаач Роберт Вильсон, Арнольд Пензиас хоёр галактикийн орон зайн үүлнээс цацрах долгионыг судлах явцдаа сансрын богино долгионы үлдэгдэл цацрагийг санамсаргүй илрүүлжээ. Их тэсрэлтийн эхлэлээс үлдсэн энэ цацрагийг судалснаар их тэсрэлт 13.7 тэрбум жилийн өмнө болж, түүний үр дүнд орчлон ертөнц үүссэн хэмээн тооцсон юм.
Ийнхүү "Их тэсрэлт" орчлонгийн үүслийг тайлбарлах хамгийн үнэн зөв онолд тооцогдох боллоо.
Энэ зүй тогтол зөвхөн сансар огторгуйд байдаг бус, мөн хүний нийгэмд ч мөн адил үйлчилдэг байж мэдэх юм. Эртний иргэншлүүд, эзэнт гүрнүүдийн үүсэл хөгжил, мандал дэвшил, уналт мөхлийн түүх үүнийг батлах мэт.
Хүний түүхэнд Гүн ухаантнуудын сургууль-Грек, Урчуудын галерей-Египет, Гладиаторуудын ринг-Ром, Математикчдын дугуйлан-Араб, Нүүдэлчдийн Өв залгамжлагч-Монгол, Худалдаачдын арал-Английн эзэнт улсууд оргүй хоосноос хэт аварга гүрэн болтлоо өссөн дэвжиж, хүчирхгийн ид хаваараа дэлхийг ширвэн байснаа, ёстой л сансар огторгуйн их тэсрэлт лугаа гэнэт төвөөс зугтах хүчний төлөвт шилжин, тархан намжсан билээ.
18 дугаар зуунд хүн төрөлхтөн салаа замын уулзварт ирэв. Цаашид аль замаар явах вэ? Салаа зам олон боловч зөв зам ганц.
Мэдээж жам ёсоороо хүн төрөлхтөн туршин байж сайн муу, хар цагаанаа ялгах болно. Гэтэл Нийгмийн инженерчлэлийн туршилт бол лабораторийн туршилт биш, харин асар их уй гашуу, зовлон шаналал, хөлс цус, сүйтгэл дагуулдгаараа эрс өөр зүйл билээ. Гэвч түүхийн хүрдийг хэн хүн санаан зоргоор мушгин гэж үгүй.
Нийгмийн баялгийг анги хооронд тэнцвэргүй хуваарилсан зэрлэг капитализмын савлагаанд хүн төрөлхтөн эхлээд социализмын руу халтирав. Дараа нь тэнцвэргүй ардчиллын савлагаанд Фашизмын ангал руу унаж үзлээ.
Эцэст нь, Дэлхийн 2-р дайны дараа хүн төрөлхтөн нийгмийн өөр өөр системтэй, 2 эвсэлд хуваагдлаа. 1949 онд АНУ, Канад болон Баруун Европын ихэнх орнууд Умард Атлантын Эвсэл /НАТО/-ийг байгуулав. НАТО-той сөргүүлэн ЗХУ болон Зүүн Европын орнууд Варшавын Гэрээний Байгууллагад /ВГБ/ нэгдэв.
Ийнхүү 30 гаруй жил үргэлжилсэн ЗХУ болон АНУ-аар тэргүүлсэн цэрэг, улс-төрийн эсрэг тэсрэг 2 эвслийн сөргөлдөөн эхэлсэн юм. Энэ цаг үеийг дэлхийн түүхэнд "Хүйтэн дайны үе" гэж нэрлэдэг.
"Хүйтэн дайны" үед Барууны орнуудын эдийн засаг хувийн өмч, зах зээлд тулгуурладаг учир мэдрэмжтэй, худалдаа, үйлдвэрлэл нь нийгэмтэйгээ эргэх холбоонд оршиж, ирээдүйд амьдрах чадвартай салбаруудад хөрөнгө оруулалт орж байлаа.
Харин Социалист системд бүх зүйлийг дээд удирдлагаас тоо ширхгээр нь төлөвлөдөг, түүнийг нь улсын үйлдвэр монополь эрхтэй үйлдвэрлэдэг байв. Ийм тогтолцоонд хувь хүний сайн дурын санаачилга гэж байхгүй учраас нийгэм тэр чигээрээ зогсонги төлөвт аяндаа шилждэг байна.
1980-аад оны эхээр социалист системийн улс орнууд эдийн засаг, техник технологийн хөгжлөөр илт хоцорч эхлэв.
1989 оны 12 дугаар сарын Румыны зэвсэгт бослогыг эс тооцвол 1990 оны эхээр Польш, БНАГУ, Чехословак, Унгар, Болгар, Монгол, Албани улсуудын удирдлага шинэчлэлийг хүлээн зөвшөөрч, 1991 оны 12 сарын 8-нд ЗХУ задарснаар эдгээр орнуудын засгийн эрхэнд гарсан үндэсний ардчилсан үзэлтнүүд нийгмийн хөгжлийн өөр, өөрийн шинэчлэлийг эхлүүлсэн юм.
Социалист систем задарсны дараа дэлхийн улс орнууд үзэл суртлаар эвсэн нэгддэг үе өнгөрч, соёл ба иргэншлээрээ нэгдэн нийлэх үйл явц эхлэв. Ижил соёлтой улс гүрнүүд нэгдэн нягтарч, ондоо соёлтой хэсэг нь бие биеэсээ зааглах явц гүнзгийрэв. Хүйтэн дайны үеийн эвслүүдийг нөхөж соёлын хамтын нийгэмлэгүүд үүслээ. Улмаар иргэншил хоорондын энэ шинэ зааг дэлхийн бодлого дахь мөргөлдөөний торгон шугам болов.
Өөрөөр хэлбэл, дэлхий дахин үндсэн мөн чанарын хямралд автан бүгд л “Бид хэн юм бэ?”, “Бид хэнтэй адилхан вэ?”, “Хэнээс өөр вэ?” гэсэн асуултын хариултыг хайж эхлэв.
Эдгээр үйл явдлуудыг соргог ажиглаж байсан Харвардын их сургуулийн Проф. Хантингтон Форэйгн Аффайр сэтгүүлийн 1993 оны дугаарт The Clash of Civilizations" өгүүллэгээ хэвлэв. 1996 онд өгүүллэгээ судалгаагаар баяжуулан "Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам" нэртэй ном болгон хэвлүүлсэн юм.
Түүнийхээр бол Хүйтэн дайны үед улс орнууд ганцхан үзэл суртлын чиг баримжаагаар аль нэг эвсэлд нэгддэг байв. Ийм нөхцөлд тухайн улсын үндэсний дүр төрх, онцлог шинж чухал бус юм. Хэн байх чинь хамаагүй, хэний тал чинь чухал байлаа.
Гэтэл 21-р зуунд “Чи хэний талд вэ?” гэдэг чухал биш, харин “Чи хэн бэ?” гэдэг чинь тэргүүн зэргийн ач холбогдолтой болж өөрчлөгджээ.
Яагаад гэвэл энэ асуулт л аливаа улсын байр суурь, анд нөхөд, дайснуудыг ялгах шалгуур болж өөрчлөгдөж байгаа ажээ.
Проф. Хантингтон дэлхий дээр 8 янзын соёл иргэншил байна гэж үзжээ.
1. Синизм буюу Конфузийн (Хятад, Вьетнам, Солонгос болон зүүн өмнөд Азийн орнууд)
2. Японы (япон.) синизмийн нэг салаа соёл
3. Хинду (энэтхэг)
4. Лалын (Арабын орнууд)
5. Ортодокс (орос болон бусад славян үндэстнүүд)
6. Өрнөдийн (хойд америк, баруун европ, австрали)
7. Латин Америкийн
8. Африкийн
2005 онд Проф. Хантингтоны "Иргэншил хоорондын мөргөлдөөн, шинэчлэгдэж буй дэлхийн дэг журам" ном монгол хэл дээр хэвлэгдлээ.
Төв Азийн өндөрлөг Ортодокс, Синизм, Лалын иргэншлийн уулзварт оршдог нүүдэлчдийн сүүлчийн голомт, Монголчууд эрхэм Профессорын номоос "бид хэн бэ?"-гээ олсонгүй. Хантингтоны ангиллаар бол тухайн үндэстний шашин шүтлэг ямар иргэншилд хамаарахыг тогтоох тулгуур шалгуурын нэг болдог.
Гэтэл нүүдэлчид төр ёсны язгуур үзэл суртлаа гээсэн XVI-XIX дүгээр зууныг эс тооцвол монгол нутагт аль нэг шашин дангаар ноёрхож байсангүй. Шашинд хандах нүүдэлчдийн хандлага өвөрмөц уламжлалтай. Бүх шашин эрх тэгш, харилцан бие биеэ хүндэтгэх, төрийн хэргээс ангид байх явдал гэж үздэг байв.
Өрнийнхөн эртнээс Төв Азийн нүүдэлчдийг дорнын соёл иргэншилд багтаан үздэг байсан. Харин нүүдэлчдийн "нүдээр" бол Өрнө-Дорнын соёл өөр хоорондоо ялгарах зүйлгүй, нийтлэг суурин иргэншил юм.
Нүүдэлчид хүчирхэг үедээ Евразийг дамнасан гүрэн улсаа байгуулж, түүхэнд Өрнө, Дорныг соёлоор холбогчийн үүрэг гүйцэтгэж иржээ. Нүүдэлчдийг тэр үеийн Өрнөдийнхөн Барбарууд гэж андуурч, Синикийнхэн зэрлэгүүд гэж басамжилж, Лалынхан "Бурхны ташуур" хэмээн дэгстүүлж байлаа.
Дэлхийн улс хоорондын харилцаа хөгжихийн хэрээр харилцан бие биеэ танин мэдэж, улмаар хүн төрөлхтний хөгжлийн нэг төвт хуучин уламжлалт өрөөсгөл үзлээс татгалзахад олон эрдэмтдийн хүчин зүтгэл орсон юм. Тэдний дундаас Английн түүхч Тойнби, Оросын түүхч Гуммалев, АНУ-ын түүхч Латтимор нар бол үзэл суртлын хүлээсэнд баригдалгүй шинжлэх ухааны арга зүйгээр нүүдлийн иргэншлийг судалсан агуу эрдэмтэд мөн билээ.
Тойнби нүүдлийн иргэншлийн тухай хэлэхдээ…
“Ангамал хээр талыг гагцхүү малчин хүн л эзэмшиж чадах байсан, тэгэхдээ тэнд амь зууж, цэцэглэн хөгжихийн тулд ур чадвараа байнга дээшлүүлж, шинэ дадал, мөн зан суртахуун, билэг оюуны онцгой чанарыг буй болгож хөгжүүлэх ёстой байлаа. Хэрэв нүүдлийн иргэншлийг газар тариалангийн иргэншилтэй зэрэгцүүлж үзвэл номадизмд тодорхой давуу тал байгааг ажиж болох юм.
Нэгдүгээрт, амьтан тэжээж гаршуулах нь ургамал тарьж ургуулахаас илүү ур чадвар шаардана, яагаад гэвэл энэ бол дуулгавар муутай амьтныг хүний оюун ухаан, хүсэл зориг ялж буй хэрэг. Номадизм эдийн засгийн хувьд газар тариалангаас илүү ашигтай байсан. Энд аж үйлдвэрлэлтэй тодорхой хэмжээгээр жишин зэрэгцүүлж болох юм.
Тариаланч хүн чадах бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж шууд хэрэглэдэг бол нүүдэлчин аж үйлдвэрчин лүгээ адил шууд хэрэглэж болохооргүй түүхий эд материалыг сайтар боловсруулдаг.
Мал адгуулж тал хээрийн өвс ургамал ингэж ашиглах нь хүний оюун, хүсэл зориг дэвжиж хөгжихийн үндэс суурь болдог. Нүүдэлчин жилийн турш хахир хатуу, өвс ургамал хомс хээр талаас малдаа тэжээл олох гэж зүтгэж байдаг.
