Ардчилсан нам (АН)-ын X дугаар Их хурал ирэх Даваа гаригт болохоор төлөвлөгдөж байсан боловч тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ. Учир нь Монгол Улсын Засгийн газар өчигдөр (2020.11.11)-өөс эхлэн улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах хуулийн дагуу тав хоног бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор 21 аймаг, 365 сумаас 1200 гаруй төлөөлөгч хуралдаа ирж оролцох боломжгүй болсон байна.
Тиймээс хурал хойшилсон гэдгийг АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсгийн ахлагч О.Алтангэрэл хэллээ. Уг хурлаар АН дүрмээ шинэчлэн батлах, мөн тус намын дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны шинэ гишүүдийг батламжлах байв.
АН-ЫН ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН ДҮРЭМД:
- ҮБХ-ноос санал болгосон 18 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан есөн нэр дэвшигчийг ДХХ-ны гишүүнээр батлана; ДХХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмблэгдсэн саналын дараалалаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож ҮБХ батламжилна.
- ҮБХ-ноос санал болгосон 23 хүртэлх тооны нэр дэвшигчдийг хэлэлцэн нууц санал хураалтаар авсан саналаар нь эрэмбэлэн хамгийн их санал авсан 11 нэр дэвшигчдийг ДоСХ-ны гишүүнээр батлана; ДоСХ-ны гишүүнээс орон гарсан тохиолдолд эрэмблэгдсэн саналын дарааллаар удаах нэр дэвшигчийг нөхөн сонгогдсонд тооцож, ҮБХ батламжилна.