Өчигдөрхөн л хүмүүс хөлхөж байсан хотын гудамж эл хуль. Ердөө долоо хоногийн өмнөхөн ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордицагийн хэлсэнчлэн “Монгол Улс диваажин” шиг л байлаа. Дэлхий нийтэд олон сая хүн халдвар авч, хоногт олон зуугаараа амиа алдаж, эрүүл мэндийн салбар нь тултал хөгжсөн их гүрнүүд Covid-19-ийн өмнө сөхөрч байхад монголчууд хилийн хоригтой ч хөл хорионд ороогүй байв. Гэвч театрт кино, жүжиг үзэж, зах дэлгүүр хэсч, хөдөө, хотгүй зугаалсан энгийн өдрүүд ард үлдэж, дайсан хэдийнэ бидний дотор ороод ирлээ.
Хил залгаа Хятад улсад Covid-19-ийн цар тахал анх дэгдсэн, албан ёсоор ДЭМБ-аас зарласан 2020 оны нэгдүгээр сараас хойш арван сарын хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлснээр Монгол Улс Covid-19-ийн эсрэг “хориглон хамгаалалт” хийж ирсэн. Гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдлуудыг тусгаарлан эмчилж байсан. Харин өнөөдрийн байдлаар дотоодоосоо халдвар авсан тохиолдол 7. Нийт тохиолдол 406.
Эрсдэлийн үнэлгээний багийн гаргасан урьдчилсан судалгаанд дотоодод халдвар тархвал нийт хүн амын нэг хувь буюу 32 мянган хүн Сovid-19-өөр өвчлөх, үүнээс 4.9 мянган хүний биеийн байдал хүндэрч, 1.6 мянган хүн эрчимт эмчилгээнд хамрагдаж, 1.4 мянган хүн нас барах магадлалтай гэж дүгнэжээ. Цөөн хүн амтай Монголын хувьд том хохирол нүүрлэж мэдэх нь.
Дотоодод халдвар тархах нь цаг хугацааны асуудал байв. Хятад Улс албан ёсоор зарласан анхны өдрөөс л Монгол хамгийн эрсдэлтэй орны тоонд орсоор ирсэн. Тиймээс өнөөдөр монголчууд хориглон хамгаалалтаас гардан тулаанд орж байна. Харин үүнд хэр бэлтгэлтэй байв аа. Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монгол Улс “дайн”-д хэр сайн бэлтгэсэн нь одоо л харагдана гэсэн үг.
УИХ-ын сонгуулиас хойш дээр, дооргүй наазгайрч, амны хаалт, ариун цэвэр сахихаа больсон нь үнэн. ЭМЯ-наас ирдэг мессэжийг ч уншдаг, дагадаг хүнгүй болсон нь худлаа биш. Энэ бидний алдаа байв.
ДЭМЯ болон ЭМЯ-ны эмч мэргэжилтнүүдийн зүгээс хэт назгайрч байгааг удаа дараа анхааруулж, амны хаалтаа зүүхийг хэвлэлийн хурал болгон дээрээ сануулсаар ирсэн. Даанч "Монголын хууль гурван хоног" гэгчээр урин дулаан, улс төрийн нөхцөл байдал монголчуудыг хаана, хаанаа хэт “тайвшруулжээ”. Хэрэвзээ, “Энх саран” сувилал тусгаарлалтын горимыг чандлан сахисан бол, тусгаарлагчид нь өөрсдөдөө ядаж хариуцлагатай хандаж, ЭМЯ-ны эмч мэргэжилтнүүдийн сануулснаар байтал УОК тусгаарлалтын ачааллыг хэтрүүлж, гаднаас зөөвөрлөөгүй бол өнөөдөр улсаараа хөл хорионд, Улаанбаатарынхан гэрээсээ гарч чадахгүйд хүрэхгүй байсан ч байж магадгүй.
Тэгээд одоо тулаад ирсэн асуудлыг туулаад гарахаас өөр замгүй. Гэхдээ энэ нь ганцхан төрийн үүрэг, хариуцлагын асуудал биш. Иргэд ч өөрсдийгөө, гэр бүлээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Covid-19 бол зурагтаар хардаг тахалтай кино, бидний үздэг байлдаантай сериал биш.
Эмнэлэг, эмч, сувилагчдын нөөц бололцоо, эм тариа, хүнсний хангамжаас эхлээд эдийн засгийн бүх эрсдэлээ тооцож, сэтгэлийн хөөрлөөр биш бодитоор дүгнэх цаг ирсэн гэсэн үг. Хэрэвзээ дотооддоо тархалт дэгдвэл хаана ямар эмнэлгийг ашиглах, энэ нөхцөлд эм тарианы хангамж хэр байгааг, мөн хөл хорионд орж, гэр, гэртээ хоригдсон хүмүүсийн өрхийн орлогыг хамгаалах, иргэдийнхээ ажлын байрыг авч үлдэх, бизнесээ хэрхэн амьд байлгах нь Засгийн газрын үүрэг болж байна.
Тиймээс “Геннисийн ном"-д орно гэсэн гэнэн мөрөөдлөө орхиод, дэлхийн улс орнуудын алдаа онооноос туршлага авч, “дайн”-ы бэлтгэлээ улам базаах ёстой юм. Учир нь тав хоногийн хөл хориог сунгах уу, сунжрах уу гэдгийг УОК мэдэхгүй, бурхан ч Монголд туслахгүй. Зөвхөн халдварын тархалт шийднэ. Бид сайн хамгаалж чадвал гэрээсээ гарна, үгүй бол өвөлжин хорионд байна.
Тэгэхээр өнөөдөр бол улстөржиж, бие биеэ хардаж, харааж суудаг ч цаг биш. Мэргэжлийн байгууллагын зөвлөмж, анхааруулгыг иргэд дагаж, биелүүлэх нь туйлын чухал байна. Таны амь насыг хамгаалахын тулд таныг гэрт чинь “хорьж” байгааг ойлгох ёстой.
Үндсэндээ монголчуудын эв нэгдэл, бэлэн байдал Covid-19-ийг эдийн засаг, эрүүл мэндийн хохирол багатай давахад тусална. Монгол хэдийнэ диваажингийн орон байхаа больсон, дайсан дотроос маань онилоод эхэлсэн шүү дээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