Хэрэв малчин хүн ухаан зарж, авхаалж самбаа гаргахгүй бол, биеийн болон зан суртахууны хувьд тэсвэр хатуужилгүй байсан бол хээр талыг эзэгнэн төрөх, байгалийн хахир орчинд эсэн мэнд байх аргагүй байсан биз."
Мөн Гуммалев нүүдэлчин ахуйг суурин иргэншилтэй харьцуулан өгүүлэхдээ….
“Нүүдэлчдийн зэвсэг болох мод, эврээр хийсэн их гарын нум кельтийнхээс бусад европын аль ч улсын нумнаас хоёр дахин хол тусдаг байлаа. Идээлсэн нэхий хувцас нь зөвхөн баячуудад л олддог байсан. Манчестер, Тулузын цэмбийг бодвол хөнгөн бөгөөд дулаахан байлаа. Монголчуудын өмсдөг булган малгай, үен дээлийг Европт вангууд л өмсдөг байлаа.
Дундад зууны газар тариалан хүнд хүчир бөгөөд орлого багатай байлаа. Амь зогоохын тулд газар тариалан эрхэлж байв, Нүүдлийн мал аж ахуй эрхэлж, талын ав хоморго хийснээрээ эгэл нүүдэлчид ядарч зүдэрч байсангүй, харин ч Өрнөдөд тансаг амьдралын бэлэг тэмдэг болсон мах идэх боломж олж авч байлаа.
Тэр үед англи, германы баронууд болхи задгай зуухаар чулуун Шилтгээнээ дулаацуулж, тариачид нь шувууны өдөн хөнжлөөр биеэ хучин, саравчинд өвөлжин зутарч байхад нүүдэлчид цэвэр агаарт, тос даасан эсгий гэртээ аргалын галаа дүрэлзүүлэн тухланхан жаргаж байсан юм.
Нүүдэлчдийн нийгэмд техникийн дэвшил байх боломжгүй гэсэн буруу ойлголт байдаг. Нүүдэлчид бүхэлдээ, тухайлбал Хүннүчүүд гэхэд л, хүнээс ямар нэгэн байдлаар салгаж болохооргүй, өнөө үед хүн төрөлхтний өдөр тутмын хэрэгцээнд орсон эд зүйлсийг бий болгожээ. Нүүдэлчид нь дивангарт л орчин үеийн европын эрчүүд түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй хувцасны нэг төрөл болох өмдийг өмсдөг байв.
Эмээлийн дөрөө нь Төв Азид 200-400 онд бий болжээ. Модон дугуйтай, анхны морин тэргээ эхлээд өндөр дугуйтай тэргээр сольж, дараа нь ачлагыг бий болгосноор нүүдэлчдэд уул даваа, шигүү ойтой өндөрлөгийг даван туулах болжээ."
АНУ-ын түүхч Латтимор нүүдэлчдийн сэтгэлгээг онцлон өгүүлэхдээ….
"Тариачид болон хотын оршин суугчид нүүдэлчдийг бүдүүлэг хэмээн дээрээс доош харж байсан нь үнэн боловч нүүдэлчид тэднийг мөн хариу дээдэлж үзэж байсан гэсэн үг биш ээ. Хэзээ ч тэгж байсангүй. Нүүдэлчид өөрсдийгөө тариачдын нэгэн хэвийн ажил болон хотын хүмүүсийн түгжигдмэл амьдралаас ангижирч чадсан хэмээн бодож ирсэн баттай уламжлал бий."
Хүн төрөлхтний түүхэнд орчин үеийн шинжлэх ухаан, техникийн ололт хэрэглэхээс өмнө мал аж ахуй, тариалангийн аж ахуйн аль алин нь ерөнхийдөө эрчимгүй аж ахуй байсан.
Эрчимгүй үедээ газар тариалан цаг агаараас шууд хамааралтай байсан тул үргэлж үгүйрэн хоосрох, өлсгөлөнд нэрвэгдэх аюултай амьдралын хэлбэр байсан ажээ.
Зөвхөн Францад нийтийн өлсгөлөн
Х зуунд 10,
XI зуунд 26,
ХII зуунд 2,
XIV зуунд 4,
XV зуунд 7,
XVI зуунд 13,
XVII зуунд 11,
XVIII зуунд 16 удаа тус тус болж байжээ.
