Улсын онцгой комисс, Засгийн газраас Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг өнөөдөр (2020.11.12)-өөс эхлэн энэ сарын 22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Улмаар улс орон даяар тав хоногийн хатуу хөл хорио тогтоосон юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжид дурдсанаар:
1. Covid-19 цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээд, үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталж, дараах арга хэмжээг авч ажиллах,
1.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хавсралтад дурдсанаас бусад үйл ажиллагааг зогсоох,
1.2. Энэ захирамжийн хавсралтад заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээс бусад тээврийн хэрэгслийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах,
1.3. Нийтийн тээврийн үйлчилгээг тээвэр зохицуулалтын тусгай хуваарьт шилжүүлж, өглөө 06:00-10:00, орой 17:00-22:00 цагийн хооронд нийтэд үйлчлэхээр тогтоох,
1.4. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдааны газар (хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр)-ын ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хориглох,
1.5. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэд болон ажиллагсдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд дотоодын хяналт тавьж ажиллах,
1.6. Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтан албан хаагчдаа гэрээсээ цахимаар ажиллах боломж бүрдүүлж ажиллах,
1.7. Зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг нийт иргэд, оршин суугчдад уриалах" гэжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