Монголд анх удаа уулын дугуйн олон улсын тэмцээн зохион байгуулах гэж байна.
Монголын аялал, жуулчлалын тур оператор “Монголиа Экспедишнс” ХХК, Италийн “Прогета Авентура Ивэнти” (Progetto Avventura Eventi) компани, Монголын адал явдалт спорт, дугуйн аяллын холбоо хамтран Монголын дугуйн спортын түүхэнд анх удаа уулын дугуйн “Mongolian Bike challenge-2010” олон улсын уралдааныг зохион байгуулах гэж байна. “Mongolian Bike challenge-2010” уралдааны нээлтийн ажиллагаа маргааш өглөөний 09.30 цагаас Сүхбаатарын талбайд болох юм. Дэлхийн шилдэг уулын дугуйчдын Монголын бартаа саадтай замд хурд сорих энэхүү сонирхолтой уралдааны талаар “Цагаан барс” дугуйн клубын захирал, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер З.Наран, “Mongolian Expedition” компанийн захирал С.Алдархишиг нартай ярилцлаа.
-Уралдааныг зохион байгуулах санаа анх яаж төрж байсан бэ?
-Манай “Mongolian Expedition” компани аялал жуулчлалын салбарт, тэр тусмаа Монголд уулын аялал болон дугуйн аялалыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, говь, хангайн бүсэд хэд хэдэн удаа дугуйн аялал зохион байгуулж байсан юм. Гурван жилийн өмнө энэ уралдааныг зохио байгуулах санаа төрсөн гэхэд болно. Тэр үеэс хойш өнгөрсөн хугацаанд замаа сонгож, энэ зам дээрээ сонирхогчийн төвшинд зургаан удаа аялал зохион байгуулсан байгаа.
-“Mongolian Bike challenge-2010” олон улсын уулын дугуйн уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? Маргааш гараандаа гарах уу?
-“Mongolian Bike challenge-2010” олон улсын уулын дугуйн уралдааныг Ази тив, тэр дундаа Монголд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог. Ер нь энэ төрлийн 18 уралдаан Австрали, Африк, Өмнөд Америкт болдог юм. “Mongolian Bike challenge-2010” олон улсын уулын дугуйн уралдаан наймдугаар сарын 8-22-ны хооронд үргэлжилнэ. Оролцогчид энэ хугацаанд Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Архангай, Өвөрхангай гэсэн нийт таван аймгийн нутгаар элсэн манхан, өндөр уулс, цавчим хад, өргөн гол ус, уудам тал, ой мод хосолсон байгалийн үзэсгэлэнтэй, басхүү бартаатай газар орноор аагим халуун, аадар бороо, асгарах мөндөр, уулын хүчтэй салхи гээд цаг агаарын эрс тэс нөхцөлд уралдах юм. Уралдааны гараа Дундговь аймгийн Бага газрын чулууны уулаас эхэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум Эрдэнэ зуу хийдийн өмнөх талбайд шийдвэрлэх бариагаа хийснээр тэмцээний аваргууд тодрох юм. Нийт 18-32 нас, 33-42 нас, 43-52 нас, 51-ээс дээш насны ангилалд болон эмэгтэй дугуйн төрөл, хос дугуй гэсэн зургаан ангилалд шилдгүүдээ шалгаруулна.
-Тэмцээнд хэдэн орны, хичнээн тамирчин оролцож байгаа вэ?
-Дугуй уралдаанд маань Монгол, Испани, Герман, Польш, Швецари, Австри, Австрали, Чех, Хонгконг, Белги зэрэг нийт 11 орны 94 мэргэжлийн дугуйн клубын тамирчид оролцож байгаа. Үүнд Италийн алдартай дугуйчид Marzio Deho, Alex Bellini, Испанийн алдартай дугуйчид Roberto Heras, Josef Ajram нар оролцоно. Энэ тэмцээнийг бид цаашид жил бүр зохион байгуулж, цар хүрээг нь өргөн болгох тал дээр одооноос бэлтгэж байгаа. Ямар ч байсан эхний жил тамирчдаа хувийн амжилтаар нь уралдуулна. Харин дараа дараагийн жилээс багийн уралдаан болгон өргөжүүлнэ.
-Дугуйчид өдөрт хичнээн км замыг туулан уралдах вэ?
-Тамирчид өдөрт 100-120 км зай туулна. Уулын дугуйн уралдаан шулуун замын дугуйчныхаас илүү чадвар шаарддаг тул мэргэжлийн өндөр зэрэглэлийн дугуйчид ордог. Уулын дугуйн уралдах нөхцөл их хүнд шүү дээ. Шороо, элс, бартаа ихтэй зам гээд. Энэ уралдаан маань уламжлал болох юм бол “Tour the France” уралдааны хэмжээнд ч хүрэх боломжтой. Сайн зохион байгуулаад Монголыг сурталчлах тэдгээр тамирчдыг энд ирж уралдуулдаг болох том нөхцөл боломж нь манайд байгаа гэдэгт итгэж байна.
-Манайхаас хэдэн тамирчин оролцох вэ?
-Энэ жилийн хувьд монголоос 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Монголын дугуйн холбоо, Монголын уулын дугуйн “Цагаан барс” клубын мэргэжлийн арван тамирчин оролцоно. Манайхан гадаадын дугуйн уралдаануудад маш их мөнгө төлж оролцдог байсан бол одоо эх орондоо гадаадын тамирчидтай уралдах сайхан нөхцөл боломж бий болж байна гэж бид их баярлаж байгаа.