Хүний түүхийн бичиг үсэггүй харанхуй үеийн түүхэнд ямар, ямар аймшигт өвчин тахал гарч байсан тухай тодорхой баримт бидэнд байдаггүй.
Харин мэдэгдэж байгаар хот суурин газар халдварт өвчин гарвал үй олноороо устах тохиолдол цөөнгүй байсан байна. Тухайлбал,
МТӨ 429-426 онд Афин хотод 100,000,
МТ 165-180 онд Ромын Антонинед хүн амын 30 хувь буюу 5 сая,
МТ 541-542 онд зүүн Ромын эзэнт улсын Хүн амын 40 хувь буюу 25-50 сая,
1346-1350 онд Европын хүн амын 30-60 хувь буюу 100 сая,
1545-1548 онд Мексикт 5-15 сая,
1852-1860 онд Орост 1 сая,
1918-1920 онд дэлхий нийтээр 75 сая,
1968-1969 онд Хонг Конгд 1 сая хүн халдварт өвчний улмаас нас баржээ.
Гол шалтгаан нь нэг дор хэт төвлөрч амьдрах болон түүнээс үүдсэн бохироос шалтгаалдаг байна. Шинжлэх ухааныг шашин, Анагаах ухааныг мухар сүсэг орлож байсан эрт цагт хүмүүс аль болох сийрэг амьдрах нь өвчний халдвар тархах, олноор сүйрэх гамшгаас урьдчилан сэргийлэх ганц арга байжээ.
Дээрх суурин газарт тохиолдог өлсгөлөн, өвчин гэх мэт гамшгаас нүүдлийн амьдралын хэв маяг харьцангуй хохирол багатай даван гардаг байв.
Энэхүү онцгой давуу талтай учир нүүдлийн иргэншил өдий хүртэл усталгүй, оршин амьдрах өвөрмөц арга хэвээр үлдсэн байна.
Тэгвэл нүүдэллэн амьдрах хэлбэр анх хэрхэн үүссэн юм бол?
Нүүдэллэн амьдрах хэлбэр цаг хугацааны хувьд хэдийд, хэрхэн үүссэнийг тогтоохын тулд хүн төрөлхтний балар эртний үеийн амьдрах арга хэлбэрийг нарийн судлах хэрэгтэй мэт.
Судлаачид хүний эртний өвгийн чулуужсан үлдэгдэл яс, түүний хэрэглэж байсан чулуун зэвсгийн хөгжилд үндэслэн хүний үүслийг 6 сая жилийн тэртээ эхэлсэн гэж үзэж байгаа. Хүний өвөг мөстлөгийн үеийн цаг уурын хурдан өөрчлөлтийн улмаас задгай талд шилжин амьдрах шаардлагаар хөл дээрээ явах болжээ.
Эртний хүний өвөг хөл дээрээ босоо явж сурсныг батлах хөлийн мөр одоогийн Танзани улсын Леотоли хэмээх газарт болсон галт уулын дэлбэрэлтийн үнсэн давхарга дээр тод үлджээ. Судлаачдын авсрелопитек Люси гэж нэрлэсэн тэр хүний өвөг ойролцоогоор 3.75 сая жилийн тэртээ амьдарч байжээ.
Хүний өвөг дээдэс байгалийн хүнд бэрх, урт удаан шалгуурыг даван 150 мянган жилийн тэртээ орчин үеийн ухаант хүний хөгжилд хүрчээ. Харин дөнгөж 10.000 мянган жилийн өмнө л мал аж ахуй, газар тариалан эхэлж сурсан байна.
Хүн төрөлхтөн мал аж ахуй, газар тариалан эрхлэх амьдралын хэв маяг руу шилжих хүртэл зөвхөн ан агнуур, түүн цуглуулах хоёр аргаар хоол хүнсээ олж амьдардаг байв.
Тэр үед эрчүүдийн гол үүрэг махан хүнс бэлтгэх байлаа. Ан ав амжилттай болох эсэх зэвсгээс хамаарна. Иймд эрчүүдийн өдөр тутмын ажил нь мод чулуу, эвэр яс ашиглан зэвсэг бүтээх, сайжруулах, түүнээ хэрэглэн аюул осол ихтэй, аз туршсан ав хоморго зохион байгуулах байв.
