Монгол Улс саяхныг хүртэл Covid-19 цар тахлыг дотоодод алдаагүй цөөн улс орны нэг байв. Гэвч халдварын дөрвөн тохиолдол батлагдсан тул УОК-оос хөл хорио тогтоож, бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Харин иргэдийн тухайд амны хаалт бөөндөх, дэлгүүр, зах, худалдааны төвүүдийн лангууг хоослож, хүнсээ нөөцлөх дүр зураг ч ажиглагдав. Хямралын үед гуниглах, бачимдах, санаа зовох, будлих, айх, уурлах зэрэг сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн гэж эмч мэргэжилтэн, сэтгэл зүйчид үзэж буй. Гэхдээ халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, сэтгэлзүйгээ бэлдэх нь чухал хэмээн зөвлөж байгаа юм.
Дотоодод халдвар илэрсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны харьяа нэгж эмнэлгүүдийн Яаралтай түргэн тусламжийн дуудлага эрс нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоногт Эрүүл мэндийн яамны яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 2561 дуудлага ирж, 450 нь яаралтай тусламж, 1757 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 дугаарын утсанд бүртгэгдсэн дуудлага дөрөв дахин нэмэгдсэн байна.
Сэтгэцийн эрүүл мэндийн төв (СЭМҮТ)-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх хэлэхдээ “Иргэдийн дунд цар тахлын улмаас айж сандрах, будлих тохиолдол маш их ажиглагдаж байна. Хүнсээ нөөцлөж байна. Эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламжийн дуудлага ихэссэн.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 1800-2000 утсанд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл өчигдөр гэхэд ердийн үеийнхээс дөрөв дахин нэмэгдсэн. Нийт дуудлагын 90 гаруй хувийг Covid-19-ийн халдварын талаарх зөвлөгөө мэдээлэл байсан. Иргэдийн тухайд “Ойрын хавьтал болсон байж болзошгүй. Хаана хандах вэ" хэмээн мэдээлэл, зөвлөгөө авах нь ихэсч байна.
Үүссэн нөхцөл байдлыг харахад иргэдийн дунд мэдээлэл хангалтгүй байгаа учраас айж түгших нөхцөл үүссэн гэж харсан. Бид бүхэн өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш арван сарын хугацаа өнгөрсөн. Covid-19-өөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, олон хүн бөөгнөрсөн газар очихгүй байх юм. Тиймээс иргэд айж сандрахгүй, дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал. Иргэд аль болох тайван байдлаа хадгалах хэрэгтэй” гэлээ.
АЙЖ САНДАРЧ ИЧИХ БУС, ТАЙВАН БАЙЖ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЧУХАЛ
Цар тахлын үед сэтгэлзүйгээ хэрхэн бэлдэх талаар Сэтгэцийн эрүүл мэндийн төв (СЭМҮТ)-өөс дараах зөвлөмжийг өглөө.
- Цахим орчинд аль болох бага цаг өнгөрүүлэх, албан ёсны мэдээлэл авах
- Өөрт илэрч буй шинж тэмдгийн талаар 102 утсанд хандах. Шинжилгээ өгөх шаардлагатай гэсэн тохиолдолд эмнэлэг орох. Эмнэлэгт аль болох ачаалал үүсгэхгүй байх.
- Мэдээлэл дутмаг байх хэрээр айдас түгшүүр үүсдэг тул мэдээлэлтэй байх
- Халдвар авахаас айх эмээх, ойр дотнын хүмүүс өвдөх вий гэж санаа зовох зэрэг олон зүйлээс хамаарч айдас, түгшүүр үүсч болно. Хэт их санаа зовох нь дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөлдөг тул үнэн зөв мэдээлэл авах, тайван байх
- Уур бухимдлаа зөв зохистойгоор гаргах /амьсгалын дасгал хийх, тоо тоолох, уур бухимдал үүсгэж буй шалтгаанаа тодорхойлох/
- Ичиж зовох нь хоруу чанартай мэдрэмж. Өвдсөн хүмүүс өөрсдийгөө болон бусдыг буруутгахгүй байх нь чухал.
- Таагүй мэдрэмжээ хадгалах бус ойр дотны итгэдэг хүмүүстээ хуваалцах, бичиж тэмдэглэн, цаашлаад сэтгэл зүйчид хандаж болно.
- Хөл хорионы үед дуртай зүйлсдээ цаг гаргах нь чухал.
Цар тахлын үед айж сандрах, ичиж зовох нь вирусээс илүү аюултай, дархлаанд сөргөөр нөлөөлдөг тул аль болох тайван байх нь чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд онцоллоо.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