Энэ сарын 06-07-нд шилжих шөнө буюу өнгөрсөн шөнө Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 101 утсанд гурван дуудлага ирсний хоёр нь гал түймрийн, нэг нь зөрчлийн дуудлага байжээ. Тодруулбал БЗД-ийн XVI хороололд машин шатсан, мөн тус дүүргийн XXIII хорооны нэгдүгээр хэсэгт чингэлэг шатсан тухай хоёр дуудлагын дагуу БЗД-ийн Аврах гал унтраах 63-р ангийн бие бүрэлдэхүүн ноцтой хохирол учрахаас өмнө шуурхай арга хэмжээ авч, галыг унтраасан байна. Харин 103 утсанд 370 гаруй дуудлага бүртгэгдсэн мэдээ байна. Энэ нь өмнөх өдрүүдээс харьцангуй ачаалал бага гэсэн үзүүлэлт юм. Тэгвэл баасан гаригийн орой хамгийн олон дуудлага хүлээн авч, ачаалалтай ажилладаг цагдаагийн алба хаагчид явган, нохой, мотоцикль, машинтайгаар нийслэлийн нутаг дэвсгэрийн 150 гаруй чиглэлд эргүүлд гарч, 400 гаруй дуудлага мэдээлэлд очжээ. Түүнчлэн хүн ам ихтэй, хэрэг зөрчил ихээр гардаг СХД-ийн III, IV хорооны нутаг дэвсгэрт шөнөдөө 15-30 дуудлага ирдэг байсан бол өнгөрөгч шөнө дөрвөн ахуйн хүрээний дуудлага ирсний дагуу зохих арга хэмжээ авчээ. Дээрх 101, 102, 103 утсанд ирсэн дуудлагын мэдээллээс харахад өнгөрсөн шөнө нийслэл хот урьд өмнөхөөс тайван хоножээ.
С.Отгон.
С.Отгон.