Энэ хүйсийн онцлог нь эрчүүдийг эр зориг, авхаалж самбаа, хүч чадал, аз турших, зохион бүтээх сэтгэлгээний давуу талаа ашиглан харьцангуй бие даасан төвөөс зугтах сэтгэл зүйтэй болгосон байна.
Харин эмэгтэйчүүдийн үүрэг бол байгалийн үр жимс цуглуулж, хоол унд, ус, түлш бэлтгэх, үр хүүхэд, хөгшдөө халамжлах зэрэг гэрийн өдөр тутам давтагдах онцлогтой ажил байжээ. Үүнээс үүдэн эмэгтэйчүүд илүү төв рүү тэмүүлсэн сэтгэл зүйн онцлогтой болжээ.
Дээрх эр, эм хүмүүсийн ялгааг судалсан Ф. Энгельс “хөдөлмөрийн хуваарь дан ганц байгалийн гаралтай бөгөөд зөвхөн эр эмийн хооронд л хуваарьтай байдаг…эрэгтэйчүүд нь ой хөвчдөө, эмэгтэйчүүд нь гэр орондоо өөрсдийн ажлын салбарт эзэн болцгоож байсан” гэсэн юм.
Эмэгтэйчүүдийн түүвэрлэх ажил хоол хүнсний гол эх сурвалж болж байсан отог аймгууд газартай харьцах мэдлэг дээрээ тулгуурлан газар тариалан руу шилжсэн байна. Улмаар жижиг бүрд, голын булан тохойгоо орхин өргөн уудам хөндий болох Нил, Тигр, Евфрат Амударья болон Сырдарья, Энэтхэгийн болон Шар мөрний эрэг хөвөөгөөр тариалан эрхлэх болжээ.
Харин эрчүүдийн ан ав зонхилох үүрэг гүйцэтгэж байсан овог аймгууд аажмаар зэрлэг амьтдыг гаршуулж, малын мах, сүү, арьс ширийг боловсруулж амьдрах арга ухаанд суралцжээ. Зэрлэг ан амьтдын адил гэрийн мал ч өвсний шимтэй, усны тунгалгийг даган бэлчих тул малчид аж ахуйдаа таатай бүс нутагт нүүх амьдралын хэв маяг руу бүрмөсөн шилжсэн байна.
Ийнхүү байгалийн гаралтай хөдөлмөрийн хуваарь нь суурин болон нүүдлийн иргэншил үүсэх анхдагч үндэс болсон бөгөөд дээрх хоёр иргэншлийн цаашдын хөгжилд хүчтэй үйлчилж ирснийг түүх харуулж байна.
Дүгнэн хэлбэл, нүүдлийн иргэншил бол эр мөн чанартай, төвөөс зугтах хүчний үйлчлэлд оршдог байна. Харин эсрэгээрээ суурин иргэншил эм мөн чанартай, төв рүү тэмүүлэх хүчний үйлчлэлд захирагдаг ажээ. Дээрх өөр өөрийн иргэншлийн үндсэн мөн чанарт хэт захирагдахгүй, бас үгүйсгэхгүй байж хэмээн тухайн иргэншил хөгждөг жам ёсны хууль үйлчилсээр байна.
Өнөөгийн дэлхийн соёл иргэншил бол Адам Эва хоёрын хамтын бүтээл мөн. Энэ хоёр иргэншил бие биедээ харилцан үйлчилж, хүн төрөлхтнийг зогсонги унтаа байдлаас идэвхтэй төлөвт, ялзрал, мухардлаас гэрэлт шинэ ирээдүй руу хөтөлж ирсэн билээ.
Зуун, зуун дамнасан хахир хатуу өвлийг даван туулсан нүүдэлчин ард түмний үр удам бид 3 дахь мянганд тарих "хөгжлийн" модоо энэхүү иргэншлийн "суурь мөн чанар" хэмээх хөрсөнд суулгасан цагт амилан үндэслэх болно.
Б. ӨЛЗИЙБАЯР
Холбоотой мэдээ