-Манайхан бэлтгэлээ хаана хийсэн бэ?
-Бэлтгэлээ уулын замд хийнэ л дээ. Тэрэлжид нэлээд бэлтгэл хийсэн. Гачууртаас Тэрэлж явахад 45 км байдаг. Уул, хад, бартаа ихтэй уулын дугуйн бэлтгэл хийхэд тохиромжтой л доо.
-Нууц биш бол санхүүжилтээ яаж шийдсэн бэ. Улсаас дэмжлэг үзүүлсэн үү?
-Тэмцээнд оролцож байгаа гадаадын тамирчдаас хураамж, төлбөр авна. Түүгээрээ тодорхой хэмжээний санхүүжилтээ бүрдүүлж байгаа. Хураамжгүй олон улсын тэмцээн байх боломжгүй л дээ. Харин Монголынхоо баг тамирчдаас эх орондоо хийж байгаа гэдэг утгаараа нэг ч төгрөгийн хураамж аваагүй. Манай уралдааныг БТСГ дэмжин, спортын мэргэжлийн байгууллага гэдэг утгаараа бидэнд зөвлөгөө өгч, туслалцаа үзүүлсэн.
-Оролцогчид эхнээсээ ирсэн байгаа юм байна?
-Тэгэлгүй яахав. Тамирчдын дийлэнх нь Монголд ирсэн байгаа.
-Хаана байрлаж байгаа вэ?
-“Баянгол зочид” буудалд. Гадныхан манай байгаль, цаг ууртай нэлээд танилцсан, сэтгэл их хангалуун байна лээ. Ер нь бол Монгол уулын дугуйн орон гэдгийг тэд сайн ойлгоод буцах байх. 3000 метрийн өндөртэй уулсаар аялж, уралдаад буцна гэдэг тамирчдын хувьд том сорил болно л доо.
-Телевизээр шууд хүлээн авч үзэх боломжтой юу?
-Уралдааны үйл явцыг C1, NTV телевизүүд газар дээрээс нь шууд дамжуулан нэвтрүүлэхээс гадна олон улсын телевизүүд мөн шууд дамжуулан дэлхийд цацахаар техникийн нөхцөл, боломжийг хангасан байна. Түүнчлэн мэдээллийн NEWS.mn сайт манай уралдааны мэдээллийг шуурхай дамжуулан хүргэх болно. Олон улсын нэр хүндтэй тэмцээний нэгд тооцогдож байгаа гэдэг утгаараа энэ уралдааныг маань гадаадын олон байгууллага, компаниуд ивээн тэтгэж, бидэнд тусалж байна. Тодруулбал, Италийн дугуй үйлдвэрлэгч “Nevi”, “Mecwor Precosoin” компаниуд болон “Selle SMP”, “Scicon”, “Geax”, “Rosti”, “Marazzi autotransorti”, “Teloneria Welding” гэж компаниуд байгаа. Харин Монгол улсаас “Бодь Даатгал” ХХК ивээн тэтгэж байгааг дашрамд хэлэхийг хүсч байна.
-Шагналын сангийн талаар хүмүүс сонирхож байгаа байх. Энэ талаар тодруулж өгөхгүй юу?
-Уралдааны шагналын сан нийт 15000 евро болж байгаа. Уралдааны явцад өдрийн гараа бүрт ялагч тодруулж, шагнал гардуулахаас гадна уралдааныг ерөнхий дүнгээр тэргүүлсэн нэг тамирчин буюу ялагч 5000 еврогийн үнийн дүн бүхий уралдааны тэмдэг болсон “Алтан Цом”-ыг эзэмших юм.
-Маргааш нээлтийн ажиллагаа болно. Энэ үеэр ямар арга хэмжээ болох вэ?
-Нээлтийн ажиллагаа өглөөний 09.30 цагт Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр та бүхэн дэлхийн олон орны шилдэг уулын дугуйчидтай танилцаж, уулын дугуйн спорттой танилцах бүрэн боломжтой. Харин орой нь 20.30 цагт “Баянгол” зочид буудлын “Баянгол” ресторанд “Mongolia Bike Challenge 2010” уралдааны “Алтан цом”-ыг хэвлэл, мэдээллийнхэнд танилцуулна.
-Ивээн тэтгэгчээр ямар байгууллагууд хамтран ажиллаж байгаа вэ?
-Гадаадын ивээн тэтгэчид бол Италийн дугуй үйлдвэрлэгч “Nevi”, “Mecwor Precosoin” компаниуд болон “Selle SMP”, “Scicon”, “Geax”, “Rosti”, “Marazzi autotransorti”, “Teloneria Welding” нар байгаа.
-Тэмцээний ялагчийг ямар шагнал хүлээж байгаа вэ?
-Шагналын нийт сан 15 мянган евро зургаан ангиллаар, зургаан категоритой. 16н номинациар шагнал гардуулна. Хамгийн том шагнал нь “Алтан цом”, шилдэгийн шилдэгийг Италийн “Nevi” брэндийн гар аргаар хийсэн титан дугуйгаар шагнана. Мөн ангилал тус бүрт шалгарсан дугуйчдыг 600 еврогийн ваучер, Италийн “Nevi” брэндийн дугуйн суудал, дугуйны уут зэрэг ивээн тэтгэгч байгууллагуудын шагналууд хүлээж байгаа.
Г.Даша