Америк төрийн “Бадамлянхуа” Камала Харрис

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Америк төрийн “Бадамлянхуа” Камала Харрис

Америк төрийн “Бадамлянхуа” Камала Харрис

"Ньюс агентлаг" долоо хоног бүрийн Пүрэв гаригт "Хүмүүс" булангаа хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн буландаа АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисыг онцолж байна.


АНУ-ын 59 дэх удаагийн ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 3-ны өдөр болж өнгөрсөн. Энэ удаагийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден илт давуу ялалт байгуулж, тус улсын 46 дахь Ерөнхийлөгч болох нь тодорхой болоод байгаа билээ. Түүний хувьд энэ удаагийн сонгуульд ялахад түлхэц болсон нэг шалтгаан нь өөрийн дэд Ерөнхийлөгчөөр өнгөт арьст эмэгтэйг сонгосон явдал байв. Тэр бол Калифорни мужийн сенатч Камала Харрис юм.

Олон үндэстэн ястны өлгий нутаг, сүүлийн үед арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж буй энэ цаг үед Камала Харрисыг дэд Ерөнхийлөгчөөрөө сонгосон нь Жо Байдены алсын хараа байв. Ерөнхийлөгчид ямар нэгэн зүйл тохиолдох, Төрийн тэргүүний үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд Камала Харрис түүний халааг авна. Ингэсэн тохиолдолд тэрбээр АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм.

Түүний эцэг ямайк, эх нь энэтхэг хүн бөгөөд АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй, тэр дундаа өнгөт арьстай, Ази, Африк гаралтай дэд Ерөнхийлөгч болж буйгаараа онцлог. Камала Харрис гэдэг нэр нь санскрит хэлээр “Бадамлянхуа” цэцгийг илэрхийлдэг аж.

Ардчилсан намын бадамлянхуа

Камала Харрис 1964 оны аравдугаар сарын 20-ны өдөр Калифорни мужийн Окланд хотод төржээ. Эцэг Дональд Харрис нь Ямайкаас гаралтай, Стэнфордын их сургуулийн эдийн засгийн ухааны профессор, эх Шьямала Гопалан нь энэтхэг хүн бөгөөд биологийн шинжлэх ухааны докторын зэрэгтэй хүн аж. Эцэг, эх нь Берклигийн их сургуульд анх учирсан бөгөөд тэгш эрхийн төлөө тэмцэгчид байсан тул Камала Харрис багаасаа л улс төрийн үйл явдлыг сонирхдог байжээ. Түүнийг долоо настай байхад эцэг, эх нь хоёр тийш болж, тэрбээр дүү Маяа Харристай хамт ээж дээрээ үлдсэн байна. Долоо хоногийн амралтын өдрүүдэд л аав дээрээ очдог байсан ба Маяа, Камала хоёр арьсныхаа өнгөөс болоод хөршүүдийнхээ хүүхдүүдтэй тоглож үзээгүй гэдэг.

Цагаач гэр бүлээс гаралтай, өнгөт арьст Камала хар арьстнууд голдуу амьдардаг дүүрэгт өссөн бөгөөд 1960-аад онд Калифорнид хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүнд цагаан арьстнуудын хүүхдүүд суралцдаг сургуульд орж, амжилттай төгссөн аж. Калифорнийн Их сургуулийн Хастингс хотын коллежийг төгсөөд, Ховардын их сургуульд элсэн суралцаж, хууль эрх зүйн докторын зэрэг хүртжээ. Их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, 2003 онд Сан-Францискогийн тойргийн прокуророор сонгогдож, 2011 он хүртэл энэ албаа хашсан байна. Дараа нь Калифорнийн Ерөнхий прокуророор сонгогдож, 2017 он хүртэл ажиллажээ.

Тэрбээр 2017 онд улс төрд орохоор сэтгэл шулуудаж, Калифорни мужаас АНУ-ын Сенатад сонгогдсон анхны өнгөт арьст гишүүн болов. Сенатын хувьд тэрбээр эрүүл мэндийн шинэчлэл, мансууруулах бодисын хэрэглээтэй тэмцэх, хууль бус цагаачдын иргэншилд хүрэх зам, халдлага үйлдэх зэвсгийг хориглох, татварын дэвшилтэт шинэчлэл хийх зэрэг асуудал дээр дуу хоолойгоо хүргэж, идэвхтэй ажиллаж байсан нэгэн. Тэр улс төрд орсон эхний жилээ л нам дотроо нэр хүндтэй болж, “Ардчилсан намын шинэ од” гэгдэж байв. Бүр Ерөнхийлөгчийн сунгаанд ч өрсөлдөж магадгүй талаар яригдаж байжээ.

Өөрийн хамтрагч Жо Байдентай үзэл бодол маш сайн нийлдэг Камала ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах, марихуаныг хуульчлахыг дэмждэг улстөрчдийн нэг. Мөн гадаад бодлогын тал дээр Жо Байдентай үзэл бодол нийцдэг бөгөөд АНУ-ын гадаад бодлогын чухал хэсэг нь хүний эрхийг дээдлэх дээр тулгуурлах ёстой гэж үздэг.

Гайхалтай сайн хойд эх, стиллэг хатагтай Камала

Түүний хувийн амьдрал ерөнхийдөө товчхон. Хуульч, улстөрч Камала 2014 онд мэргэжил нэгт Дуглас Эмхоффтэй гэрлэжээ. Түүний нөхөр өмнөх эхнэрээсээ хоёр хүүхэдтэй Камала Харристай нийлсэн бөгөөд Камала нөхрийнхөө хоёр хүүхэдтэй гайхалтай сайн харилцаатай байдаг. Үүнээс өмнө 1994 онд Камала 29 настайдаа өмнө нь Сан Франциско хотын захирагчаар ажиллаж байсан 60 настай Уилли Браунтай нэр холбогдож байв. Тухайн үед Уилли Браун эхнэрээсээ салсан байсан ба Камала, Уилли нарын харилцаа нэг жил орчим үргэлжилсний эцэст төгсгөл болжээ.

Маш эрч хүчтэй, цоглог эмэгтэй Камалагийн хувцаслалтын нэг онцлог нь тэрбээр албан ёсны арга хэмжээнээс бусад үед ийм кет өмсөхийг илүүд үздэг. Тэр дундаа “Converse Chuck Taylor” кет бол түүний өдөр тутмын хувцаслалтын салшгүй нэг хэсэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж